Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн суудал ганхаж, огцрох нь бараг л "тодорхой" болов. Хэдхэн хоногийн өмнөх МАН-ын бага хурлаар Ардчилсан намыг хасч, дараагийн Засгийн газрыг байгуулах шийдвэр гарчихсан.
Засгийн газрын асуудал ид яригдахтай зэрэгцээд дараагийн Ерөнхий сайдынсуудлын төлөөх "тэмцэл" МАН дотор ил, далд өрнөж байна.
Я.Содбаатар, Н.Учрал, Б.Жавхлан, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын нэр улстөрийн хүрээнд яригдаж байгаа ч тэд маань "Ерөнхий сайд болох амбиц, хүсэл шунал" байхгүй байгаагаа мэдэгдсэн.
Гэсэн ч энэ хүрээнээс холдохгүй гэдгийг тэд өөрсдөө ч сайн мэдэж буй. Тэр дундаа УИХ-ын дарга асан, одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Ерөнхий сайд болох хувилбар илүү бодитой байж болох нөхцөл байдал ажиглагдаж байгаа нь нууц биш.
Хэн нь ч байсан дараагийн Засгийн газар маш хүнд хэцүү цаг үеийн туулна. Магадгүй жил ч хүрэхгүй настай байж мэднэ. Гэсэн ч Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл явах болов уу.
Одоогоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломж хомс болсон учраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийнхөө хүмүүсийн аль нэгийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сойх нь тодорхой. Тэднээс хамгийн өндөр магадлалтай нь ч Г.Занданшатар. Тиймдээ ч түүгээр шинэ Засгийн газрыг удирдуулж, ирэх сонгуульд Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга гэсэн статустай оролцуулах хувилбар байж болохоор харагдана.
Г.Занданшатарыг УИХ-ын гишүүн болгохын төлөө Дав.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү
Гэхдээ Г.Занданшатарыг Ерөнхий сайд болгоход нэг том асуудал байгаа нь тэр гишүүн биш. Тойргоосоо ч гарч чадаагүй хүнд 126 гишүүнтэй парламент итгэл хүлээлгэж, Засгийн газрыг удирдуулах эсэх нь эргэлзээтэй. Тиймээс удаан хугацаанд маргаан дагуулсан Дав.Цогтбаатарын асуудлыг дахин сөхөж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх замаар Г.Занданшатарыг гишүүн болгох хувилбарыг тооцсон ч байж мэдэх юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол эгүүлэн татах тогтоол гаргана” хэмээн заасан байдаг. Энэ процесс явагдах нь цаг хугацааны асуудал.
Угаас Дав.Цогтбаатар шүүхээс ял сонссон ч УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж, парламентын үйл ажиллагаанд оролцсоор байгаа нь хуулийн зөрчил болчхоод байгаа. Өдийг хүртэл хууль тогтоох танхимд ял сонссон гишүүнийг суулгасаар байсан нь магадгүй энэ л үеийн төлөө байж гэх хардлагыг төрүүлж буй. Экс спикер ч буцаад парламентын танхимдаа суух хүсэл тээж яваа нь гарцаагүй.
Түүнд УИХ-д дөрвөн удаа сонгогдож, 2017-2019 онд Засгийн газрын гал тогоог хариуцаж байсан туршлага бий. УИХ-ын даргаар ажиллаж байхдаа гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн институтийн тэнцвэрийг хадгалж байсан учраас УИХ-ын гишүүн болчихвол Ерөнхий сайд болоход нь эсэргүүцэх хүн УИХ-д төдийлөн гарахгүй биз.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна