Засаг, жагсаалын шуугианд дарагдсан Х.Баттулгын УЛС ТӨР

Х.Батсайхан
10 цаг 54 минутын өмнө

Анзаарсан бол Засагтай холбоотой асуудал эхлээд Ерөнхий сайдын хүү, бэрээр эхэлсэн ч яг огцрох асуудал Хамтарсан засаг, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн нэмэлт, Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдож үргэлжилсэн билээ. 

Тэгвэл энэ дунд асуудлын бас нэгэн гол дүр байж мэдэх хүн хальт үзэгдээд өнгөрсөн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга юм. 

Тэрбээр өмнө нь "Төгрөг нуурын орд"-той холбоотой асуудлаар өөрийгөө цагдаагийн байгууллагаар шалгуулахаа илэрхийлсэн бол өчигдөр АТГ-т очиж мэдүүлэг өгсөн. Засгийн дуулианд дарагдсан л болохоос түүний эл үйлдэл анзаарсан хүнд нь бол том мессеж болж очих учиртай. 

Улстөрч хүн ямар чухал үйл явдлын өмнө нэрээ цэвэрлэж авахыг хүсдэг билээ, орооцолдсон хэрэг нь юу билээ, шалгаж эцэслэхэд хэр хугацаа орох вэ гээд бодвол түүний үйлдэл 2027 он руу чиглэж байгааг гадарлаж болно. 

Х.Баттулга бол одоо ч хохирогчийн мэдрэмж авч яваа нэгэн. Учир нь МАН түүнийг 2019 онд хуурч, Ерөнхийлөгчийн сонгуульд дахиж нэр дэвших эрхийг нь байхгүй болгосон юм. 

2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 2-ыг “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөхдөө хууль батлагдсан өдрөөс хойш сонгогдсон Ерөнхийлөгчид хамаатай мэтээр ойлгуулж дэмжлэгийг нь авч батлуулсан. 

Гэсэн ч Ерөнхийлөгчийн сонгуулийн жил гарсны дараа “Дөнгөж төрсөн ээжийг төрөх эмнэлгээс улавчтай нь хөөж гаргасан” гэх дуулианаас арай хойхно Үндсэн хуулийн цэц “2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн агуулгатай” гэсэн шийдвэр гарган, Х.Баттулгыг дахиж нэр дэвших боломжийг хаасан байдаг юм.  

2019 онд Үндсэн хуулийг өөрчлөхдөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” гэж заасан. 

Хууль зүйн хувьд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан уг заалтад 2027 оны 11 дүгаар сарын 14-ний өдрөөс өмнө нэмэлт, өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй бөгөөд Үндсэн хуулийг өөрчилье гэвэл дээрх заалтыг давхар өөрчлөх шаардлагатай гэсэн үг.

Хийхэд хүнд даалгавар мэт боловч одоо өрнөж байгаа үйл явцаас харахад биелэх магадлал байна. Чухам тиймээс л Х.Баттулга нэр цэвэр 2027 онд очих аяллаа одооноос өөрийн санаачилгаараа эхлүүлж байгаа мэт харагдана. 

Яагаад гэвэл, Ерөнхийлөгч байсан хүн бүрэн эрхээ дуусгаад улс төрөөс явдаг байтал Х.Баттулга тэгээгүй. УИХ-ын гишүүнээр ч болтугай сонгогдож улстөрдөө үлдсэн гэдэг бол хохирогчийн мэдрэмж нь арилаагүйн том нотолгоо. 

Түүнээс өмнө Н.Энхбаяр л агсан гэдэг тодотголоос зугтаан, өөртөө  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч гэдэг гуншин өгч эгогоо тэжээж байсан түүхтэй. 

“Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санааг У.Хүрэлсүх зүтгүүлж байгаа биш, Х.Баттулга бусдын амаар хэлүүлж амьтай байлгаж байгаа” гэдэгт итгэдэг хүн олон байгааг бодвол тэрбээр яг цаг дээрээ өөрчлөлтийн талд зогсож, дахиж нэр дэвшихийн төлөө тэмцэх нь гарцаагүй болов уу. 

У.Хүрэлсүх vs Х.Баттулга гэсэн өрсөлдөөн болно гэхээр хэний ч сонирхлыг татах нь лав.

Гэхдээ цаг цагаараа байдаггүй болохоор, хоёр жилийн дараа тэднийг дахин улстөрд харах хүсэлтэй хүн  хэд байхыг мэдэх аргагүй юм даа. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 141.227.138.226
    8 цагийн өмнө

    За даа төгрөг нуураасаа салж чадахгүй болсон нь тодорхой асуудал бишдээд ирэхээр өмнөх шигээ л зугтаад алга болно биз .Юун ерөнхийлөгчийн сонгууль гэж том юм ярихтай манатай.амь наана там цаана болно биздээ.

    Хариулах
  • 59.153.86.48
    9 цагийн өмнө

    ...Ичих нүүрэндээ элэгээ наасан Ёдор

    Хариулах