Ерөнхий сайдын хүү, бэрийн хэтийдсэн хэрэглээнээс үүдэлтэй улстөрийн акц ид хүчээ аван өрнөж байна.
Ерөнхий сайд хамтарсан Засгийн асуудлыг МАН-ын Бага хурлаар оруулах шийдэл гарч, МАН дангаар засаглах асуудал ч яригдаж эхлэв. Хэрэв МАН-ынхан хамтарсан Засгийн газрыг огруулах болсон тохиолдолд эхлүүлсэн том төслүүд цааш хэрхэн үргэлжлэх, стратегийн ордууд, тэднийг эзэмшигчдэд илүү үйлчлэх учиртай хуулийн төслүүдийн хэрэгжилт гэх мэт асуудлууд ар араасаа хөврөхийг УИХ-ын гишүүд ярьж байна.
Ингэснээр МАН улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьсан шийдвэрээсээ ухарч, намынхаа эрх ашгийг сонгосон гэсэн имиж бий болно. Хамгийн чухал нь, өсөлтөд чиглэсэн төслүүд бөгөөд хэрэгжилтэд нь сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна.
Нөгөө талдаа дараагийн Засгийн газар бүрдэх гэж 2-3 гурван сар улс төр бужигнана. Бүрдсэн Засгийн газар нь улстөрийн хүндхэн нөхцөл байдал туулах нь тодорхой. Оруулсан хууль нь явахаа больж, дотооддоо төдийгүй гадна талдаа ч эсэргүүцэлтэй тулах эрсдэлтэй гэдгийг ч тодотгож байгаа юм.
Хамтарсан Засгийн газрын тогтвортой байдлын асуудалд ямар байр суурьтай байгааг хүргэе.
О.Батнайрамдал: Засгийн газар хамтраад олон жил гацсан хоёр ч том төслийг явууллаа. Бид эх орныхоо эрх ашгийг тэргүүнд тавих ёстой
"Монгол Улсын эрх ашиг бүхний тэргүүнд тавигдах ёстой. Монгол Улсын төлөө Засгийн газар хамтраад олон жил гацсан хоёр ч том төслийг явууллаа. Жишээ нь, 18 жил гацсан Гашуун сухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт нээлтээ хийсэн өдөр Засгийн газар огцрох асуудал яригдаж байгаа юм. Ганц нэг компанийн хувийн эрх ашгийн төлөө төр өөрөө бөхийж болох юм уу.
Засгийн газар огцорч, тогтворгүй байдал үүсвэл том төслүүд асуултын тэмдэг болоод үлдэж болохгүй. Өнөөдөр Баялгийн сангийн хуулиа батлаад төмөр замын төслөө явуулах энэ хүртэл олон тэмцлийн ард гарч байгаа шүү дээ. Эрдэнэтийн 49 хувь, цаашлаад Оюутолгойн Дубайн гэрээ байна, Оюунтолгойн "Онтрэ гоулд" яригдаж байна. Хэдэн тэрбум долларын эрх ашиг байхгүй юу. Дараагийн 20, 30 жилдээ эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ.
Энэ том асуудлуудыг ярихаар Засгийн газар огцордог сценараар явж ирлээ. Үүн дээр эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж зогсох ёстой гэж бодож байна".
Б.Дэлгэрсайхан: Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаад юу болсон билээ, түүнтэй адил зүйл болно
"Нэг нам дангаараа явахгүй. Төр засаг тогтворгүй болно. Маш том сөрөг хүчинтэй шүү дээ. Хагас жил болоод л төр засгаа сольдог систем рүү орвол энэ улстай хэн ч ажиллахгүй, бид нарын том бодож байгаа зүйл явахчгүй. Бид улс орноо бодох хэрэгтэй. Хэвлэл мэдээллээр улс орон, төр засгаараа тоглож дэлхийн нийтэд бузар булай болдгоо болимоор байна.
Бид нарыг одоо хэн ч тоохгүй. 2012 оны Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаад юу болсон билээ. Түүнтэй адил зүйл болно. Харж байгаарай. Ерөнхий сайд бол хамтраад улс орноо хөгжүүлье л гэж бодож байгаа. Монголын зүйр үгэнд түрүүчийн хүний хүүхдийг хуруугаар бүү заа гэсэн үг байдаг юм. Өнөөдөр хүний хүүхдийг зааж болно. Маргааш чиний хүүхдэд ирнэ. Энэ бол амьдралын хууль. Өөрөөр нь оролдож болно. Гэр бүл, үр хүүхдээр нь оролдож болохгүй юм шүү"
О.Амгаланбаатар: Ардчилсан нам хуралдах ёстой, ярилцах ёстой, ер нь нэлээдгүй хугацаанд эрүүлээр ярилцсангүй
"Баян айлын хүргэн болоод суучихаар ааш нь хөдлөөд хөөгөөд явуулчихдаг шиг л юм болж байна. Хөөхөөр нь явах л байх даа. Ардчилсан нам хуралдах ёстой, ярилцах ёстой, ер нь нэлээдгүй хугацаанд эрүүлээр ярилцсангүй. Одоо ярилцах цаг нь болж байна гэж харж байна"
О.Цогтгэрэл: Хэн ч ямар ч худалдан авалт хийж болох ч орлого нь хууль ёсных нь уу гэдэг дээр л залуучууд шаардлага тавьж байна
/УИХ дахь АН-ын бүлгийн дарга/
"Залуус маш энгийн, эрүүл шаардлага тавьж байна. Орлогоо нотол гээд. Хэн ч ямар ч худалдан авалт хийж байж болно. Гэхдээ орлого нь хууль ёсных нь уу гэдэг дээр л залуучууд шаардлага тавьж байна. Мөнгө мөртэй гэдэг үг байдаг. Мөнгөн гүйлгээ илүү зүйлүүдээ харуулчих л даа.
Харуулж чадахгүй бол хариуцлагаа хүлээх ёстой. Харин АН-ын дарга жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэж үгүйсгэж байгаад эмзэглэж байна"
С.Эрдэнэбат: Засгийн газар тогтвортой байх ёстой
Засгийн газар тогтвортой байх ёстой. Байгуулагдаад жил ч болоогүй байна. Засгийн газрыг огцруулбал, талцаж хуваагдсан, хоорондоо хэрэлдсэн, хийсэн ажилгүй дөрвөн жил өнгөрөх байх.
Нийлчхээд авлига аваад хулгай хийгээд байгаа бол хариуцлага тооцох нь зөв. Иргэд Засгийн газраас бодит үр дүн нэхэх хэрэгтэй.
Би үйлдвэрчий эвлэлийн дарга байхдаа Л.Оюун-Эрдэнэд санал, шаардлага тавьж байсан. Цалин хөлсний хувьд 3-4 жилийн хугацаанд нэмэгдүүлсэн. Хөдөө орон нутгийн нэмэгдлүүд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 400 мянган байсан одооо 792 мянган төгрөг болсон байна.
Мөн хувьцааны ногдол ашгуудыг олголоо. 12 жил хувьцаатай явсан мөртлөө нэг ч удаа ногдол ашиг авч үзээгүй гээд л. Иймэрхүү бодит үр дүнгүүд байгаа. Цаашдаа илүү өөрчлүүлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна.
Нэлээн олон төрийн өмчийн хулгай луйвартай холбоотой асуудлууд, тендерийн будилааны асуудлууд, орд газруудыг өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрх мэдэл албан тушаалд ойр байдлаа ашиглаад гадаад дотоодын хүмүүстэй нийлээд авчихсан асар олон орд газрууд байгаа үүнийг яах юм бэ.
Энэ асуудлыг хөндөөд байгаа учраас ямарваа нэгэн хүмүүст орон зай өгөхгүй байгаад байгаа нөхцөлд одоогийн Засгийг оролдъё ч гэдэг юм уу ийм байдлаар хандаад байна уу гэж хардаж байна.
Байгуулагдаад нэг жил ч болоогүй Засгийн газрыг оролдоно гэдэг бол Монголчууд цаашдаа эв эегүй байх, төр засаг тогтворгүй байх асуудал үүснэ"
О.Номинчимэг: 10, 20 жил гацсан том төслүүд энэ хамтарсан Засгийн газрын үед урагшиллаа, үүнийг хаа хаанаа харж л байгаа шүү дээ
10, 20 жил гацсан том төслүүд энэ хамтарсан Засгийн газрын үед урагшиллаа. Үүнийг хаа хаанаа харж л байгаа шүү дээ. Яг том төслүүд явж байхад хувь хүний асуудал яригдаад байгааг би гайхаж байгаа.
Улс орныхоо нэгдмэл байдлын төлөө, ашиг сонирхолын төлөө энэ асуудлуудаа шийдээд явъя гэх эр зориг аль аль намаас нь гараасай л гэж бодож байна.
Ц.Даваасүрэн: Яг Оюутолгойн гэрээг өөрчлөх гээд, "Онтрэ гоулд"-ын асуудал яригдаж байхад ийм зүйл болж байна
Л.Оюун-Эрдэнэ бүтээн байгуулалт энэ тэр гээд айхтар юм хийгээгүй. Би энэ талаар өөрт нь хэлж л байсан. Гэхдээ улс орныхоо үндсэн эрх ашиг дээр жишээлбэл "Оюутолгой" дээр, "Онртэ гоулд"-ын асуудал дээр гэдэг ч юм уу, эсвэл байгалийн баялаг дээр холбоотой асуудал дээр өмнөх Ерөнхий сайдуудыг бодвол улс орныхоо нийтийн эрх ашгийн төлөө байсан.
Гэхдээ түүнээс дээрдэх үү? эсвэл бүр улаан луйварчин гараад ирэх үү гэдэг чинь аюул шүү.
Яг Оюутолгойн гэрээг өөрчлөх гээд Онтрэ гоулдын асуудал яригдаж байхад ийм зүйл болж байна. Тэгэхээр Онтрэ гоулдын асуудал нь орж ирэхгүй болоод л. Тэгээд нь нөгөө хуучин хөрөнгө оруулалтын ашиггүй гэрээгээрээ явах болно" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга: Ирээдүйд яахыг мэдэхгүй хэдий ч буцаад засаг нь тогтворгүй байдал руугаа шилжвэл том эмгэнэл байх
"Миний хувьд хамтарсан Засгийн газар байсан нь дээр гэж бодож байна. Монгол ардын нам дангаараа засаглах боломжтой хэдий ч анх байгуулагдаж байсан зарчим буюу тэр төлөөллийг иргэдийнхээ дуу хоолойг бүх өнцгөөс нь авъя гэдэг нь илүү зөв байсан гэж бодож байгаа.
Сөрөг хүчин хэтэрхий попроод үндэслэлгүй мэдээллийг бүх сувгаар ямар нэгэн байдлаар хүргээд л байх юм бол бид нарын хөгжих хөгжил удаашрах болов уу.
Ирээдүйд яахыг мэдэхгүй хэдий ч буцаад л 2010 хэдэн оны засаг нь тогтворгүй байдал руугаа шилжвэл том эмгэнэл байх"
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.160
МАНын хулгайчуудад даанч эх орноо гэсэн сэтгэлтэй нэг ч хүн байхгүй тэдэнд мөнгө, алт, онгон байгалийг сүйтгэхийг л хүснэ. бүгд хулгайч болохоор эд бол шийдсэн хулгайчууд
Хариулах202.21.107.16
Hetiidsen hereglee gej yag yuug held baina ve?ANU-amidarch baigaa huu ni zeeliin kartaar gants begj avaad neg ohin do zuugee ugchihej Pruisiin l une shuu dee ES medehgui yavj Etseg ni medehgui ohiniig ES-huuhed gej boloh uu? Amidral boloogui genen uchraas ch yum biluu henmedlee Hadag tavisan bol ch Bas yaah ve?
Хариулах