Монгол түмний уламжлалт сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд хот, хөдөөгүй хөдөлгөөн ихтэй байна. Иргэд цагаан сарын бэлтгэлээ хэдэн төгрөгөөр, хэрхэн базааж буй талаар сурвалжлахаар Хархорин захыг зорилоо.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүнийн үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс 9.6 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн газраас мэдээлсэн. Бараа бүтээгдэхүүнийн үнэ өдрөөс өдөрт өсч буй нөхцөл байдал иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөө үзүүлж байгааг худалдаа эрхлэгчид хэлж байгаа юм.
Тэр дундаа үндэсний уламжлалт баяртаа ихээхэн ач холбогдол өгдөг ахмадуудад хүнд тусч буй нь лангуу тойрон хүнс, барааны үнэ асууж, хямд төсөр үнэтэйг нь шилж, сонгож яваагаас тод харагдана.
Жил бүр амар мэндийг нь асууж, зочлох үр хүүхэд, ах дүүсээ хэрэндээ л хүндтэй хүлээж авах хүсэлтэй тэдэнд санхүүгийн дарамт, бэрхшээл учрах нь нэмэгдэж байгааг өгүүлж байлаа.
Ахмад настан Н: Цагаан сарын бэлтгэлээ бага багаар хийж байна. Энэ жил шаардлагатай бараа, бүтээгдэхүүн авахад дор хаяж, 2-3 сая төгрөг зарцуулахаар байна. Үнэндээ санхүүгийн хувьд хүнд тусч байна. Тэтгэврийн хэдэн төгрөг хаанаа ч хүрэхгүй л байна. Энэ жил бараа бүтээгдэхүүнийн үнэ арай дэндүү нэмэгджээ. Бараг нэг нугалсан байна. Тэтгэврийн зээл авахгүй бол шинэлэх аргагүй л болжээ. Жилээс жилд авах юмаа багасгаад л байхад ч хүндхэн тусч байна.
Үхрийн мах кг нь 22-23 мянган төгрөг болчихсон, ул боов ширхэг нь 6000-7000 төгрөг болсон байна. Нэг гараад тор дүүрэхгүй л хэдэн цаас нь дуусаад харьж байна. Гэсэн ч уламжлалт баяр учраас чадахаараа болгоод шинэлнэ дээ.
Ахмад настан З: Сар шинийн бэлтгэлд хоёроос дээш сая төгрөг л орох юм шиг байна. Манай хувьд хүнд л тусч байна. Нэг сая төгрөгт багтаах гээд үзэж байна. Хаана арай хямд байна гээд л тойроод явж байна. Бусдын жишгээр тэмдэглэчих санаатай тэтгэврээ зээлж байж л шинэлэх нь. Ахмадууд бид чинь эмийнхээ мөнгийг л арай гэж аргалж байна шүү дээ. Хэдэн хүүхдүүд дэмнэж байж л хүн шиг шинэлэх нь. Сар шинээрээ ах дүү, хамаатан садандаа гайгүй харагдмаар байвч энэ байдлаараа барахгүй нь. Би хоёр жил шинэ дээл өмсөж чадсангүй. Юмны үнэ тэнгэрт хадсан байна. 100.000 төгрөгтэй гарч ирээд хоёр кг чихэр, таван оймс аваад 500 төгрөгтэй л үлдлээ.
Мань мэт нь яах вэ. Үр хүүхдүүддээ дарамт болоод л ингээд шинэлдэг юм байж надаас хэцүү байдалд байгаа хүмүүс байгаа шүү дээ" хэмээн ярилаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна