Шинэ, нарийн төмөр замын сураг

Zuv.mn
3 цаг 54 минутын өмнө

10 жил “гацсан” Гашуун сухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр зам хөдлөхөд ойртсон энэ үед одоо барьчихсан байгаа төмөр замыг “Тэртэй тэргүй хол зөрчихсөн учраас ашиггүй, дамжуулан ачихад өндөр зардал гарна, түүний оронд шинээр нарийн царигтай төмөр зам тавьсан нь дээр” гэсэн санаа цахим орчинд гарч ирсэн нь сонирхол татав. Одоо барьсан байгаа төмөр замыг ашиглахгүй хаяна ч гэж юу байх вэ. Гэхдээ ямар ч мэдээлэл хоосноос гардаггүй.

“Чайна энержи”-гийн тавьсан, худалдан авах нүүсрний хэмжээг жил бүр 20 сая тонооос доошгүй байлгах санал хил холболтын төмөр зам, дамжуулан ачих терминалын одоогийн нөхцөл байдлыг ганц “Эрдэнэс Тавантолгой”-д зориулагдсан мэт болгож орхисон нь гарцаагүй үнэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал өнгөрсөн долоо хоногт цахим хаягтаа “Тавантолгойгоос хил хүртэлх төмөр зам 30 сая тоннын чадалтай. Гэтэл хил холболтын ТЭЗҮ 20 сая тонноор хийгдсэн гэнэ. “Чайна энержи” 20 саяыг авчихвал цаана нь орон зай үлдэхгүй нь. Хамтарч ажиллах л юм бол үлдсэн 10 сая тонны төлбөрийг нь төлөөд тээвэрлүүлэх хэрэгтэй” гэж жиргэсэн.  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хүчин чадлыг ашиглалтад орох үед нь 10-50 сая тонн гэж байсан ч холбосон төмөр замаа 20 сая тонныг нэвтрүүлэхээр барьчихаар ямар хэрэг байх билээ.

Хэрвээ Ж.Золжаргал гишүүний хэлсэн үнэн бол ТЭЗҮ-г шинээр хийнэ /Зөрлөгийн тоог нэмнэ/ гэсэн үг. За энэ яах вэ гэхэд шилжүүлэн ачих терминалын хүчин чадал хангалтгүй гэдэг гарцаагүй үнэн. Нээлттэй мэдээллээр бол Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминалын хүчин чадал 24.9 сая тонн.

“Чайна энержи” манайхаас жилд 20,0 сая тонн нүүрс авна гэвэл цаана нь таван сая тоннын /мэдээж, ЭТТ-н нүүрсээс илүү өндөр үнээр зарагдах нүүрс/ л олон зай гарна гэсэн үг. Нэмье гэхэд хилийн цаана төмөр зам эзэмшигчтэй тохирох хэрэг гарна.

Өөрөөр хэлбэл, төмөр зам ашиглалтын талаар “Чайна энержи”-тэй ярих юм ихтэй болж байна. Түүхийн шоглоом гэж энийг л хэлэх байх.

2014 онд, “Чайна энержи”-г хульхидсан /Тэр үед Шенхуа энержи” нэртэй байсан/ “Гашуунсухайтын төмөр зам” хамтарсан компанийн 51 хувийг Монголын нэр бүхий гурван компани, 49 хувийг “Шенхуа энержи” эзэмшиж байсан. Хятадын тал цаад талаас Ганц мод руу нарийн царигтай төмөр замыг нэг жилийн дотор тавьж, холбох үе ирэхэд манайд царигийн маргаан дэгдсэн түүхтэй. Дэгдээсэн хүн нь болох УИХ-ын Х.Баттулгыг тухайн үед “Эм Си Эс”-ийн Ж.Оджаргалтай бизнесийн өрсөлдөөнөөс илүү, өс хонзон гэмээр ширүүн өрсөлддөг талаар гаднын хэвлэлд бишгүй бичдэг байв. Хэрвээ тэр үед царигийн асуудлбыг Ж.Оджаргалаас л болж гаргаж тавьсан гэж үзвэл “Чайна энержи”, “Эм Си Эс”-ийн харилцаа одоо ч муугүй байх учиртай.

“Чайна энержи” гэрээгээр худалдан авах /алсдаа манайд ашиггүй ч байж мэдэх/ нүүрсний хэмжээгээ одоо байгаа дэд бүтцийн хүчин чадалд тулгаж өгч байгаа нь манайд нөөц хувилбар байх ёстой гэдэг сэтгэгдэл төрүүлэхийн тулд байж ч мэднэ. Хэрвээ тийм бол Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандалын боомтын сэргэлттэй зэрэгцээд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай шинэ төмөр замуудын асуудал яригдах нь бараг тодорхой. Хувилбарууд бий. Учир нь, бид коксжих нүүсрнээс гадна эрчим хүчний нүүрсээ гаргах зайлшгүй шаардлагатай, үүний тулд тээврийн зардлыг багасах ёстой юм.      



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.71
    19 минутын өмнө

    Нарийн царигаар хувийнхаа дор нь барьчихсан чадна

    Хариулах