ТӨСВИЙН ТОДОТГОЛ: Байгууллагуудын томилолт, тавилга, арга хэмжээний зардлыг танаж, ТӨР БҮСЭЭ ЧАНГАЛНА

С.Гандэлгэр
13 цаг 51 минутын өмнө

Удтал хүлээгдсэн төсвийн тодотголыг УИХ өнгөрсөн баасан гарагаас хэлэлцэж эхэлсэн. Төсвийг ахиухан хэмжээгээр танах /2 их наядаар бууруулна гэсэн ч сүүлд хийсэн тооцоогоор 3.3 их наяд хүртэл төгрөгөөр танах шаардлагатай нь мэдэгдсэн гэсэн мэдээлэл бий/ агуулгаасаа болж "Хэмнэлтийн"  гэдэг нэр аваад амжсан төсвийн тодотголын тухайд Ерөнхий сайд ч, Сангийн сайд ч "Энэ удаагийн тодотголыг төр өөр дээрээ хийнэ. Иргэдийн орлого руу халдахгүй" гэж дуу нэгтэй хэлж буй.

Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатар "Эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлийг ард түмэн, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийнхээ нуруунд үүрүүлж таарахгүй. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, ТӨР ӨӨРӨӨ БҮСЭЭ ЧАНГАЛАХ хувилбарыг сонгож байна" хэмээн хэлсэн юм. Түүнчлэн түүний хувьд эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшилд суурилсан, тогтвортой хүртээмжтэй байлгаж, татвар нийгмийн даатгалын цогц шинэчлэлийг хийнэ" гэж тодорхой мэдэгдсэн юм. 

Тэгвэл Төр бүсээ яг хэрхэн, яаж чангалах тухай мэдээлэлтэй танилцья.  

Тодотголоор төсвийн зардлыг 1.5 их наяд гаруйгаар бууруулна гэж тооцоолжээ. Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааг дуусгаж, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг зогсоох зохицуулалтын хүрээнд 535.9 тэрбум төгрөгийг нэмж тооцвол нийт хоёр их наяд гаруй төгрөгөөр бууруулна гэсэн үг. 

Тодотголд 

- Хэрэгжиж эхэлсэн төсөл хөтөлбөрийг хэмнэлтийн горимд шилжүүлж, хэрэгжиж эхлээгүй төсөл, арга хэмжээний зардлыг царцаахаар тооцсон байна. 

- Төсөвт байгууллагуудын түлш, халаалтын үнийг нэмэгдүүлэхээр 2025 оны төсөвт туссан зардлыг 121.9 тэрбум төгрөгөөр, 

- Төрийн өндөр, дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг 4.5 тэрбум төгрөгөөр,

- Мөн бүх шатны төсвийн байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх болон багаж техникийн зардлыг 104.4 тэрбум төгрөгөөр бууруулж,

- Төсвөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасыг 76.8 тэрбум төгрөгөөр хэмнэнэ,

- Бүх шатны төсвийн байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлыг 617.3 тэрбум төгрөгөөр бууруулна 

- Төрийн тусгай байгууллагуудаас бусад бүх шатны төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, дотоод албан томилолтын зардлыг 28.9 тэрбум төгрөгөөр бууруулна 

Ингэснээр төсвийн зардал нийт 1 их наяд 508.4 тэрбум төгрөгөөр буурна гэж тооцоолсон байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.107
    11 цагийн өмнө

    Төрийн байгууллагуудын урсгал зардлыг танах бус энэ жилдээ бүр мөсөн хасах хэрэгтэй. Тэд бичиг баримт ширээ сандалгүй бол өлбөрч үхэх үү?

    Хариулах
    • 202.21.110.30
      3 цагийн өмнө

      хаха өлбөрч үхээд байхдаа яахавдээ ширээ сандал идэх үү битгий ийм тэнэг байгаач юун дээр сууж юун дээр ажил хэргээ явуулахуу аргагүй боловсролгүй тэнэг гэдэг нь харагдаж байна