МАН “Сонгуульд ялдаг гол хөзөр” болсон “Сонгогчийн эрхэнд халдсан” заалтаа авч үлдэхээр улайрч байна уу

Х.Батсайхан
9 цаг 40 минутын өмнө

УИХ-ын чуулганаар яг одоо Үндсэн хуулийн цэцээс гаргасан “Монгол Улсын их хурлын тухай хуулийн 72.1 дүгээр заалт Үндсэн хууль зөрчсөн” 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна.

72.1 дүгээр заалтад “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн  санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж заасан байдаг бөгөөд Үндсэн хуулийн цэц уг заалтын “…дутуу…” гэснийг “Сонгогчийн эрхэнд халдсан” гэж үзсэн юм.

Өөрөөр хэлбэл, сонгогч дургуй нэр дэвшигчээ сонгохгүй байх эрхэнд халдаж, дэмжмээргүй нэр дэвшигчийг сонгохыг тулгаж байна гэж үзсэн.

Уг дүгнэлтийг УИХ хэлэлцэж шийдвэрлэж байгаа энэ үед асуудлыг хөнлдөж байгаа нь энэ дүгнэлтийг өмнө нь ТББХ хэлэлцээд дэмжээгүй, мөн сая хэлэлцүүлгийн эхэнд МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа “Мандатын тооноос дутуу нэр дэвшигч дугуйлсан саналын хуудсыг хүчинтэйд тооцвол эмэгтэй нэр дэвшигчдэд ашиггүй” гэсэн байр суурь илэрхийлж байх юм.

Эндээс шалтгаалаад хардах эрхийнхээ хүрээнд бичиж байна. Үнэндээ А.Ариунзаяа гишүүн эмэгтэй нэр дэвшигчдийг бодсондоо биш, харин МАН сонгуульд ялах гол арга нь Сонгуулийн тухай хуулийн энэхүү хатуу чанга заалт гэдэг. Тодруулбал, МАН улс төрийн намуудаас хамгийн том дэд бүтэц буюу хар ярианы хэлээр “хөл”-тэй бөгөөд дэмжигчдээ саналын хуудас бөглөхдөө МАН-аас нэр дэвшигчдийг илүү ч үгүй, дутуу ч үгүй бүгдийг нь бөглөхийг зааж өгдөг. Ингэснээрээ дэмжигчдийнхээ саналыг бүрэн авч чаддаг. Энэ бол МАН-ын сонгуульд ялалт байгуулж ирсний нэг гол үндэс юм.

Дутуу бөглөснөөс болж хүчингүйд тооцогдсон саналын хуудасны тоог тооцоод үзэхэд тодорхой болно.

Ардчиллын үнэт зүйлтэй холбоотой зарчмын асуудалд УИХ-ын дарга болон бусад нэр бүхий гишүүдийн хандаж байгаа хандлага муухай харагдаж байна.

УИХ Сонгогчийн эрхэнд халдсан заалтыг авч үлдэх эсэх нь анхаарал татаж байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна