МУГЖ Т.Борхүү: Цагаан сараар аав, ээжийгээ их үгүйлдэг

Х.Есү
Өчигдөр 08 цаг 54 минут

XVII жарны элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн баярын дугаартаа Монгол улсын гавъяат жүжигчин Т.Борхүүг урьж оролцууллаа. Түүний хувьд цагаан сарын мартагдашгүй нандин дурсамж, өв соёлын талаар бидэнтэй ярилцлаа.

Сайн байна уу та? Сайхан шинэлж байна уу?

-Энэ билигтэй сайхан өдөр үзэгч түмэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе.

Цагаан сар гэхээр хамгийн түрүүнд юу бодогддог вэ?

-Цагаан сар гэхээр надад хамгийн түрүүнд аав ээжтэйгээ айлуудаар золголт хийж байсан үе л шууд санаанд орж байна. Их сайхан шүү дээ. Цагаан сар гэдэг маань үндэсний их чухал баяр шүү дээ. Ах дүү хамаатан садан, найз нөхөд, удаан уулзаагүй хүмүүс уулзаж учирдаг их сайхан баяр.

Миний үед энэ чихэр боов чинь одоогийнх шиг ийм элбэг дэлбэг байгаагүй. Тэгээд л цагаан сараар аав ээжтэйгээ хамт айл хэсээд л чихэр боов цуглуулаад явна шүү дээ.


Цагаан сарын баяраар авч байсан хамгийн гоё бэлэг нь юу байсан бэ?

-Хамгийн гоё бэлэг гээд ярихаар нэг зүйл их бодогддог юм. Тэр нь юу вэ гэхээр би багадаа нэгдүгээр ангидаа Оросоо гээд айлд очиж байлаа. Гэхдээ нэлээн л орой шинийн 4,5 хавьцаа очсон юм. Айлдаа ороод л цай хоолоо идчихээд байж байсан чинь айлын хүмүүс л яана аа бэлэг өндөрлөчихсөн байхад хүрээд ирдэг за яах вэ чамд би дараа нь дэвтэр харандаа өгнө өө гэхээр нь их баярлаж байсан юм. Миний үед чинь дэвтэр харандаа их ховор, олддоггүй байлаа. Гэхдээ юу гэж тэр айл дараа нь надад дэвтэр харандаа өгөх гээд хөөцөөлдөөд явж байх вэ дээ.

Тэгсэн мөртөө би одоо болтол нэг хүнээс дэвтэр харандаа авах ёстой доо гэж бодсоор л байдаг. Тийм учраас хүүхдэд ерөөсөө худлаа хэлж болохгүй гэдэг бодлыг байнга боддог болсон.

Айлаас авч байсан хамгийн гоё бэлэг нь домбон чихэр, дэвтэр харандаа л байлаа шүү дээ. Домбон чихэр гэдэг нь одоогоор бол 2-3 ёотон нийлүүлчихсэн юм шиг, мөсөн чихэр маягийн зүйл байдаг байсан юм.

Цагаан сар болохоос өмнө манай нутгаар аянчид их явна.  Аянчид тэмээндээ ачаа бараагаа ачаад л ирнэ. Түүнийг харах их гоё байдаг байж билээ. Тэмээн хөсгөө тосож гүйгээд л чихэр боов үздэг байлаа.

Таны хувьд ямар цагаан сар хамгийн гоё вэ?

-Аав ээжтэйгээ яг өсөх насандаа өнгөрүүлсэн цагаан сар хамгийн гоё. Хүүхдийн сэтгэл гэдэг чинь цагаан цаас шиг маш ариухан. Тэр гэр орны асуудал, өөр бусад зүйлс болж байна уу, болохгүй байна уу ер хамаагүй. Цагаан сарын шинийн нэгний өглөө малд явах л хэцүү байдаг байсан даа. Гэхдээ яах вэ явна даа гээд л явдаг байж билээ.

Манайх их өргөн шинэлдэг байсан. Би багадаа сумын төвийн бүх айлаар орно. Эргээд сумын төвийнхөн манайд бүгд ирнэ. Одоо болохоор би чинь нас дээр гарчихсан. Над дээр  ирж золгох олон хүнтэй болсон байна.

Цагаан сарын баярыг үр хойчдоо уламжилж үлдээх ёстой гэцгээдэг. Өв уламжлал, ёс заншлаа үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээх нь хэр чухал вэ?

-Монгол хүн л юм бол өөрийнхөө үндэснийхээ соёлыг мэдэж байх ёстой байхгүй юу. Үндэснийхээ соёлыг мэдэхгүй бол өөр өөрийгөө танихгүй болно л гэсэн үг. Монгол хүн гэдгээ мэдэхгүй болно оо л гэсэн үг. Ялангуяа энэ олон баяр наадам дотроос цагаан сарын баярыг зайлшгүй тэмдэглэх ёстой гэж боддог.


Цагаан сар болно гэхээр адаглаад наад зах нь хүн шинэ хувцас авч өмсөөд, гэр орноо цэмцийтэл цэвэрлэнэ биз дээ. Малчид бол хашаа хороогоо цэвэрлэнэ, адуу малынхаа дэл үсийг сайхан засчихна. Энэ соёлыг орхино гэдэг чинь л амьдралаас тасраад, Монгол гэдэг үндсээ байхгүй болгоно л гэсэн үг шүү дээ.

Хүнийг хүндлэх маш том ёс зүйн асуудлууд ч цагаан сарын баярт шингэсэн байдаг шүү дээ.

Танд аав ээж нь юу гэж захиж сургадаг байв?

-Манай ээж хэрвээ чи ажил дутуу хаявал толгойд чинь ял болно гэж хэлдэг байсан. Одоо бодохоор үнэн л дээ. Хүн ямар нэг зүйл хийж байгаад дутуу орхихоор байнга бодогдоод дараа нь заавал нөхөж хийх болдог байхгүй юу.

Тиймээс миний ээж дутуу хаясан ажил толгойд ял болдог гэдэг үгийг л хатуу сануулж үлдээсэн дээ.

Цагаан сар болохоор аав ээж настан буурлуудаа их санаж үгүйлдэг. Аав ээждээ хийж өгч чадаагүй, тэр үед тэгэх минь яав даа гэж бодож харамсдаг зүйл байдаг уу?

-Миний аав намайг дэндүү жоохон дөрөвдүгээр ангид байхад өөд болсон. Харин ээж маань намайг оюутан болсон хойно өөд болсон. Тэр үед өөрийнхөө чадлын хэмжээгээр би ээжийг асарч байсан. Хэдийгээр 100 хүртэл наслуулж чадаагүй ч гэсэндээ би өөрийнхөө хэмжээнд асарч тойглосон болохоор бага харамсдаг. Хүн ирэх нь сайхан ч буцаад явдаг нь байгалийн хууль.


Би аавынхаа өврөөс гардаггүй, ааваасаа салдаггүй хүүхэд байсан л даа. Ачийг нь хариулж даанч чадаагүй дээ гэж харамсдаг. Дэндүү жоохон хүүхэд байсан болохоор яаж ч чадаагүй дээ. Гэхдээ аав ээж минь одоо тэнгэрээс хараад охин минь сайн явж байна даа гэж бодоод баярлаж байгаа байх.

Ярилцлагынхаа төгсгөлд та үзэгч түмэндээ хандаж сайхан ерөөлөө хайрлаач.

-Өнөөдөр их сайхан байна. Энэ сайхан уламжлал болсон сар шинийн баяртаа малчид, тариаланчид, ажилчид гээд Монголын минь ард түмэн минь сайхан шинэлээрэй.

Урт насалж удаан жаргаарай. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.86
    Өчигдөр

    Ёстой гоё нүдэнд дулаахан жинхэнэ монгол ээжийн дүр төрхийг агуулсан их сайн жүжигчин эмэгтэй.Энэ хүний бүтээсэн дүр шууд л буудаг аливаа дүрийг их гоё урнаар урладаг мундаг жүжигчин Өвөрмонголд урилгаар очиж кинонд тоглосон би Хүүкэд хэльеэнэ эгчид МУАЖ цолыг нь өгчихөөрэй

    Хариулах