Баялгийн дахин хуваарилалт: Эерэг, сөрөг талууд

Х.Батсайхан
7 цаг 1 минутын өмнө

Засгийн газар Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эзэмшиж буй ААН-үүдтэй хэлэлцээр хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлыг эхлүүлээд байгаа билээ. Энэ ажлыг хариуцаж хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан томилогдоод буй.

Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ олон ноцтой баримтуудыг дурдаж, ойрын ирээдүйд өрнөх үйл явцуудыг ерөнхийд нь зурагласан гэж хэлж болно. 

Тодруулбал, Засгийн газар ААН-үүдтэй маш хурдан хугацаанд тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байгаа бөгөөд үүний тулд тодорхой шахалтуудыг үзүүлэх юм байна. 

Харамсалтай нь, Ж.Батзандангийн амаар илэрч гарсан “Болохгүй бол 100 хувь төрд авна шүү” гэдэг сүрдүүлгийн цаана чухам ямар үр дагавар байж болох вэ гэдэгт олон нийтийн санаа бодол төдий төвлөрөхгүй байх шиг. Төвлөрөөд үзье.

Эерэг тал: Ард түмэн байгалийн баялгаасаа хувь хүртэх эрхтэй

Монгол Улс баялагтай. Ард иргэд нь эн баялгаасаа төсвөөр дамжуулж хувь хүртдэг. Одоо харин өмнөх нийгмийн үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуулж хийж нөөц тогтоосон ордуудынхаа тодорхой хэсгийг эзэмшиж, ноогдол ашиг хэлбэрээр, гэхдээ бэлэн бусаар хувь хүртэх асуудал яригдаж байна. Энэ бол түүхэн ажил мөн. Баялгийн санд хуримтлагдсан хөрөнгө иргэдийн ирээдүйг баталгаажуулж, илүү боломжтой амьдрах бололцоо бүрдэнэ.

Алсдаа эрүзүл мэнд, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл хийгдэж, нэрийн дансаа мөнгөжүүлэх, түүнийгээ барьцаалан илүү сайхан амьдрах боломж ч бүрдэнэ. Гэхдээ энэ боломжийг хэн бүрдүүлж чадах вэ гэдэгт бидний хариулт нэг байх учиртай. Өөрөөр хэлбэл энэ бүх сайхан төсөөллийг ажил хэрэг болгох Стратегийн ордуудыг хэн удирдаж, ашигтай ажиллуулж чадах вэ гэдэг бидний анхаарлаа хандуулах гол асуудал юм.  

Сөрөг тал: Ард түмний өмч, байгалийн баялгийг ашиггүй ажиллуулах эрх төрд ч байхгүй

Баялгийн дахин хуваарилалт явуулж, хувийн өмчийг нийгэмчлэх нь улс орнуудад өмнө нь байсан л үзэгдэл. Ялангуяа хувь хэмжээ их байх тусам олон нийтэд таалагддаг талтай. Ард иргэд өөрсдийгөө төр гэж эндүүрдэг, тийм ч учраас “100 хувь төрд авах” гэдэг сайхан сонсогдох нь мэдээж хэрэг. Гэвч аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний газар, байгалийн нөөцийг ашиглаж байгаа уул уурхайн компаниудын ард түмэнд хүртээх үр ашиг, өгөөжийг ашигт ажиллагаа буюу төсөвт төвлөрүүлж буй орлогоор нь дүгнэдэг гэдгийг мартаж болохгүй. Хэн, хэрхэн, хэний талд ажилуулах вэ гэдэг үүнд маш чухал.

Дөрвөн тэрбум гаруйхан төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, улсын төсөвт орлого төвлөрүүлдэггүй /Төсөв гэдэг нь та бидний цалин, тэтгэвэл, боловсрол, эрүүл мэндэд зарцуулах мөнгө шүү дээ/ Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийг “Кью Эс Си” менежментээр авч хөрөнгө оруулалт хийгээд 10 жилийн дотор төсөвт жилд 80 тэрбум төгрөг төлдөг болгосон жишээ бий. Дарханы төмөрлөгийн үйлдвэр “Төрд байгаа” буюу өөрийнхөө эзэмшилд байгаа мэтээр эндүүрэх, хувийн хэвшлээр менежмент хийлгээд төсвөөр дамжуулж нийгмийн асуудлаа шийдэх хоёрын аль нь дээр байна вэ. Одоо явах гэж байгаа баялгийн дахин хуваарилалтыг яг энэ талаас нь буюу менежментийг хэнд үлдээх вэ гэдэг талаас нь илүү харах ёстой гэдэг санаа ч эндээс үүдэлтэй юм.  

Төр 100 хувь эзэмшинэ, 51 хувь эзэмшинэ гэдэг бол шууд утгаараа менежментийг нь хариуцна гэсэн үг. Гэтэл төр өөрөө сайн менежер мөн бил үү.

Өнөөдөр манайд Төрийн өмчийн 120 гаруй, орон нутгийн өмчит нийлээд 500 гаруй компани бий гэдэг. Эдгээр компаниуд нийлээд хувийн хэвшлийг хэд нугалсантай тэнцэх их хөрөнгө, байгалийн нөөцийг эзэмшдэг. Зөвхөн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө нь нийлээд 64.2 их наяд төгрөгт хүрсэн. Гэвч улс орны эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг нь тооцвол маш чамлалттай. 

ТӨХ-нд тайлангаа ирүүлдэг 99 компанийн 40 хувь нь өр төлбөр, хөрөнгийн харьцаагаар эрсдэлтэй, ердөө таван хувь нь улсын төсөвт орлого төвлөрүүлдэг, бусад нь алдагдалтай ажиллаж татаас авдаг гэжээ.

Алдагдалтай ажилласан 90 гаруй компанийн есөн компани нь 971.9 тэрбум төгрөгийг “Үр дүнгийн урамшуулал” нэрээр удирдлагууддаа олгочихсон байх жишээтэй. Үр дүн нь юу юм бол гээд үзэхээр “Алдагдал бууруулсан” гэнэ. Одоо ийм болж байгаа ч юм биш. “ТӨК үр дүн, алдагдал бууруулсан” гээд гүүглээр хайлт хийхэд “Төрийн өмчит компаниудад аудитын алба, хуулийн зөвлөхүүдийг ажиллуулснаар 2012 онд 14 компани 51 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсныг 10-аад тэрбум төгрөгөөр бууруулж чадсан” гэсэн мэдээ гарч ирж байх жишээтэй.   

ТӨК-иудын шинэчлэлийн хүрээнд олон нийтэд ил болгосон 2023 оны статистик мэдээлэлд “2023 оны жилийн эцсийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 99 хуулийн этгээдийн ашиг, алдагдлыг багцалж нийт цэвэр ашгийн дүнгээр үзэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Монгол” хөдөө аж ахуйн корпорац, Төрийн банк нийлээд 4.75 их наяд төгрөгийг,  бусад 51 хуулийн этгээд 380 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ. Үлдсэн 43 хуулийн этгээд нь алдагдалтай ажилласан ба алдагдлын нийт хэмжээ 150 тэрбум төгрөгт хүрсэн байна” хэмээн тодорхой бичсэн байна. Ийм найдваргүй гарт Стратегийн ордуудаа өгч болох уу. 




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.70.44.46
    3 цагийн өмнө

    ОТ хулгайчаасаа ТЗасаг эхлээд ард түмний хувь бас аваадахаач, тэгээд үндэсний компаниудаасаа авах хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.191.165
    4 цагийн өмнө

    Ордуудыг өнгөрсөн хугацаанд ашиглаж олсон ашгийн тодорхой хувийг заавал авч ард түмэнд олгох хэрэгтэй

    Хариулах
  • 124.158.108.67
    4 цагийн өмнө

    Төр засаг ямагт хулгайч. Төр засаг ямагт хоноцын сэтгэлтэй. Төр засаг хэзээ ч луйварчин. Тийм учраас хувийн хөрөнгийг нийгэмчлэх хэрэггүй.

    Хариулах
  • 122.201.31.116
    4 цагийн өмнө

    zandan nohoi boroonoor gj

    Хариулах
  • 59.153.115.250
    4 цагийн өмнө

    Х.Батсайхан сэтгүүлч гуай Ж.Батзандан хэзээ УИХ-ын гишүүн болчих воо?

    Хариулах