Олон нийтийн сүлжээнд хуурамч хаягаар нэвтрэн элдэв цуурхал тарааж, бусдыг өдөөн хатгадаг этгээдүүд бий. Гэмт үйлдэлдээ ашиглах тохиолдол ч олон гарч байна. Тэгвэл олон нийтийн сүлжээ, цахим ертөнцөд өгөгдсөн зааврын дагуу нийтлэл оруулж, сэтгэгдэл бичигчдийг улсаас дэмжиж ажилладаг, зарим улсад энэ зорилгоор байгуулсан тусгай бүтэц хүртэл байдаг тухай мэдээлэл гарах болов. “Тойм” энэ удаа тэдгээр шинэ “мэргэжил”-үүдийн болох “Тролл” буюу олон нийтийн сүлжээ, цахим ертөнцөд өгөгдсөн зааврын дагуу нийтлэл оруулж, сэтгэгдэл бичигчдийн талаар мэдээлэл цуглуулснаа уншигчдадаа хүргэж байна.
Эхлээд троллийн тухай
Тролль, Троллийн арми гэдэг бол хоёр тусдаа ойлголт юм. Гэхдээ ойлгомжтой болгохын тулд эхлээд тролль гэх ойлголтын талаар хүргэе. Бусдыг байнга муудалцуулж, яс хаяж, элдэв цуурхал тарааж явдаг хүн байдаг. Бусдыг уурлуулж, бухимдуулж таашаал авдаг ийм хүмүүсийг тодорхойлсон “Энергийн вампир” гэдэг нэршил хүртэл байдаг. Тэгвэл ийм хүмүүс цахим ертөнцөд ч мөн чанараа гаргадаг ба тэднийг тролль гэж нэрлэдэг байна. Тролль гэдэг нь Скандинавын орнуудын үлгэр домогт гардаг, үзээрийн муухай төрхтэй амьтны нэр аж. Бусдыг өдөөн хатгаж хэрүүл үүсгэх, гэмт үйлдэлд уриалах нь троллиудын хийдэг гол ажил нь.
Канадын эрдэмтэд ямар хүмүүс цахим ертөнцөд тролль болж хувирдгийг тодорхойлох зорилгоор судалгаа хийжээ. Тэд янз бүрийн нас, мэргэжлийн 1200 хүний цахим орчинд бичиж буй сэтгэгдлийг судлаад дараа нь зан төлөв тодорхойлох тест бөглүүлсэн байна. Судалгааны үр дүнд интернэт идэвхтэй хэрэглэгчдийн дунд нарциссизм /биеэ хэт дөвийлгөх сэтгэхүйн эмгэг/, ёс зүйгүй байдал, макиавеллизм /Улс төрд Ёс суртахууныг үгүйсгэсэн, хүчирхийлэл дээр тулгуурласан улс төрийн бодлогыг макиавеллизм гэдэг. Сэтгэлзүйн үүднээс бол бусдыг дарамталсан, шахамдуулсан, хүссэнээ авч чадахгүй бол яахаас ч буцахгүй гэж тодорхойлжээ/, садизм /Бусдыг зовоон тарчилгаж таашаал авах/ гэсэн сэтгэлзүйн дөрвөн хэв шинжийн хүмүүс хамгийн их байгааг олж тогтоожээ. Сэтгэхүйн эдгээр шинжүүдийг хамтатгасан “Хар дөрвөл”гэсэн нэршил хүртэл байдаг аж. Ийм хэв шинжийн хүмүүс олон нийтийн сүлжээнд маш идэвхтэй байдаг. Харин өөрийгөө илэрхийлэх, хэлэлцүүлэгт оролцохдоо ихэнхдээ л тролльдчихдог байна /“Хар дөрвөл”-д багтах хэв шинжийн хүмүүсийн интернэтэд ордог шалтгаан, хийдэг үйлдлийг хувиар илэрхийлэн гаргасан доор графикийг хараарай. Амин хувиа хичээх үзэл, комплекс буюу бусад шалтгаант сэтгэхүйн өвчлөлийг бүхэлд нь “Сэтгэлзүйн өвчтэй” гэж тэмдэглэжээ/. Эрдэмтдийн гаргасан дүгнэлтэд “Эцсийн эцэст, троллиуд нь бусдын мууг үзэж, түүнээсээ таашаал авахыг хүсэгчид бөгөөд интернэт бол тэдний тоглоомын талбар юм” хэмээн бичжээ.
Төрийн хар хүч-“Лаларын арми”
Тролль, Троллийн арми гэдэг бол хоёр тусдаа ойлголт юм гэж дээр хэлсэн. Одоо троллийн талаар жаахан ч гэсэн ойлголт авсан учир үндсэн сэдэв буюу “Троллийн арми” руугаа оръё. Троллийн армид алба хаагч нь дотоод мөн чанараа цахим орчинд гаргаж байгаа хувь хүн бус. Харин ч маш өндөр боловсролтой нэгэн сууж байдаг.
Тэд өгөгдсөн зааврын дагуу тодорхой зорилготойгоор нийтлэл, сэтгэгдэл бичиж нийгмийг тодорхой зүгт чиглүүлж байдаг онцлогтой. Манайд ч байдаг “Хөлсний сэтгэгдэл бичигчид” гэгддэг тэр этгээдүүд юм. Ихэнх нь хуурамч хаягнаас сүлжээнд нэвтэрдэг. Э.Бат-Үүл баатар тэднийг нэгэнтээ “Нэрээ, нүүрээ нуусан лаларууд” гэж хэлснээс хойш хүмүүс нэгэнт ойлгодог болсон учир цаашаа “лалар”-аараа явчихья.
Кремлийн “Улаан хамгаалагчид”
“Лаларын арми”-ийг төрөөс бодлоготойгоор байгуулсан гэх анхны мэдээлэл ОХУ-тай холбогддог. Хойд хөршид Кремлийн байр суурийг хамгаалдаг хөлсний бичээчид буюу “Лаларын арми” байдаг, тэд сөрөг хүчний улс төрчдийг цахим орчинд “боорлох” ажлыг хийдэг гэнэ. Крымыг нэгтгэснээсээ хойш эрх баригчид энэ ажилд бүр ч их ач холбогдол өгөх болсон гэнэ. “Далд арми”-ийн дайчид олон нийтийн сүлжээнд ОХУ-ыг зөвтгөсөн, Украин, барууныхныг буруутгасан мэдэгдэл хийхээс гадна тэдний хичнээн бузар булай болох талаар үе, үе ноцтой баримт гаргаж тавин жирийн хэрэглэгчдийг талцуулна. Эрх баригчдын шударга бус үйлдлийг булзааруулж, эргэлзээ үүсгэн, улмаар тэдний зөв гэж бодтол тархи угаах нь “Лалар”-уудын гол зорилго.
Санкт Петербургийн дагуул хотуудын нэгэнд байдаг “Интернэт судалгааны төв” хэмээх 400 ажилтантай байгууллага үнэн хэрэгтээ “далд арми” болохыг илчилсэн нийтлэл “Мой район” хэмээх орон нутгийн жижиг сонинд нийтлэгдэж байв. “Жижиг” сонинд нийтлэгдсэн ч баримт сайтай уг нийтлэлд “Интернэт судалгааны төв”-ийг “Путины тогооч” гэгддэг Евгений Пригожин удирддаг бөгөөд ажилтнууд нь мэдээллийн агентлагийн цахим сайтуудын мэдээний дор сэтгэгдэл бичиж, фэйсбүүк, твиттер дэх олон хаягаараа суртал ухуулга хийдэг хэмээн барим тавим нотолсон байдаг аж. Төвд ажиллаж асан, өөрийгөө Антон гэж нэрлэсэн эр “12 цагийн дотор би 126 сэтгэгдэл бичих ёстой. Мөн жинхэнэ хэрэглэгчийн оруулсан “ноцтой” мэдээллийн дор хүчийг нь сулруулсан, гуйвуулсан сэтгэгдэл 25-ыг бичнэ. Бас өөрөө 10 удаа нийтлэл /пост/ оруулдаг байв” хэмээн “Чөлөөт радио”-д өгсөн ярилцлагадаа өгүүлж байжээ.
Амьдрал дээр төрийн албан хаагч, интернэтэд “лалар” болдог Ши Жиньпиний цэргүүд
БНХАУ-д фэйсбүүк, твиттер байхгүй ч өөрийн гэсэн интернэт орон зайтай. Тэр орон зайд жил бүр Эрх баригчдыг дэмжсэн, шүүмжлэхээ болихыг уриалсан утгатай хэдэн зуун сая нийтлэл, сэтгэгдэл бичигддэг. Эдгээр нь “Лаларын армийнхны” бүтээл мөн боловч армид зүтгэгчид нь төрийн албан хаагчид өөрсдөө байдгаараа ялгагдана. Гэхдээ хөлсний дайчид ч бий. Ойролцоогоор 250-300 мянган хүнтэй гэсэн тоо дуулддаг. Яг бодит мэдээлэл үгүй ч тодорхой хэмжээний судалгаа, баримт бол бий. 2014 онд Xiaolan нэртэй хэрэглэгч БНХАУ-ын суртал ухуулгын хорооны орон нутаг дахь нэг салбарын 2013-2014 оны ажлын тайлан, баримтуудыг интернэтэд тавьсан байдаг. Уг баримтууд дунд тухайн орон нутгийн төрийн алан хаагчдын 2013-2014 онд хийсэн бүх жиргээг архивлан хадгалсан байсан бөгөөд сэтгэгдэл, нийтлэлүүдийн талаас илүү нь мэргэжлийн “лалар”-уудад хандсан, санаа өгөх шинжтэй байсан гэнэ. Тэднийг сэтгэгдэл бичсэний дараа зөвтгөж дэмжсэн, эсэргүүцсэн нэгнийг зэмлэн буруушаасан сэтгэгдлүүдийг хөөн судлахад 44 000 орчим хаягнаас бичсэн нь тодорхой болж байжээ.
БНХАУ-ын “Лаларын арми”-ийн талаар өмнө нь “Мэргэжлийн лалар” нэг сэтгэгдлийнхээ төлөө 50 цент авдаг. Тэр мөнгийг улсаас гаргадаг. Хятадууд тэднийгээ “50 центийн нам” гэж нэрлэдэг” гэх мэдээлэл гарч байсан. Гэхдээ барууны орны эрдэмтэд нэг бус удаа энэ талаар судалгаа хийсэн ч “50 центийн нам”-ынхан гэж үнэн хэрэгтээ байдаг гэдгийг нотолж чадаагүй аж. Гэхдээ маш ач холбогдолтой нэг зүйлийг олж мэдсэн нь, БНХАУ-д захиалгат сэтгэгдэл бичигчид нь төрийн албан хаагчид өөрсдөө байдаг. Тодруулбал, цагдаа, татвар, нийгмийн хамгаалал, орон нутгийн спорт хороод, орон нутгийн шүүх гэх мэт 200 гаруй байгууллагын ажилтнууд “лалар”-ын үүрэг гүйцэтгэдэг болох нь тодорчээ. Судалгааг хийсэн Харвардын их сургуулийн эрдэмтэд 43.8 мянган нийтлэлийг сонгон авч судлахад 99.3 хувийг нь төрийн албан хаагчид бичсэн байсан аж. Тэд жил бүр 448 сая нийтлэл, сэтгэгдэл бичлдэгийн 52.7 хувийг нь төрийн албаны цахим хуудсанд, үлдсэнийг нь олон нийтийн сүлжээнд бичдэг гэж судалгаа хийсэн эрдэмтэд үзжээ.
Цуст ханхүүгийн “дохиур”
ОХУ-ын хувьд ийнхүү “Лаларын арми” байдаг тухай мэдээлэл олонтаа гардаг ч цалин мөнгөний тал дээр тодорхой мэдээлэл байгаагүй юм. Тэгвэл улсаас бодлогоор байгуулсан “Лаларын арми”-ийнхны орлогын талаар тодорхой тоотой мэдээлэл өнгөрсөн долоо хоногт “The New York times” сонинд гарчээ. Сэтгүүлч Жамал Хашшогги Турк дэх Саудын Арабын ЭСЯ-нд алуулсантай холбоотойгоор олон нийтийн сүлжээ нэг хэсэгтээ л энэ хэргээр амьсгалсан. Тэр үед олон нийтийн сүлжээнд маш олон нууц хаягаас хандалт хийсэн гэнэ. Бараг судалгаа хийж болохоор байсан бололтой. Хуурамч хаягууд хэрэг дөнгөж өндрөө авч байх үед Саудын Арабыг өмгөөлсөн, барууны орнуудыг буруутгасан нийтлэл, сэтгэгдэл бичиж байсан бөгөөд “Ж.Хашогги амьд”, “АНУ өөрсдөө сэтгүүлчийг хөнөөчхөөд амийг нь Саудын Арабаас нэхэж, эзэнгүй хэрэг үүрүүлэх гэлээ” гэсэн утгатай сэтгэгдэл зонхилж байсан гэнэ. Хэрэг илэрч, сэтгүүлч агсан ЭСЯ-ны байранд амиа алдсан нь тодорхой болсны дараа хэргийг угсаа залгамжлах ханхүүтэй ямар ч хамаагүй гэсэн утгатай сэтгэгдэл бичих болжээ. Саудын хааны хөлсний бичигчид буюу “Лаларын арми”-ийнхан Эр Рияд болон Саудын Арабын хааны гэр бүлийнхний эрх ашгийг хамгаалж, гадаадад дүрвэн гарсан Жамал Хашогги мэтийн тэрс үзэлтнүүдийн нийгмийн сүлжээнд бичсэн сэтгэгдлийг үгүйсгэж суудаг бөгөөд сард 10 000 удаа “жиргэж”, 3000 орчим ам.долларын цалин авдаг байна. Саудын Арабын байгуулсан “Лалын арми”-д зөвхөн саудын араб хүн авна гэхгүй. Харин ч барууны орны иргэд байвал сайн. Ийм дайчид ч зовлонгүй олддог байна.
Тэд нар нь Рияд болон Эзэн хааны гэр бүлийнхний эрх ашгийг хамгаалан, Жамал Хашогги шиг "эсэргүү" нарын дуу хоолойн эсрэг сэтгэгдэл бичин, жиргэж суудаг бөгөөд сард 10,000 удаа жиргэснийхээ хөлсөнд дунджаар 3,000 орчим ам.долларын хөлс авдаг аж.
Ким Жон Илийн бэлтгэсэн “Ижлээ идэгсэд”
Элэг нэгтнүүд нэг нэгнээ үзэн ядаж, дайтсан түүх бодит амьдралд олон бий. Тэгвэл энэхүү дайн нь цахим ертөнцөд ч үргэлжилж байгаа нэгэн жишээ нь Солонгосын хойгт хамаарна. Дэлхийн хамгийн хаалттай улс болох БНАСАУ-д ч интернэт рүү харсан цонх бий. гэхдээ тэр цонхоор зөвхөн зөвшөөрөгдсөн хүмүүс л гадагш шагайх эрхтэй. Тэдгээр хүмүүсийг барууныхан “Лаларын арми” хэмээн баталдаг. Тэдний баталж байгаагаар бол Пёньян Сөүлтэй цахим ертөнцөд үзэл суртлын дайн хийх зорилгоор 200 агент бүхий бүлгийг 2013 онд байгуулсан гэнэ. Тэдгээр агентууд нь БНСУ-ын төрийн байгууллага, мэдээллийн цахим хуудсанд нэвтэрч, Сөүлийн бодлогыг шүүмжилсэн нийтлэл, сэтгэгдэл бичдэг гэжээ. “Чосон ильбо” сонинд бичсэнээр БНАСАУ-ын агентууд хуурамч хаягнаас нэвтэрдэг, тэдгээр хаяг нь БНСУ-ын иргэдийн ашиглаж байгаад алдсан хаягууд байх нь элбэг гэнэ. Мөн кибер арми гэж нэрлэж буй бүтэц БНАСАУ-ын армид 2011 оноос л бий болсон гэх ажээ. 3000 хүнтэй уг арми цахим дайралтаас улсаа хамгаалах үүрэгтэй. Үйл ажиллагааны ихэнх нь Сөүл рүү чиглэсэн байдаг аж. Хоёр улсын харилцаа бүх төвшиндөө дулаарч байгаа ч далд армийн агентууд хэрвээ байдаг нь үнэн бол үүргээ гүйцэтгэсээр байгаа нь тодорхой. Элэг нэгтэндээ дайсагнасан иймэрхүү үйлдэл хийгчдийг Өэүлэн эх “Ижлээ идэгсэд” хэмээн хэлсэн байдаг билээ.
АНУ ч цэвэр биш...
Бусдыг муулаад байгаа АНУ-д ч ийм арми байх магадлалтай. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден хөлсний бичигчдийг ашигласан гэж Илон Маск байнга мэдэгдсэн. 2016 оны сонгуулиар Д.Трампын эсрэг суртал ухуулга хийсэн твиттер дэх #NeverTrump, #ImWithHer хэштегийн ард Хиллари Клинтон, улсын мөнгө байсан гэсэн часхийсэн нийтлэл “Washington Post” сонинд гарч л байлаа. Тэрээр Ерөнхийлөгч болсон бол “далд арми”-ийн ач тусыг мэдэрч, цаашдаа хэвээр хадгалах байсан нь магад. Илүү хөрөнгө хүч хаяж хүчирхэг ар талтай болохыг эрмэлзэх байсныг ч үгүйсгэх аргагүй юм. Учир нь, Твиттерийг үнэ цохиж авсан И.Маск юун түрүүнд тролль буюу хуурамч хаягтай дайн зарлаж олон сая хаягийг устгасан. Одоо Д.Трампын баруун гар болчихоод байж байна. Магадгүй Д.Трампын улс төрийн өрсөлдөгчдийг дэмждэг хуурамч хаягууд устаж, дэмждэгүүд нь үлсэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
Тэгэхээр, энэ төрлийн армийг ОХУ, БНАСАУ, БНХАУ, Саудын Араб гэх мэт зөвхөн дарангуйлалтай улсад л байгуулдаг гэсэн ойлголтыг барууныхан дэлхийн нийтэд цацдаг нь худлаа бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна