Мэдээллийн Зөв.мн сайт "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн зорилттой уялдуулан хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг, Хангайн бүсээс Говийн бүс рүү ус хоолойгоор хүргэх Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслийг танилцуулж байна.
Усны нөөцөө 45 дугаар өргөргийг давуулах шаардлага буюу төсөл хэрэгжүүлэх шалтгаан
Хамтарсан Засгийн газар эдийн засгийн гурван тулгуур болсон уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийг дараагийн шатанд гаргах мөрийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ зорилтыг хангахад эрчим хүч, зам тээврээс гадна усны эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. 14 мега төсөл энэ гурван хэрэгцээг хангах зорилготой бөгөөд Орхон-Онги, Хэрлэн-Тоонот нь уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийг дагаж өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангах зорилготой юм.
Гадаргын ус хуримтлуулж ашиглах замаар гүний усны хэрэглээг багасгах төслүүдийг Засгийн газар 2019 онд “Хөх морь” нэр дор нэгтгэсэн. Төслийн хүрээнд Монгол орны 12 гол дээр 33 ус нөөцлүүр барьж, говийн болон аж үйлдвэржсэн бүс рүү татах бөгөөд Орхон-Онги, Хэрлэн-Тооно бол дээрх төслүүдийн зөвхөн хоёр нь юм. Засгийн газар 14 мега төслийг сонгохдоо эрэмбэлсэн тул ач холбогдол хамгийн өндөр гэж ойлгож болно. Түүнчлэн, ирэх дөрвөн жилд хэрэгжих Эрдэнэбүрэн УЦС, Эгийн голын УЦС, Унгараас хөрөнгө оруулалт нь шийдэгдэхээр болсон Байдрагийн голын УЦС бүгд "Хөх морь" төсөлд орж байгааг дурдах хэрэгтэй.
“Хөх морь”-ийг бүхэлд нь харвал нийгэм, эдийн засгийн том, иж бүрэн төсөл бөгөөд Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөлд энэ амин чанар нь мөн ижил хадгалагдана.
Тодруулбал, зөвхөн уул уурхай биш, 2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр 76.9 хувь нь цөлжсөн, сүүлийн 30 жилд мал сүргийн тоо толгой 3 дахин нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрсэн, дэлхийн дулаарлын нөлөөгөөр Монгол орны томоохон голуудын урсац эрс багасаж, жижиг гол, горхи, нуур цөөрөм ширгэж, голуудын эрэг татам дагуух экологийн тэнцвэрт байдал алдагдсан зэрэг нөхцөл байдлыг эерүүлж, улс даяар хөгжлийг жигд хангах боломж олгох юм.
“Сайншанд АҮП”-ийг хангахаар төлөвлөсөн ч дөрвөн аймгийг тэтгэх Хэрлэн-Тооно төсөл
Орхон-Онги төслийн ТЭЗҮ-г Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн хүрээнд “Бүс нутаг хооронд ус тээвэрлэх боломжийн судалгаа, техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах” гэсэн нэртэйгээр 2013-2014 онд “Монхидроконстракшн” ХХК боловсруулжээ.
Үүнээс гурван жилийн дараа буюу 2017 онд Хэрлэн гол дээр урсацын тохируулга хийх тухай Засгийн газрын 232 дугаар тогтоол гарч, Хэрлэн гол дээр боомт байгуулж хиймэл нуур буюу усан сан үүсгэх тохиромжтой газрын судалгааг Хэрлэн-Улаан үзүүр, Хэрлэн-Тооно уул гэсэн хоёр газарт судалгаа хийж Хэрлэн-Тооно уулыг сонгосон байна.
Төслийн хүрээнд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Тооно уулын дэргэд 2400 м урт, 40 м өндөр шороон боомт байгуулж, 1.6 тэрбум.м3 багтаамжтай усан сан үүсгэнэ. Ингэснээр тус усан сангаас жил бүр 120–130 сая.м3 усыг олон зориулалтаар авч ашиглах боломжтой болох юм. ТЭЗҮ-д бичсэнээр, усан сангаас Сайншандын аж үйлдвэрийн парк хүртэл 235 км урт, 800 мм-ийн диаметртэй хос зөөлөн ширмэн хоолой татаж, усыг хоёр удаа өргөж хүргэнэ гэжээ.
Төсөл хэрэгжсэнээр Хэрлэн голын олон жилийн дундаж урсцын 5-9%-ийг говийн бүсийн зүүн хэсэг рүү татаж, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн хүн ам, мал, аж ахуй, үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээг чанар сайтай усаар бүрэн хангах юм. Мөн Хэнтий аймагт 5000 га хүртэл усалгаатай тариалан эрхлэх, Байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрт 80 гаруй тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх боломж бүрдэнэ гэж тооцож байна.
Мөн Хэрлэн-Тооно Усан санг ашиглан 6-7 МВт хүчин чадал бүхий усан цахилгаан станц байгуулж жилд 35.0-40.0 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн бүс нутгийн хэрэгцээнд зориулах боломжтой.
Говийн бүсэд шинээр байгуулах хот суурин, хүн ам, мал аж ахуй, газар тариаланг усаар хангах, байгаль экологийг нөхөн сэргээх хамгаалах зориулалтаар ашиглах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон асуудлуудыг хамтад нь шийдвэрлэхэд энэ төсөл туйлын чухал юм.
Төслийн явц: Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.6 их наяд төгрөг шаардлагатай. Үүнээс ТЭЗҮ-ийн тодотгол, ажлын зураг төсөл, төсөв хийх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэх гурван сая ам.долларын санхүүжилтийг “Эрдэнэс-Оюутолгой” ХХК-тай хамтран шийдвэрлэжээ. Улмаар өнгөрсөн долдугаар сарын 2-нд ТЭЗҮ тодотгох ААН-ийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, уг ТЭЗҮ-г анх боловсруулсан “Монхидроконстракшн” ХХК-ийг шалгаруулан өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллаж эхэлсэн байна.
“Оюутолгой” тэргүүтэй уул уурхайн компаниудын гүний усны хэрэглээг зогсоох Орхон-Онги төсөл
Манай улсын уул уурхайн ихэнх том төслүүд өргөргийн 45 градусаас урагш буюу гадаргын ус хомс өмнийн говийн бүсэд байрлаж байгаа билээ. Эдгээр төслүүд нь үйл ажиллагаандаа гүний ус ашигладгаас хөрсний ус доошилж, бүс нутгийн хэмжээнд байгаль орчин доройтох шалтгаан болж буй. Орхон-Онги төсөл нь Онги голын урсцыг тэтгэх, Улаан нуурыг сэргээх, хүн ам, газар тариалан, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахад шаардагдах гадаргын усыг хуримтлуулж, ашиглах зорилготой төсөл юм.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг 2019-2020 онд боловсруулж Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төв, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны нөөцийн зөвлөлөөр батлуулжээ.
ТЭЗҮ-д тусгаснаар, Орхон, Онги голууд дээр 663 сая м3 эзлэхүүнтэй ус хуримтлуулах хоёр усан сан /Орхон 598 сая м3, Онги 65 сая м3/ барих ба Орхон голоос Мандал-Овоо сумын Улаан нуур хүртэл 307 км ус дамжуулах далд шугам хоолойг 5-8 жилд барьж байгуулахаар төлөвлөсөн байна.
Улаан нуур.
Тус бүс нутагт дахь нийт усны эрэлт нь 2019 онд 20.61 сая.м3/жил байсан бол 2030-2050 онд 3.3- 3.4 дахин өсөх тооцоо гарсан ба төсөл хэрэгжсэнээр жилд 12.8-25.2 сая.м3 усыг өмнөд говийн бүс рүү дамжуулж, гадаргын усаар хангах боломж бүрдэнэ.
Төсөл хэрэгжсэнээр Онги гол болон Улаан нуурыг сэргээж, усны төвшин тогтворжиж, нийгмийн хувьд Онги голын дагуу оршин сууж буй 29.2 мянган хүн ам, 230 гаруй мянган толгой мал сүргийг гадаргын усаар хангах боломж бүрдэх юм. Түүнчлэн агаар, хөрсний чийгшил, газрын доорх усны тэжээгдэл нэмэгдэж, нуурын орчны бүсийн экосистем, биологийн олон янз байдал бүхэлдээ сэргэж, хөрсний элэгдэл эвдрэлд орох нөхцөл багасаж, цөлжилтийг бууруулан өнөө болон ирээдүй хойч үеийнхний сайн сайхны төлөө эерэг олон үр дүнг бий болох бөгөөд төслийн нийт өртөг 1.1 их наяд төгрөг болно.
Онги голын ай савыг сэргээж, амьдралын таатай орчин бүрдүүлнэ
Орхон-Онги төсөл нь уул уурхайн гүний усны хэрэглээг багасгахаас гадна ширгэж үгүй болсон Улаан нуурыг сэргээх, устан үгүй болж буй Онги голын ай савыг сэргээх зорилготой. Улаан нуур нь их нууруудын хөндийн хамгийн зүүн талд байх, 1995 оноос хойш ширгэж үгүй болсон нуур юм. Ширгэсэн шалтгаан нь, 1993 онд “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд нуурыг тэтгэгч Онги голын эх дээр алт олборлолт явагдаж, улмаар нөхөн сэргээлт явагдаагүйгээс урсацын тэнцвэр алдагдан, голын ус татарч, Улаан нуурт хүрэхээ больсонтой холбоотой.
Онги голын урсацыг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэх ажлууд, хөрөнгө оруулалтын хэмжээ
Онги-Цагаанбургастайд 65 сая м3 эзлэхүүнтэй ус хуримтлуулах 1 усан сан барих ба Онги голоос Мандал-Овоо сумын Улаан нуур хүртэл 236 км ус дамжуулах далд шугам хоолойг барина. Үүнд 3-5 жилийн хугацаа, 416.3 тэрбум төгрөг /122.4 сая.ам доллар/ шаардагдана.
А. Ажлын зураг төсөл боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх
Б. Ус нийлүүлэх, дамжуулах хоолойн ажлын зураг хийх, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх ажлын зардалд нийт 4.0 тэрбум төгрөг
Орхон-Онги төсөл хэрэгжсэнээр Онги гол болон Улаан нуурыг сэргээж, усны төвшин тогтворжиж, нийгмийн хувьд Онги голын дагуу оршин сууж буй 29.2 мянган хүн ам, 230 гаруй мянган толгой мал сүргийг гадаргын усаар хангах боломж бүрдэх юм. Түүнчлэн агаар, хөрсний чийгшил, газрын доорх усны тэжээгдэл нэмэгдэж, нуурын орчны бүсийн экосистем, биологийн олон янз байдал бүхэлдээ сэргэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна