Албан тушаалтнуудын бэлгийн дарамтаас болж эмэгтэйчүүд хохирсоор байх уу

Х.Батсайхан
2024/11/20

Зургийн тайлбар: Зүүн гар талаас Мандал сумын Засаг дарга Л.Мөнхбат, Үндсэн хуулийн шүүхийн дарга асан, одоо Хонконгод суух Консулаар томилогдохоор болсон Д.Одбаяр

-МАН Эрүүгийн хуулиас авч хаясан 12.4 "Бэлгийн дарамт үзүүлэх" заалтыг сэргээе-

Хэдэн жилийн өмнө Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр тус улсад зорчоод буцахдаа бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдон олон нийтийг шуугиулж байсан билээ. Дараа нь Баян Өлгий аймгаас УИХ-ын гигшүүнээр сонгогдсон Д.Мурат Х.Бахытгүл гэгч эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан хэрэг мөн гарсан. 2023 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат БНСУ-д өөрт нь орчуулга хийж явсан эмэгтэйг бэлгийн дарамтад оруулсан гэмт хэрэгт холбогдож байлаа. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Б.Сүндэръяа гэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн, нэр бүхий өөр эмэгтэйчүүдийг хүчиндэхийг завдсан хэрэг үйлдсэн нь олон нийтэд ил мэдээлэгдсэн ч эцэстээ хохирогч эмэгтэйчүүд муу нэр аваад л дууссан билээ. . Иргэдийн хандлагыг харахад улсынхаа нэрийг хайрласнаас амаа олохгүй л шуугицгааж байх шиг байна. Гэхдээ үнэндээ, “тогооноосоо” өнгийгөөд харвал, цочирдож байхаад байх зүйл үнэндээ алга аа. Манай улс ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцдоггүй хуультай. Тийм ч учраас дарга нар бага, багаар гаж донтнууд болж хувирч байгаа. Тэдний өөрсдөдөө зориулж зохиосон гэмээр энэ ваакуум орчин Монголдоо бол болоод байдаг. Харин гадагшаа гарахаараа болдоггүй. 

Тэгэхээр, гадаадад секс дуулиан шуугианд холбогдон чих халууцуулж байгаа дарга нар бол Монгол Улс болон бусад улсын хууль эрхзүйн орчны ялгаанаас үүдэлтэй “шок”-д орж байгаа адгууснууд юм. Д.Одбаярыг шуугиан үүсгэсний дараа манайхан бэлгийн дарамтыг хуульчлахаар оролдсон ч Засгийн газар “Таван секунд”-ын дүрэм” гэх балай, биелэх боломжгүй санаа гаргаж ирж, олон нийтээр баалуулаад юу ч биш болгосон байдаг. Энэ нь эрх баригчид, эрх мэдэл хэрэгжүүлж байгаа монгол дарга нар бусдад бэлгийн дарамт үзүүлсээр байх гаж донгоо цаашид хадгалах эрмэлзлийнх нь илрэл гэж дүгнэж болно. "Ми түү" хөдөлгөөнөөс сэргийлсэн дархлаа" гэж ойлгож яагаад ч чадашгүй нь ээ. Үүнийг таван үндэслэлээр тайлбарлахыг оролдоё.

ХУУЛЬ БҮХНЭЭС ДЭЭГҮҮР...

Бусдын биед зөвшөөрөлгүй хүрэх нь хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг дэвшилтэт улс орнууд хэдийнэ нийтээр хүлээн зөвшөөрчихсөн юм. Бэлгийн дарамтын талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгох санаачилгыг анх АНУ гаргасан бөгөөд 1964 оны Иргэний эрхийн талаарх холбооны хуулинд аливаа бэлгийн шинжтэй ялгаварлан гадуурхалт болон бусад хууль бус үйл ажиллагааны эсрэг гомдол мэдүүлэх иргэний эрхийг баталгаажуулсан байдаг. Энэ төрлийн хэргийг илэрхийлдэг “sexual harassment” гэдэг нэр томъёо 1970 онд АНУ-д анх хэрэглэгдсэн байдаг. Түүнээс хойш дэлхийн 130 гаруй улс орон бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэн олонх нь Эрүүгийн хуульдаа оруулжээ. Белиз, Израйль, Люксенбург зэрэг улсад бүр эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн дарамтын талаар бие даасан хуулийг батлан гаргасан байна. Тиймээс аливаа улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол тохирсон хариуцлагаа хүлээх нь хачирхаад байх зүйл биш. Манайх л харин эрх баригчдын албаар ч гэмээр юм шиг бий болгосон “вакуум” орчинд байгаа болохоос биш. 

Эрүүгийн хуульд байсан “Хохирогчид ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны, бусад байдлаар хохирол учруулах үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж бэлгийн харьцаанд орох сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл бэлгийн харьцаанд орохыг шаардсан бол 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, “Энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, эсхүл энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан аргаар хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг 2017 оны тавдугаар сард хассаныг хэлж байна. Тухайн үеийн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт санал гаргаж, хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, гишүүдээр Л.Болд, Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар ажилласан гэдэг мэдээлэл цагаан дээр хараар дурайгаад байж байна.

Ингэж хассанаар манайх энэ төрлийн гэмт хэрэгт хариуцлага тооцох механизмаа устгасан юм. Бэлгийн дарамт гэмт хэрэг биш болж, энэ ойлголт Жендерийн тэгш эрхийн тухай хуульд л үлдэж хоцорсон билээ. Харин манай зарим дарга нар өөрсдийн бий болгосон энэ вакум орчноо гадны улсад үйлчлэх юм шиг аашилсныг гэнэн тэнэгийн үлгэр гэхээс өөр юу гэх вэ. Тэгэхээр бид энэ хэргийг далимдуулаад олон улсыг хуулдаггүй юм гэхэд өөрсдийнхөө ёс зүй хэм хэмжээнд хуулиа батлаад авах нь чухал байна. Гэвч ийм сонирхол байхгүй бололтой. Яагаад ингэж хэлэх болсныг доор тайлбарлана.

ТАНИЛ ТЕХНОЛОГИ

Д.Одбаярын хэрэг бэлгийн дарамтыг одоо л.Мөнхбатын үүсгээд байгаагаас ч илүүтэй олон нийтийн анхааралд оруулсан. Энэ бол хуулиа баталж, хохирогчийг хамгаалах сайхан боломж байсан. Гэтэл Засгийн газар “Таван секунд” гэдэг хэт туйлширсан асуудал ярьснаар энэ чухал асуудлыг амны зугаа болгосон. Үр дүн нь Л.Мөнхбатын хэрэг. Одоо Солонгост Монголыг шившиг болгоод байж байна.

Батлахыг хүсээгүй хуулиа туйлширсан байдлаар оруулж ирж цаг хождог, замхруулдаг танил технологи эндээс харагдсан. Жишээ нь, хэт өндөр хүүтэй, хатуу нөхцөлтэй зээл иргэдийг туйлдуулж байгааг мэдсээр байж жилийн 25 хувь байдаг банкны хүүг багасгана гэж туйлширсан төсөл оруулж ирээд унагаж байсан. Уг нь хүүгийн дээд хязгаарыг “100 хувь” болгоход л ард иргэдэд хангалттай үр өгөөжөө өгөх, өрийн дарамтыг хөнгөлөх хууль байсан. Ажил хэрэгч УИХ, Засгийн газар бол асуудалд нухацтай хандаж, учир мэддэг холбогдох газруудад хууль боловсруулах үүрэг өгөх байсан юм.

ДЭЛХИЙ НИЙТ БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЭХ ГЭМТ ХЭРЭГТ АНХААРАЛ ХАНДУУЛЖ БАЙНА

Одоо “Улс орны нэр хүнд уналаа” гэж халаглаад байгаа нөхдүүдэд хэдэн үг хэлье. Улстөрч, нийгмийн зүтгэлтэн, урлаг, спортын алдартнууд сексийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдох нь олон улсыг хамарч байгаа. Эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах “Me Too” гэх хөдөлгөөн өрнөсөнтэй энэ нь олон талаар холбоотой. Маш олон улсад, олон хүмүүс холбогдож байнга мэдээлэгдэж байгаа учраас Л.Мөнхбатын ганц хэрэг дээр улс орны нэр хүнд гэж халаглаад байх шаардлагагүй. 

Манайд хуулиас гадуур өрнөж байгаа энэ төрлийн гэмт хэргийн тухай, Монгол Улсад бэлгийн дарамтыг гэмт хэрэг гэж тооцдоггүй тухай мэдпээлэх юм бол харин улс орны нэр хүнд жинхэнээсээ унаж байгаа нь тэр юм. Гэхдээ, үнэн нь л тэр юм чинь олон улсад мэдэгдсэн мэдэгдээгүй бид аль хэдийнэ дэлхийн шившиг болчихсон л гэсэн үг биз дээ. 

ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ МӨНХБАТУУД УЛАМ ОЛНООРОО ТӨРЖ УЛСАА ГУТААНА

Манайхан бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт эмэгтэйг буруутгах хандлага бий. Жишээ нь, Цэцийн даргатай холбоотой мэдээлэл олон нийтийн сүлжээг шуугиулж байх үед “Солонгос иргэн монгол эмэгтэйг хүчирхийлэхээр завдсан” тухай мэдээлэл гарсан байдаг. Хамгийн харамсалтай нь, тэр үед цахим сүлжээ ашиглагчид бараг тэр чигтээ “Монголд хүүхний өгзөг базсан бол тэр хүүхнийг явдалтай, биеэ үнэлэгч гэж байсан” гэдэг дээр санал нэгдэж байсан юм. “Даргыг шийтгэлгүй яах вэ” гэж бичсэн хүн бараг байгаагүй л юм даа. Цахим орчинд “тархи угаадаг” “лалрууд” ч үүнд үүрэг гүйцэтгэж, эцэстээ хохирогчийн буруу болоод, нэр хүндээрээ хохироод дуусдаг. Аргагүй шүү дээ. Монголд бэлгийн дарамт гэмт хэрэг биш юм чинь.

Хүний эрхийн үндэсний комиссын тайланд дурдсанаар, Монголд өнөөдөр гурван эмэгтэй тутмын 1 нь ажил, сургуулийн байр, түүний орчинд эрх мэдэл бүхий албан тушаалтан, хамтрагчийн зүгээс ажлын байрны бэлгийн дарамтад өртжээ.

Хохирогчдын 97,5 хувь нь эмэгтэй, 2,5 хувь эрэгтэйчүүд байна.

Албан тушаалтнуудын бэлгийн дарамт, заналхийлэлд байнга өртсөнөөсөө болж амиа хорлох оролдлого хийж, эцэстээ эх орноосоо гарч явсан Д.Тунгалаг бүсгүйн  жишээ байна. Манай хэвлэл мэдээллийн салбарт зохицуулагч менежерээс ажиллаж байсан энэ бүсгүй албан тушаалтнуудын бэлгийн дарамтад байнга өртсөн ч Монголын хууль эрхзүйн орчин гэмт хэрэгтнүүдэд ээлтэй учир хуулийн байгууллагад хандалгүй явсаар амь насанд нь халдах оролдлого гарсны дараа эх орноосоо гарч явсан юм. 

Төр, өөрөөр хэлбэл албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн санхүүгийн гол эх үүсвэр болсны зөвхөн нэг золиос нь Д.Тунгалаг юм. Харамсалтай нь, эдийн засаг дахь төрийн үүрэг оролцоо нэмэгдсээр байгаа тул манай хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчид, менежерүүд хохирч байгаа энэ байдлыг ойрн үедээ өөрчлөх боломж харагдахгүй байна. Бид энэ асуудлыг байнга хөнддөг ч эрх баригчид авч хэлцэхгүй байна. 

Манай улс ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас сэргийлэх, өртсөн тохиолдолд гомдол гаргах механизмын талаар олон гэрээ, конвенцид нэгдэн орж, Үндэсний хууль тогтоомжид тусгасан байдаг. 

Одоо манайх үнэхээр л хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан улс мөн юм бол бэлгийн дарамт үзүүлэх хэргийг ЭРҮҮГИЙН БИШ ГЭХЭД ЗӨРЧЛИЙН хуульдаа яаралтай оруулах хэрэгтэй байна.       

Л.Мөнхбат гэгч гадаадад бусдад бэлгийн дарамт үзүүлсэн эхний хүн биш, эцсийнх ч биш. Хуулиа хурдан өөрчлөхгүй бол харин Монголд үүссэн хуульгүй ваакуум орчиндоо өсөж бойжсон дарганцарууд, Л.Мөнхбатууд олон олноороо төрнө гэдгийг л сайн ухамсарлах учиртай.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна