Чин үнэн, худал хуурмаг ижилхэн домог болж, мөнгө татдаг аялал жуулчлалын ертөнц

Х.Батсайхан
17 цаг 54 минутын өмнө

Их Эзэн Чингис хааны хүндэтгэл оршоосон "Их хааны өргөө"-ний нээлт шинийн 2-ны билэгт сайн өдөр болсон билээ. Ингэснээрээ Монгол Улс аялал жуулчлалын нэгэн том брэндтэй болсон.

Өргөөний шүтээн эрдэнэ болох Чингис хааны алтан хөшөөний талаарх “14 тонн жинтэй, 7 метр өндөр. Хөшөөг эх орны хөрс шорооноос олдсон 7 кг алтаар бүрсэн. Их хааны хасбуу тамгыг 999 сорьцтой 100 кг цул алтаар бүтээсэн” гэсэн мэдээлэл олон хүнийг гайхашруулж, зарим нэгнийг нь уурлуулсан байх. “Амьдрал хэцүү байхад…” гэж эхлэх тэрхүү шүүмжлэгчдийн бодол өөрсдөд нь зөв л байх.

Гэхдээ, аялал жуулчлалын ертөнцөд давтагдашгүй /юник/, хосгүй байх гэдэг ямар чухал болохыг мэддэг хүмүүс бол дэмжих нь маргаангүй.  

Өнөөдөр дэлхий дээр их алт оруулж бүтээсэн, түүгээрээ “Алтан” гэж нэр авсан хөшөө баримлууд байдаг. Тэдгээрээс хамгийн Алдартай нь Тайландын Алтан Будда /Golden Buddha/.

5.5 тонн жинтэй уг хөшөөнд нэг унцийг нь 2800 ам.доллар гэж өнөөгийн ханшаар тооцоход л 482 сая ам.доллараар үнэлэгдэх алт орсон гэж байгаа. Их биенийх нь 40 хувь нь цэвэр алт, эрүүнээс толгой хүртэлх хэсгийн нь 80 хувь цэвэр алт, харин үс болон үсний чимэг нь 45 кг цэвэр алт. Өнөөдөр энэ хоёр өгүүлбэр л хэдэн зуун мянган жуулчныг улсдаа татаж, очсон хүн болгон заавал очиж үзэж байна. Алтан Будда руу орж харахад нэг хүн 500 баттын төлбөртэй, өдөрт хэдэн мянган хүн орж сонирхдог. Мөнгө ч хангалттай олж байна. Гол нь улс руугаа жуулчин татаж, бусад бүтээгдэхүүнээ /аялал жуулчлалын/ зарж чадаж байна.

Бангкокийн Ват Траймит сүм дэхь Алтан Будда. 

Манай Чингисийн баримал нийт орсон алтны хэмжээ, үнэ өртгийн хувьд гүйцэхгүй ч 999 сорьцтой 100 кг цэвэр алтан тамгаараа 45 кг үсний чимэглэлийг нь давсан байна. Хоёр дахин гэж бардам хэлэх хэмжээг бүтээгчид нь сонгожээ. Энэ бол хүний анхаарлыг татах том хөшүүрэг болно.

Монголбанкны Эрдэнэсийн санд байдаг алтны нэгээхэн хэсгийн хэлбэр, байршлыг ийнхүү өөрчилснөөр жуулчдыг татахаас гадна монголчуудад итгэл үнэмшил хайрлах шүншигтэй газар болно гэдэгт итгэж байна.

Одоогоос 15 жилийн өмнө байх, нэрт зохиолч Чинагийн Галсан “Нэг ч уурхай ажиллуулахгүй, нэг ч үйлдвэр барихгүйгээр хөгжих” гэсэн нэгэн сонин санаа дэвшүүлж байж билээ. Тэр нь энэ дэлхийн хаана ч байхгүй онгон дагшин байдлаа сурталчилаад түм түжигнэж бум бужигнасан газраас ирсэн харийн хүмүүст үзээгүй юмыг нь үзүүлэх тухай санаа байсан юм.

Насаараа өндөр барилгын хаяа эмжиж явсан Нью-Йоркийн янки Мэнэнгийн талд ирвэл яах вэ. Эсвэл хэдхэн километрийн цаана гишгэх газаргүй болдог сингапурчуудыг Дорнодоос Баян-Өлгий хүртэл жижиг онгоцоор нисгэчихье. Ажил хөдөлмөр нь цаг минутаар хэмжигддэг, стресс ядаргаа нь саун массажинд орохоос өөр аргаар арилдаггүй япончууд их говийн аниргүй дайдад очоод хэд хоногоор үхсэн мэт унтаж амраг. Ийм юмыг тэд өмнө нь үзээгүй л байж таарна. Үзээгүй юмаа үзэж, аваагүй таашаалыг авсан хүн төлсөн мөнгөндөө гар татдаггүй. “Хөгжиж байгаа, өндөр хөгжилтэй улсуудад байгаль орчин нь сүйрээд, агаар нь бохирдоод ирэхийн цагт дэлхийн хамгийн том онгон зэлүүд газар болох Монголд тэд энэ насандаа нэг удаа ч болов очихыг мөрөөддөг болно” гэж өвгөн зохиолч өгүүлж байв.

Түүний хэлдэг үнэн. Гэхдээ хүний гараар бүтсэн үзүүлж харуулчих юм үнэндээ байхгүй тэр нөхцөлд л хийсэн гаргалгаа юм шүү дээ. Энэ гаргалгаа одоо ч хүчиэтэй хэвээрээ, өгөгдөл нь бидэнд байсаар байгаа. Тэр их амар амгаланг жуулчдад үзүүлж, брэнд болгож болно. Гэхдээ үүний тулд эхлээд жуулчдыг авчрах хэрэгтэй. Тэр авчрах хөшүүрэг нь харин Монголоос өөр хаана ч байхгүй, гэсэн мөртлөө тэдний өөрсдийнх нь үнэлдэг, ач холбогдол өгдөг зүйл байх ёстой юм.

Энд бас нэг жишээ хэлэхэд “Хөлбөмбөгийн спортод камерын систем нэвтрүүлбэл хөлбөмбөг мөхнө” гэж үзэгсэд нэг хэсэг нүд үзүүрлэгдэж байсан ч одоо бас ч гэж хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь аливаа зүйл бусдад хэрэгтэй, сонирхолтой байхын тулд заавал нэг эргэлзээтэй, яригдах сэдэвтэй байх ёстой гэдэгтэй холбоотой. Ямар ч алдаа гарахгүй бол хэн ч уурлаж бухимдахгүй, маргахгүй, он удаан жил ярихгүй гэдэг дээр л бооцоо тавьсан хэрэг. 

Түүн шиг, эцсийн эцэст, Алтан Буддад үнэхээр хоёр тонн гаруй алт ороогүй ч байж болно. Гэсэн ч итгэх нь итгэж, итгэхгүй нь итгэхгүй хоорондоо маргаж, мэтгэж, тэр хэрээр баримал нь үнэ цэнэтэй байна.

Манай их хааны баримал ч адилхан. Зарим нь үнэхээр их алт орсон гэдэгт итгээд дургуйцэж байна, зарим нь итгэхгүй ч /Хийсэн гэж хэлээд алтыг нь аваад идсэн гэж байх шиг байгаа юм/ дургүйцэж байна. Энэ бол буруу биш л дээ. Балай, балай таамаг бичээд байгаа хүмүүст өөрсдийн чинь таамаг буруу ч байж мэднэ гэдгийг сануулах гэж л байгаа юм. Маргагсад боломж гармагц л очиж үзэх биз. Гэхдээ энэ бол бидний нэгнийх нь халааснаас гарсан мөнгө нөгөөгийнх нь халаас руу орж байгаа хэлбэр. Гол нь гаднын хүмүүсийг үзүүлж мөнгийг нь авах ёстой. Чадах байх аа.

Тиймээс Их эзэн Чингис хааны баримлыг бүтээлгэх санаачилга гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, бусдад ярих, бусдын анхаарлыг татах содон талтай хийсэн Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болд болон бусад уран бүтээлчдэд талархал илэрхийлье.   

Аялал жуулчлалын салбар өнгөрсөн жилүүдийн өсөлтөө ирэх жилүүдэд үргэлжлүүлэн хангах болтугай. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 71.205.4.58
    4 цагийн өмнө

    AMA uralduultsgaa tsag ue haruulna

    Хариулах
  • 103.57.93.199
    13 цагийн өмнө

    Дуракын дурак Хүрэлсүхэд өөр сэтгэж санаачлах юм бхгүй. Ерөнхийлөгч гэж өөрийгөө их юманд бодоод ард түмний хөрөнгийг арвижуулахын оронд үхмэл хөрөнгө болгож бна. Ямар сайндаа энэ амьтнаар жуулчинд үзүүлнэ гэж бичүүлж бхав дээ.

    Хариулах
  • 103.57.95.57
    15 цагийн өмнө

    Эргүү ацнууд. Хосгүй,дахин давтагдахгүй ч гэх шиг. Бусад улс орнууд алтгүйдээ алтан хөшөө босгож чадахгүй байгаамуу. Манайхан шиг мангар биш болхоор алтан хөшөө хийхгүй бгаам.

    Хариулах
    • 122.201.31.160
      14 цагийн өмнө

      Тэр үнэн