УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах" хууль батлагдсан тохиолдолд ТӨК-иудын засаглал сайжирч, ТУЗ, гүйцэтгэх захирлуудын босго шаардлага өндөр болох талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр энэ талаар "Уул уурхайн компаниуд "Эрдэнэс Монгол" нэгдлийн дор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу төвлөрсөн. "Эрчист Монгол"-ийн дор уул уурхайн бус ТӨК-иудыг нэгтгэсэн. Энэ бол бүтээмж нэмэгдүүлэх зорилготойгоор нэгдэл бий болж байна гэсэн үг.
Хөгжлийн сан буюу хөрөнгө оруулалт хийдэг, томоохон төслүүдээ санхүүжүүлдэг, ашиг орлого нэмэгдүүлдэг төсвөөс гадуур төслүүдээ санхүүжүүлдэг нэгдлийг бий болгож байгаа юм. УИХ-ын гишүүдээс хүсэж байгаа зүйл нь сая өргөн мэдүүлсэн "Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах" хуулийг хамтдаа баталж чадвал янз бүрийн улс төрийн нөлөөтэй томилгоонууд хийгдэхгүй болно. Энэ хуулиар ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх захирлуудын босго шаардлага асар өндөр болно. Энд янз бүрийн шахааны томилгоо нөлөөлөх бололцоо хүнд болно. Яагаад гэвэл ашиггүй ажиллуулсан тохиолдолд татан буулгах учраас ашигтай ажиллуулах сайн менежерүүдийг томилох шаардлага үүснэ. Ингэсний хэрээр ТӨК-иудын нэр хүнд өснө. Улмаар "Эрдэнэс Монгол" ч бай, "Эрчист Монгол" ч бай Баялгийн санд тодорхой хөрөнгө хуримтлуулдаг болохыг шаардана. Ингэж байж цаашид засаглал зөв болно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна