Э.Хүрэлбаатар: Амь халуун, уран бүтээлийн орчин бүрдүүлэхийн тулд редакц олуулаа байх ёстой

Х.Батсайхан
2026/05/03

Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдөр бид "Өдрийн сонины Хүрэлээ", "Эрэнгийн Хүрэлээ", "Эргэлтийн Хүрэлээ" нэрээр салбартаа танигдсан “Балдорж” шагналт сэтгүүлч, Ergelt.mn мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатартай уншигч таныг уулзуулж байна.

        Өдгөө хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын олонх нь "Аль болох цөөн хүний нөөцөөр их ажил амжуулах" гэсэн зарчмыг баримталж буй. Энэ утгаараа сэтгүүлчдэд уран бүтээлдээ төвлөрөх, цаг хугацааны бус буюу бид энүүхэндээ “мөнхийн" гэж нэрлэдэг бүтээл туурвилд анхаарах цаг зав хомс байгаа нь үнэн. Тэгвэл Ergelt.mn мэдээллийн сайтад ажилладаг сэтгүүлчид эсрэгээрээ өдөр тутмын мэдээллийн сайтаа эрхлэхийн зэрэгцээ "Эргэлтийн номын сан" цуврал 10 ном, “Монголын шилдэг нийтлэл” цувралын 74, 88 дугаар боть, "Сүүлчийн нүүдэлчид" хөрөг нийтлэлийн ном монгол, англи хэл дээр хэвлүүж, “Эргэлт” сэтгүүлийг эрхлэн гаргаад буй. Бидний яриа тус редакцын сүүлийн үеийн томоохон, даацтай бүтээл болох "Сүүлчийн нүүдэлчид" номоор эхэлж, салбарын бусад асуудлыг хөндөж үргэлжилсэн юм.

УЛСТӨРЧДӨӨС МӨНГӨ АВАХГҮЙ ГЭЖ "СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" НОМОО ХИЙСЭН

            -Эргэлтийнхэн одоо ихэд ховордсон өдөр тутмын сонины "школ"-ыг цахим сайтад нутагшуулж, авч яваа. Залуусдаа уран бүтээлдээ төвлөрөх орон зай, цаг хугацаа өгнө гэдэг хүнээ бодож байгаа хамгийн том жишээ юм даа. Хоёулаа ярилцлагаа танай редакциас эрхлэн гаргасан бүтээлүүдээс эхлүүлье?

              -Эргэлт.мн сайтыг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулаад долоон жил болж байна. Сайтаа байгуулсны дараа хамгийн анх манай редакцынхан "Эргэлтийн номын сан" гэж шилдэг бүтээлийн 10 боть гаргасан. Ярилцлага, хөрөг, сурвалжилга, гэрэл зураг гээд сэтгүүл зүйн бичлэгийн бүх төрлийг багтаасан 10 номыг сэтгүүлчдийнхээ мэргэшихийг хүсэж байгаа, дагнан бичдэг сэдэв, бүтээлүүдээр гаргасан. Бараг Монголдоо анх удаагийнх болсон байх шүү.

Дараа нь сэтгүүл хийсэн. Одоогоор дөрвөн дугаар гаргаад байна. Хууль хяналтын байгууллагад ч их шалгуулсан, гүйцэтгэх ажиллагаанд ч их өртсөн, сэтгүүлүүдээсээ болоод шүү дээ. Дундуур нь “Монголын шилдэг нийтлэл” цувралын 74, 88 дугаар ботийг зөвхөн манай сэтгүүлчдийн бүтээлээр хэвлүүлье гэсэн санал ирж, хэвлүүллээ. Редакцын зарим сэтгүүлч нийлээд “Дөрвөн өөр намар” яруу найргийн түүвэр хэвлүүлж, хамгийн сүүлд "Сүүлчийн нүүдэлчид" хөргийн номоо монгол, англи хэлээр хийлээ. Энэ номыг хийх үндсэн гурван шалтгаан байсан.

Бид номоо хийхдээ гурван үндсэн зорилт тавьсан. Нэгд, Монголч эрдэмтдийн судлагдахуун болъё, Хоёрт, паблишинг компаниудын сонирхлыг татья. Гуравт, Санхүүгийн эх үүсвэрээ цэвэр уран бүтээлээрээ босгох боломж байдаг бол тэр арга замыг нь гаргаж, шан татья гэсэн гурван зорилго.

Дэлхий рүү гарч байгаа манай бүтээлүүдийн тодорхой хувь Монголоо муулсан шинжтэй байгаад байсан. Навсайсан, хараал ерөөл хэлдэг, хүний эрх, хүүхдийн эрх зөрчсөн, ядуу зүдүү юм шиг юмнууд их явуулдаг юм байна. Тэрийг өөрчлөе гэж бодсон. Эрдэмтэдтэй ч цөөнгүй уулзсан. Гаднынхан Монголын хуучны, жишээ нь буддын шашнаас өгсүүлээд Чингис хааны үеийн түүхийг бол сайн судалсан байна. Гэтэл яг одоо судалж байгаа, сэдэв, судлагдахуун юу байна вэ гэхээр тодорхой юм байхгүй. Ажиглахад, монголч эрдэмтэд бас хөгширсөн байна. Залуу монголч эрдэмтэн нь цөөхөн болчихож. Уулзахаар ер нь л 50, 60-аад насны, түүнээс дээшээ 80, 90-тэй хөгшчүүл л байна. Монголыг судалдаг дэлхийн 200 гаруй эрдэмтэнтэй бид холбоо тогтоож үзэхэд "Орчин цагийн монголчуудын талаар бид ер нь ойлголтгүй байна аа" л гэцгээж байсан. Тэгээд л "Орчин цагийн монголчууд гэж хэн байна вэ” гэдэгт тулгуурлаад "Сүүлчийн нүүдэлчид" номоо бүтээсэн. Номонд алс холын юмыг төвөггүй хардаг, амьтны мөр уншдаг гээд монгол хүний ондоошил, амьдралын хэв маягаас үүдэлтэй өвөрмөц дадал хэвшлүүд, зан заншлыг таниулах, үлдээх, олон улсын сонирхлыг татаж болох сэдвүүдийг багтаах гэж хичээлээ.

             -“Сүүлчийн нүүдэлчид" номоороо олон улсын залуу монголч эрдэмтдэд шинэ судлагдахуун гаргаж өгсөн байх нь байна шүү дээ?

             -Жишээ нь, гаднынхан хөдөө малчид дээр очиж, хорхог боодог хийж өгч байгаа ахуйг нь дүрсээр ч юм уу, гэрэл зурагт буулгаж чадаж байна. Гэхдээ цаана нь байгаа үндсэн мөн чанар нь, тэнд зан заншлын юу өрнөж байдгийг гаргаж ирж мэдэхгүй, бусдадаа илэрхийлж, ойлгуулж чадахгүй. Тэгээд бид эхний удаад 32 хүний түүх, хөргөөр номоо бүтээнгээ түүндээ дээрх мэтийн далд хийгээд бидний дунд байж л байдаг зан заншил, ондоошлыг шигтгэж, дэлхий нийтэд таниулахыг зорьсон хэрэг. Номынхоо нээлтийг зорилго ёсоор Европын зургаан улсад хийгээд ирлээ. Тэнд ажиллаж, сурч, амьдарч буй монголчууд, монголч эрдэмтэд, судлаачид, оюутнууд, Монголын байгаль хийгээд амьдралын өвөрмөц байдлыг сонирхогч гаднынхан гээд тал талын төлөөллийг аль болох олноор нь урин нээлтэндээ оролцуулахыг хичээсэн. Үүний дараа Монголдоо номоо нээсэн.

-“Сүүлчийн нүүдэлчид” номыг нь уншаад "Атганд багтсан Монгол Улс гэдэг шиг Монгол Улс, монголчуудыг илэрхийлж чадах нуугдмал эрдэнэсүүдийг нь түүгээд нэгтгэчихэж" гэж надад бодогдсон. Бас нэвтрүүлэг болдог юм уу, баримтат кино ч юм уу байдлаар цаашаа задраад явна гэж ойлгосон. 32 хүний хөргөөрөө монголчуудын сонирхолтой 32 сэдвийг хөндсөн байсан. Мөнгөтэй, завтай бол бариад авмаар сайн сэдвүүд байгаад байна. Та бүхэнтэй гаднынхан холбогдож байна уу?

            -Манай хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч нарт нэг зовлон байгаа. Би эрхлэгч болоод долоон жил болж байна. Долоон жил болоход сар болгон 20 хүний цалин тавих гэж үйлээ үздэг байхгүй юу. Халширмаар ажил шүү дээ. Жишээ нь, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар гээд бүгдтэй нь бусдын жишгээр хамтран ажиллах гэрээ хийдэг. Бүх эрхлэгч ажилчдынхаа цалинг бүрдүүлэх гээд л төрийн байгууллагуудын хэвлэлийнхэнд санал болгодог тогтсон жаахан хэдэн төгрөгөөр гэрээлж байгаа. Тэгээд тэрэндээ баригдаад олигтой юм хийж чаддаггүй нь үнэн. Тэгэхээр хэрвээ бид хараат бус сэтгүүлзүйг хөгжүүлье гэвэл юу хийх ёстой вэ гэдэг асуулт гарна. Мэдээж асуудлаа шийдэх хэмжээний, тэдэнтэй гэрээ байгуулахгүй байх хэмжээний мөнгөтэй байх шүү дээ. 

          “Айхтар өндөр хандалт байнга авъя. Түүгээрээ мөнгө олъё” гэхээр сэтгүүлчдийн сэтгэх, чадах юм байхгүй болчих гээд байна л даа. Ихэвчлэн хар бараан мэдээлэл, элдэв видео, тэнэгрэл л өндөр хандалт авч байна. Түүнийг нь би ч, манай редакцын сэтгүүлчид ч хийж чадахгүй. Тэгээд зүгээр л "Чаддаг юмаараа чимээгүй хөдөлмөрлөөд байх нь зөв" гэдэг босго тавьсан. Харин "Мөнгө яаж олох вэ" гэдэг дээр бодож бодож хоёр арга олсон.

         Нэг нь, үнэхээр дэлхийд эрэлттэй ном хийж чадвал дэлхийн паблишингийн компаниудын анхаарлыг татаж, хамтарч ажиллаж болох юм байна. Монголчууд бол өөрсдөө мөнгө өгч номоо хэвлүүлээд, өөрсдөө бас зардаг. Харин өндөр хөгжилтэй орнуудад "Нэг ийм ном биччихлээ, та нар хэвлэчих үү" гээд хандахаар нөгөөдүүл нь судалгаа хийгээд "За энэ үнэхээр олны анхаарлыг татахаар сайн ном байна, зарагдах юм байна аа" гэж үзэх юм бол "Тэдэн хувь хэвлэе, ашгаас нь манайх тэдэн хувийг нь авна, танайх тэдэн хувийг нь ав" гэдэг байхгүй юу. Би бол зүгээр л номоо бичээд сууна уу гэхээс тэр борлуулалт энэ тэр дээр санаа зовох юм байхгүй. Энэ нь бидний зам, үйлст хамгийн ойр, чадах зүйл болж байгаа юм.

         Хоёр дахь нь, баримтат кино. Манай редакцын сэтгүүлч, уран бүтээлчид чинь "Давс үүрсэн 40 жил" гээд баримтат кино хийгээд яваа улсууд. Өнгөрсөн хоёрдугаар сард Германд Берлиний кино наадамд оролцоод ирсэн. Тавдугаар сард Каннын кино наадамд кино төслөө танилцуулахаар манайхан явна. Кино наадмуудад, өөр бусад төслүүдэд оролцоод явах нь энэ талбараас мөнгө босгож болох нэг гарц юм байна гэж хараад байна.  Наадуул чинь ("Сүүлчийн нүүдэлчид" номын баатруудыг хэлж байна) сайн харж, бодож чадах юм бол бүгд баримтат кино болохоор дүрүүд юм. Номын бичвэрийн хувьд миний, манайхны юмнууд болохоор санаа зовох юм байгаагүй. Гол нь гаднынханд яаж ойлгомжтой хүргэх вэ гэдэг дээр л маш их зөвлөлдсөн дөө. Өөрөөр хэлбэл, хэнээр орчуулуулах вэ, хэн гэдэг орчуулагч нь энгийн сайхан монгол хэлээр орчуулж, гаднынханд ямар бүтээл хүргэж байсан туршлагатай байна вэ гээд асууж, сураглаад их юм болсон. Тэгээд орчуулагчаа бид олсон, гаднынхан ч “Сайн орчуулсан байна” гэж ам сайтай байна лээ. Гаднын хэд хэдэн хэл дээр номыг маань орчуулахаар яриа, хэлэлцээр хийгдээд явж байна.

ОЛОН ЖИЛ МӨРӨӨДӨЖ БАЙЖ АВСАН МАШИНАА ЗАРЖ, МӨРӨӨДЛИЙНХӨӨ САЙТЫГ БАЙГУУЛСАН

          -Сэдэв олох нэг хэрэг. Түүнийгээ сайн бүтээл болгож хүнд хүргэнэ гэдэг өөр хэрэг. "Энэ хийж чадна" гэсэн итгэлтэйгээр үүрэг даалгавар өгөх хүмүүстэй байна гэдэг эрхлэгч хүний бас нэг аз мөн биз. "Эргэлт"-ийн редакц анх хэрхэн бүрдсэн бэ, эсвэл хэрхэн бүрдүүлсэн бэ?

 

          -Баг цугласан тухайд, хүн ер нь ямар орчинд өссөн бэ гэдэг их чухал юм байна. Манай "Өдрийн сонин" чинь газар газрын авьяастнууд цуглачихсан, авьяастай нь авьяасаараа тодорч байдаг мэргэжлийн талбар. Манай Ж.Гангаа ах байна, П.Хашчулуун ах байна. Тэнд нэг нь аймаар гоё юм бичээд л, энд нэг нь бичсэн юмаараа магтуулж, шагшигдаад л. Тэгээд л "Тэрийгээ тэгж хийсэн..., энийг сурвалжлахад ийм хэцүү байсан ч их амархан бичигдсэн..." гэж ирээд л уран бүтээлийн халуун дулаан уур амьсгал, халширмаар орчныг залуустаа эрхгүй шингээж, мэдрүүлж өгдөг редакц бол Өдрийн сонин.

             Би "Өдрийн сонин"-ы Эрэн сурвалжлах алба 12 сэтгүүлчтэй байхад 13 дахь нь болж орж байлаа. Эрүүл мэндийн сайд байсан Ша.Батбаяр, Соёлын гавьяат Г.Жамъян ахаас эхлээд арван хэдүүлээ бужигнаж байгаа юм чинь. Эрэнгийн нэг, хоёрхон нүүрт надад бүтээл битгий хэл мэдээгээ ч гаргах зай талбай олдох боломж байхгүй. Гэхдээ л "Хамгийн зэвүүн өнцгийг олж аваад, тэрийгээ аймаар сайн бичих" гэдэг үлгэрийг тэд нараас аваад байгаа. Ингэж явсаар намайг аврах ганц өнцөг гарч ирсэн нь томилолтоор орон нутагт ажиллах байлаа. Ж.Сандагдорж эрхлэгч ч намайг сайн явуулсан. Хамгийн анх найман настай охиныг мөчилж хөнөөсөн Мөнх-Оргилын хэргээр Хөвсгөл рүү томилсон. Тухайн үедээ туршлага муу ч байж болох бүх мэдээллийг нь цуглуулна гээд өөрийнхөө хэмжээнд үзэж тарж байгаа юм. Талийгаач охины аав, ээж гүн хямралд орчихсон байхад л гэр рүү ярилцлага авна гэж давхиж орж хөөгдөж, туршлагагүйтээд л. Түүнээс хойш томилолтоос ирлээ, сурвалжилгаа бичиж дууслаа, маргааш өглөө нь дараагийн томилолтдоо гардаг болсон.

            Манай "Өдрийн сонин"-ы өглөөний хурал бол айхтар юм ойлгуулна л даа. Юуг мэдрэх ёстой вэ, энэ юу болов, хэн юу гэж хэлэв, яах гэж хэлэв гээд л нийгмийн барометр шиг л байдаг байсан. Бас шуурхайгаар чиний хичээж, зүдэрч хийсэн материал чинь хэн ч уншихгүй хог ч болж болно, дэлхийд байхгүй мундаг бүтээл ч гэгдэж мэднэ. Тийм учраас Өдрийн сонины сэтгүүлчдийн хамгийн эхний дөнгүүр сэтгүүлч байх шалгуур бол өглөө бүхэн болдог шуурхайдаа нүүр бардам байхаар хэмжээний юм өдөр бүр эрэх, олох, сурвалжлах, бичих. Үүний дээр залуухан сэтгүүлч байхад Балдоржийн нэрэмжит уралдаан гэж болдог байлаа. Тэр уралдаанд бичсэн материал нь шалгараад, улирлын шилдэг 10-т багтчихсан хүн бол ер нь л гайгүй сэтгүүлч гэсэн ойлголт бидний үеийнхэн дунд байдаг байлаа. Тэгээд л тэр уралдааны шалгуурт тэнцэх сайн бүтээлийн эрэлд улирал тутамд гарна, өөрийгөө шахна. Энэ хоёр шалгуур, шахалтад тэнцэх гэж хичээхийн зэрэгцээ өөр бусад нийтлэл, сурвалжилгын өндөр шагналтай уралдаануудад бидний үеийнхэн өөрсдийгөө байнга “сойно”. Энэ бүхэн залуу сэтгүүлчдийн хувьд сайн бүтээл хийх, хийхээс өөр сонголтгүй болгодог юугаар ч орлуулашгүй дэг сургууль байсныг одоо мэдэрдэг, санадаг.

“Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэн урссаар ОХУ-ын хил давжээ” сурвалжилгыг бэлтгэх үеэр. Сэлэнгэ аймаг, Орхон, Сэ­лэнгэ голын бэлчирт, эрлийн багийнхантай хамт, 2012 он.

           2019 онд "Үндэсний шуудан" сонины Ерөнхий эрхлэгч болоод залуу хүүхэд голцуу 28, 29 сэтгүүлч ажилд авсан. Намайг эрхлэгч болсон чинь хуучин багийнхан нь дургүйцсэн юм уу, өөр хүн дотроосоо тавих гэж байсан ч юм уу бүгд яваад өгсөн. Аз юм уу, эз юм уу мэдэхгүй, тэгж л эхэлсэн. Тэгээд шинэ баг бүрдүүлэх гэж үзэж тараад нэг жил гаруй ажиллалаа. "Өдрийн сонин"-ы "школ"-оор том редакц байгуулах гээд л үзээд байдаг. Надад туршлага байхгүй. Би “Өдрийн сонин”-доо албаны дарга ч хийж үзээгүй хүн шүү дээ. Жил орчмын дараа овоо дөрөө олоод, гайгүй сонин хийж болмоор ч юм шиг оргиод байж байтал "Үндэсний шуудан"-гийн эзэн "Хүүхдээ ажиллуулахаар боллоо" гэсэн. Ингээд ажлаа өгснийхөө маргааш гэртээ байж байтал манай хэдийн нэг нь залгаад, "Эрхлэгч хаана байна" гэнэ. "Зуслан дээрээ байна" гэсэн чинь "Хотын төв рүү ороод ирээч" гэж байна. Очтол нөгөө анх ажилд авсан 25 хүүхэд маань 25-уулаа ажлаасаа гарчихсан, "Таниас өөр эрхлэгчтэй ажиллаж чадахгүй юм байна аа" гэчихсэн байж байсан. Тэгээд "За энэ хэдэн хүүхдийг чинь яах вэ" л гэж бодож байгаа юм. Олонх нь оюутан, за тэгээд л цалингүй бол баахан зээл мээл гээд бүгдийнх нь амьдралыг мэдэх юм чинь. Тэр дор нь “Өчнөөн жил мөрөөдөж, арай гэж авсан машинаа зарж, мөнгөөр нь байр түрээслээд сайт байгуулъя, хамтарч ажиллаж чадах уу” л гэлээ. Нөгөө хэд чадна л гэж байгаа юм.

-Эргэлт гэж ямар учиртай нэр вэ?

              -"Өдрийн сонин"-д байхдаа би өөрийн гэсэн хэвлэлтэй болохыг мөрөөдөж байсан юм. Тэгж мөрөөдөж явахдаа "Эргэлт" гэдэг нэрийг олсон хэрэг. Гэхдээ бас их бүтээлчээр олж байсан юм шүү. Худаг дээр зогсож байгаа хүмүүсээс "Ньюс гэж бичиж чадах уу" гэж асууж, судалгаа хийж байлаа. Чадахгүй байгаа юм чинь. Тэгээд "Нийлмэл үг ороогүй, энгийн, хэн ч бичиж чадах, амархан нэр байх ёстой юм байна" гэж бодоод эргэлт гэдэг үгийг сонгож байсан.

Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олон. 

      Багын найзаараа сайтаа хийлгэж, ширээ, сандлын хавтан “100 айл”-аас авчраад өөр нэг найзаараа угсруулж, сэтгүүлчидтэйгээ түрээсийн байрныхаа хана, таазыг эмульсдээд, редакцаа тохижуулж байлаа. "Эргэлт"-ийг эхлүүлсэн түүх ердөө энэ. Тэр хүүхдүүдээс маань одоо тав, зургаа нь л өөр газар ажиллаж байна. Үндсэн багийн 80-аад хувь нь одоо хүртэл хамт байна. Долоон жил боллоо, зан зангаа авалцсан юм байлгүй. Би нэг их эрхлүүлээд байгаа юм байхгүй. Өглөөний хурал дээр чинь бас л бөөн юм болно шүү дээ. Манайхны "48-дана" гэж нэг юм байдаг юм. "Эрхлэгчид хөөгдөөд 48 цаг яваад, 72 цаг болохгүй эргэж ирдэг" гээд байгаа юм. “Олсон сэдвээ юм болго, олигтой сайн унш, бич, чадахгүй бол хаалга гаднаас нь хаа” гэснээс үүдэлтэйгээр надад ч юм уу, өөртөө ч юм уу гомдож яваад буцаад ирж байгаа нь тэр. Тэдний хувьд бас эргэлт юм уу даа.

     -“Эргэлт бусад сайтаас арай өөр, өдөр тутмын мэдээллээс гадна сэтгүүл зүйн бичлэгийн бүх төрлийг ашигладаг. Хуучны, өдөр тутмын сонин унших шиг мэдрэмж авдаг” гэж сэтгүүлчдээс гадна уншигчид ярьдаг юм билээ. Энэ тухайд?

           -Анх сайтаа нээчихээд, бусдаас арай өөрөөр ажилламаар санагдаад байдаг. Гэтэл би видео хийж чадахгүй. Тэгээд өөрөөсөө "Чиний хийж чаддаг юм юу байна вэ" гэж асуусан. Тэгээд "За, окей өдөр тутмын сонин шиг л ажиллах юм байна. Гол нь эрэн сурвалжлахын сайн юмнууд хийе. Баримтуудыг гозойтол гаргаж ирж тавья” гэж бодоод л хурлаа хийж байлаа.

            "Эргэлтийн номын сан"-гийн 10 боть бол манай сэтгүүлчдийн эхний гурван жилд хийсэн, нухсан сайн материалууд юм. Ном хийнэ, бүтээл гаргана гэхээр хүний хандлага шал өөр болдог. Бид ном, сэтгүүл хийнэ гэж том зорилго тавьчихаад, тэрийгээ сайжруулах гэж хичээсээр хамт сайжирсан. Энэ завсарт хүүхдүүдийн авьяас гарна, аль чиглэлээр явбал илүү ирээдүйтэй нь харагдана, бүр бичиж ирснээсээ огт өөр төрөлд авьяастай, мэдрэмжтэй нь илэрч, хос морьтой болно, баримтыг нухаж, хүнтэй ажиллаж, өөрийгөө шахаж сурна. Жишээ нь, "Аман хуур" киноны Соном өвгөний дүрд тоглосон жүжигчний ар гэрийг олох гэж бид их зовсон. Тэр зочноо олонгуутаа Алтай Таванбогд руу ганц замчилдаг, Эверестэд хамгийн анх авирсан Н.Жуков гэх мэтээр содон ховор түүхтэй хүмүүсийг жагсаагаад сэтгүүлч Б.Гүнжидэд "За чи энэ сэдвээрээ дагнаад яв. 90-ээд оны үед тас хөлдчихсөн байж байгаад гэсэж, амьд үлдсэн нэг залуу байна. Энэ залууг хай” гээд өөр төлөвлөгөө ярих завсартаа бас нэг даалгавар хавчуулаад хэлчихэж байгаа юм. Гүнжид тэр залууг олох гэж, олчихоод ярилцлага өгөхийг нь хүлээж, зөвшөөрүүлэх гэж хоёр жил гаруй хугацаа зарцуулж байгаа юм.

Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч, уран бүтээлчдийн хэвлүүлсэн сэтгүүл зүйн бүтээлүүд. 

           Эдийн засгийн гэмт хэргийг илрүүлж бичдэгээрээ энэ цагийнхнаасаа тодордог манай сэтгүүлч Б.Цогтбаяр гэхэд баримтын судалгааны чиглэлээрээ хэнийг ч дагуулахааргүй болчихлоо. Жишээ нь, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Херо Б.Баатар хоёрыг үнэхээр Монголын "хаан" байх үед тэдний талаарх бүх хуудуутай баримтыг манайх л ил гаргаж байлаа. Манай сэтгүүлчийн баримтын мөшгөлтөөр ороогүй улстөрч Монголд үлдээгүй гээд хэлчихэд хийрхэл болохгүй.

          Мөн сэтгүүлч Д.Чанцалдуламын газар дээрээс нь хийдэг сурвалжилгууд, Д.Бямбасүрэнгийн хөргүүд, орчин цагийн залуусын төлөөллүүдийг үлдээлгүй “түүсэн” залуу сэтгүүлч О.Эрдэнэтунгалаг, Б.Хонгорзул нарын ярилцлагууд гээд манайхны бичлэгийн амтыг уншигчид мэднэ.

         Миний редакцынхандаа хэлдэг нэг юм нь "Дуучин Далантай "Аа" гээд дууллаа гэхэд бүгд "Далантай байна" гэж танина. Тэрэн шиг чиний материалаас чи л харагдах ёстой. Өөр ямар ч арга байхгүй" гэдэг юм. Редакцын хэд маань ч эрхлэгчийн хэлсэн даалгавар бол даалгавар гэдгийг ойлгодог нь, хэчнээн хугацаа өнгөрсөн ч биелүүлдэг, биелүүлэх гэж тууштай оролдсоор байдаг.

         Ингээд чигийг нь олуулсны дараа "Ер нь цаг хугацаанаас өрсөх гэж битгий яар" гэдэг юмыг үглэж байгаа юм. Сэтгүүлч юун дээр алддаг вэ гэхээр өдөр тутмын үйл явдлуудыг хөөгөөд, "Тэнд нэг хүн баригдчихлаа" гэхээр түрүүлж мэдээлэх гэж сандарч, тэвдэж байгаад алддаг. Би жишээ нь үйл явдлыг үнэхээр сайн хийдэг байсан. Өдрийн сонинд ажиллаж байхдаа "Хаан банканд хүн буудуулчихлаа” гэхэд буудсан хүнийх нь зураг хөрөгтэй, хохирогчийнх нь бүх мэдээллийг бүр сонингийн дэлгээ нүүр дүүртэл бичиж үзсэн байхгүй юу. Гэхдээ тэглээ гээд тэр нь тухайн цаг үедээ л үлддэг. Мөнхийн бүтээл болж чадахгүй. Тэгэхээр, зүгээр л битгий яар. Тэнд нэг хүн тэглээ мэглээ гээд фэйсбүүкт зураг хөргийг нь оруулж л байг. Зүгээр л өөрийнхөөрөө эр, хай, бай. Цаг хугацаатай уралдаж байна гээд юм бүхнээ хөнгөн хуумгай, мэдээгээр хийгээд байх юм бол нэгд чи шуурганд уруудаж явсаар ядарна, хоёрт, эргээд харахад нэг ч бүтээлгүй үлдсэн байна.

          Ингээд бид анхны номоо их зоригтой хийчихсэн чинь манайхан бараг бүгд юм л бол сайн бүтээл хийнэ гэж, дараагийн номондоо оруулна гээд сэдвүүдээ хайрлаж, өөрөөр хийж, хичээж эхэлсэн. Анхны 10 номоо сайн болсон гэж хэлэхгүй. Гэхдээ муу болсон ч гэхгүй. Би бол яадаг ч байсан Монголын сэтгүүлзүйн чиглэлээр ном хийсэн мундгуудад дөхүүлээд хаячихъя гэж бодсон. Ер нь адилавтархан болгоё гэж зүтгэсэн л хэрэг. Жишээ нь, Н.Жанцанноров гуай "Зүгээр гайхамшгийг бүтээнэ гэж байхгүй. Өмнөх үеэсээ суралцах хэрэгтэй. "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Чилүгэний аяыг "Манарч байгаа шил" дууг сонсож байгаад олсон, "Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийн нэг хэсгийн санааг ЗХУ-ын "Амьдрал нулимсанд дургүй" киног үзэж байгаад олсон” гэсэн яриа байдаг юм. Тэр яриа надад буучихсан хэрэг. Улайм, цайм хуулахгүй ч гэсэн шилдгүүдийн хайрцаг нь нэг гэсэн санаа. Жишээ нь, сэтгүүлч Б.Нацагдорж ахын "БНМАУ-ын сүүлчийн өдрүүд" номонд Хятадын шоронд хоригдож байсан хүний тухай байсныг уншаад “Үүнээс жаахан илүү сэтгээд, илүү ээдрээтэй амьдрал туулсан хүнийг олох ёстой юм байна" гэдэг ч юм уу байдлаар  төлөвлөгөө гаргаж аваад, тэрнийхээ араас хөөцгөөсөн дөө.

       Ингээд эхлэнгүүт манай хүүхдүүд цаг хугацаанд захирагдахаа больчихсон. "Энд УИХ-ын гишүүнийг ингэлээ", "Тэнд тэрийг тэглээ" гээд мэдээ гардаг. Манайхан харах, мэдээлэх юмаа мэдээлчихээд л орхичихдог. Үнэндээ сайтар найруулсан улс төрийнхний жүжиг л яваад байгаа байхгүй юу. Тэр эргүүлгэнд нь манайхан орохоо байнгуут сая сайн бүтээл төрүүлэх юм руу орж эхэлж байгаа юм. Үйл явдлын араас шаналаад урт урт пост бичээд, хэлэлцүүлэг өрнүүлээд байдаг нэг ч сэтгүүлч манайд байхгүй. Би бол гол нь цалинг нь л олж өгөх ёстой, хүүхдүүд сайн юм хийж өгөх ёстой. Ийм л хоёр огтлолцол явж байна, Эргэлтэд.

-Эргэлт сэтгүүлийн материалын чансаа, даацын тухайд бас ярилтгүй санагддаг. Сэтгүүлийнхээ сэдэв, агуулгыг мөн л ингэж гаргадаг уу?

           -Бид номоо гаргачихаад сэтгүүл хийсэн. Санаа нь, сонинд "Хадаас дугаар хийнэ" гэж байдаг шүү дээ. Тэрэн шиг дандаа сайн бүтээлүүд орсон сайн сэтгүүл хийе гэж зорьсон. Анхны дугаар дээр гол бужигнуулсан юм нь Төрийн гурван өндөрлөгийн хэн нь ямар бизнестэй, хамаатныхаа хэн, хэнийг ямар ажилд томилсон, хөрөнгө нь хэрхэн өссөн, өдгөө өөр тийш яаж салбарлуулж байгаа вэ гээд бүгдийг нь гаргаж тавьсан баримт байлаа. Борлуулалтад гараад л "Хүүе, тэр даргыг өчнөөн тендер авсан тухай "Эргэлт” гэдэг сэтгүүл дээр гаргачихсан байна гэнэ" гээд л бүүм болчихсон. Гэтэл бидний зорилго цаг хугацаанд захирагдахгүй хийнэ гэж хэнхэглэж, зүтгэсэн хэдэн сайн ярилцлага, сурвалжилга, тэмдэглэлээ уншдаг, сэтгэдэг, мэдэрдэг уншигчдад хүргэх байсан. Улстөрчдийн элдэв баримтаар дамжуулаад сэтгүүл хийсэн зорилго маань ч биелсэн. Уншигчид эдийн засгийн гэмт хэргийн, эрэн сурвалжлахын баримтуудыг нь ярихынхаа зэрэгцээ сэтгүүлчдийн бүтээлүүдийг дуу дуугаа авалцан ярилцаж, асууж сураглаж, магтаж байсан нь редакцынхны хувьд том шагнал, “хадаас” дугаар хийх зорилго биелсэн явдал болсон.

"Эргэлт" сэтгүүлийн хэвлэгдсэн дугаарууд.

МАНАЙ РЕДАКЦЫНХАН ОДОО Л "БЯР" НЬ ОРООД, ЖАГСАЖ ЭХЭЛЖ БАЙНА

-Эргэлт сэдэв хайдаг, эрж олдог, боддог, шатдаг сэтгүүлчийн мөрөөдлийн орчныг бүрдүүлж чаджээ?

             -2008 онд Х.Баттулга жүдочдыг бэлтгэл дээр нь модон цохиураар хэмх балбасаар байгаад л тив, дэлхийн дэвжээнд гаргаж ирсэн гэдэг яриа байдаг юм билээ. Тэрэн шиг сэтгүүлчдээ “Өмнөх ажлаа л сайн хий, өөр юунд ч битгий санаа зов. Би эрхлэгчийн хувьд цалин мөнгө, өөр юмнуудыг чинь хариуцна, та хэд зүгээр бүтээл л хий” гэдэг юм. Тэгээд өглөөний хурал дээр болж, бүтэж байгаагаа, болохгүй бүтэхгүйгээ ярилцаад л, эрхлэгчийн хувиар "Пүү, чи энийг ямар солиотой гоё гаргаж ирээ вэ. Яг энэ эхлэл дотор, тэр өгүүлбэрт ямар гоё авьяас үнэртэж байна гээч. Энэ өнцөг нь зөв байсан” гээд л магтахыг нь магтаад, миалахыг нь миалаад байхаар өөрчлөлт гардаг л байхгүй юу. Санамсаргүйгээр гэсэн үг шүү дээ. Зориуд магтаж, муулаад байх цаг бидэнд байхгүй.

Ингээд жилд нэг, хоёр сэтгүүл хийгээд яваад байсан чинь бид "хадаас" материалын сантай болчихсон. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны бус уншууртай материалуудаасаа гаргаж тавиад байх боломжтой болчихож байгаа юм. Сэтгүүлийн ажил дууссаны дараа жаахан чөлөөтэй болонгуутаа өдөр тутмынхаа юмнуудыг хийнгээ дараагийн судалгаан дээрээ суух завтай болж байгаа хэрэг л дээ.

-Томчуудыг хараад байхад үзэхээ үзээд, мэдэхээ мэдчихээр сэдэв олох, бичих гэж зовохоо ч больчихдог шиг билээ?

            -Яг үр дүнгийн тухайд бид Б.Энхмартын "Бид болон Монголын тал нутаг чамд хайртай", Б.Энхцэцэг эгчийн "Холдох тусмаа гэрэлтэнэ", Ганаа эгчийн Д.Дагвадорж тэргүүтэй зочидтой хийсэн ярилцлага, Баастын Золбаяр ахын "Бүлээн" шиг, П.Хашчулуун ахын "Тэр ямар их хичээж байсан гээч", Ж.Гангаа ахын аян замын тэмдэглэлүүд тэргүүтэй анзааны юм хийж чадаж уу гэхээр бас эргэлзээтэй. Тэгээд сайн сэтгүүлчдийн сайн бүтээлээ бичсэн насыг нь барагцаалж бодож байгаа юм. Эд нар ер нь хэдэн насандаа ийм гайхамшигтай, сайн юм бичсэн юм бэ гэж. Ж.Гангаа ах 40 хүрч байж сэтгүүл зүйд орж ирсэн, тэр нь ч зөв болсон гэж өөрөө ярьсан байдаг. Хашаа ах байна, зүгээр л инээд алдаж сууж байгаад л нийтлэлүүдээ биччихдэг байлаа. Сэтгүүлч Б.Энхцэцэг эгчийг бас хар л даа, 40 нэлээд гарсныхаа ар дээр хөрөг бичвэрээр цойлж байна шүү дээ. Ингээд бодохоор манай хүүхдүүд одоо л бяр нь ороод, жагсаж эхлэх гэж байна. Нэг үгээр гэнэн байхаа больж эхэлж байгаа байхгүй юу. За, баримтыг, зочныг ингэж олдог юм байна, ингэж хийдэг юм байна, тэгэхээр нь би ингэнэ гээд өөрийнхөө арга барилыг яг л чагнадаг дээрээ ирээд байна.

        Гэхдээ миний бас нэг үглэдэг юм нь, "Болоогүй байж битгий өөрийгөө сошиалаар магтаад байгаарай" гэдэг. Нэлээд барьж ирсэн. Одоо хааяа “Гайгүй сайн бүтээлүүдтэй болчихсон юм чинь нэг нэгээрээ хүмүүст танигдах цаг чинь болж байна. Гэхдээ ичихээргүй сайн юмтай болж байж л өөрийгөө гайгүй гэхгүй бол уншигчид их гярхай шүү” гэдэг болсон.


АМЬ ХАЛУУН, УРАН БҮТЭЭЛИЙН ОРЧИН БҮРДҮҮЛЭХИЙН ТУЛД РЕДАКЦ ОЛУУЛАА БАЙХ ЁСТОЙ


-Орчин үед редакцууд их цөөхөн хүнтэй, тэр хэрээрээ хийх ажил их, чанартай уран бүтээлд анхаарах боломж хомс байх шиг. Үүнийг яаж зохицуулбал сэтгүүлчдэдээ ч, редакцдаа ч, Монголын сэтгүүл зүйд ч хэрэгтэй байх вэ?  

             -Зарим талаар харамсалтай санагддаг. Авьяастай, юм дуулгаж мэдэхээр хүүхдүүдийг зориуд мөнгө олох хэрэгсэл, "зуудаг нохой" болгож явуулаад "алаад" байгаа нь ч харагдах л юм, аргаа олохгүй байгаатай нь ч таарах л юм. Дээр нь жаахан сортоотой, гайгүй явах байх гэсэн залуу сэтгүүлчид нь редакц байгуулж, 2-3 хүн ажиллуулж байгаа нэрээр энд тэнд даргын үүд сахиж, "Ах аа, эгч ээ мөнгө өгөөч, ажилтнуудынхаа цалинг буулгах гэсэн юм" гэж гуйж яваа харагддаг. Гол нь тэд яг мэргэжлийн талаасаа ямар ч амжилт гаргасан юм байхгүй, хэдэн компьютер авч, сайт байгуулсан түүхтэй л үлдэх юм даа. Нөгөө талаар чамбай сайн редакц байгуулаад, удирдаад яваа сэтгүүлч, эрхлэгч нар бас бий бий.

             Дээр ярьсанчлан мөнгө олох, уран бүтээл хийх хоёроо зэрэгцүүлэх ёстой юм. Санхүүгээ эхэнд тавьж, редакц тэр аяараа мөнгөний төлөө зүтгэж л болохгүй. Нэгэнт л хүмүүсийг ажиллуулж байгаа бол сайн уран бүтээл хийж, түүгээрээ оюунаа тэтгэх, мөнхийн бүтээлтэй үлдэх нь сэтгүүлч, эрхлэгч хүний зорилго байх ёстой гэж боддог. Адаглаад хэдхэн жилийн дараа үр хүүхдүүдээрээ дүнгээ тавиулна шүү дээ. Нэгнийх нь хүүхэд "Манай ээж намайг хүүхэд байхад ажил ажил гээд хаяж яваад байдаг байсан. Ийм гоё нийтлэл бичдэг, ийм алдартай сэтгүүлч байж шүү дээ” гэвэл сайхан биз дээ. Гэтэл үр хүүхэд нь бахархах нэг ч юмгүй бол яасан хайран цаг хугацаа, залуу нас, оюун санаа вэ. Дээр нь, редакц амь халуун байхын тулд олуулаа байх ёстой. Бужигналдаад л, "Чиний материалын тэр нь гоё, энэ нь муу. Ийм гарчиг байна, ямар вэ...” гээд л санаа оноогоо ярилцаад, шуугилдаж байх хэрэгтэй.

-Сэтгүүлч мэргэжлийн нэг зорилго, сэтгүүлчийн ажлын нэг үнэлгээ нь хийсэн ажил, хөндсөн сэдвийнх нь мөрөөр асуудал шийдэгдэх байдаг. Таны, танай редакцын хувьд хийсэн ажил үр дүнд хүрч, баярлуулж байсан тохиолдол олон уу?

              -Манай ажлуудын мөрөөр олон л арга хэмжээ авагдаж байсан. Яах вэ, цаг тухайн үеийн гоё урам л юм байна лээ л дээ. Жишээ нь, манайхан хандив хийж л байсан. Энэ ажилд гэхдээ тухайн хүндээ хандивыг яаж хүргэж өгөх вэ гэдэг их чухал. Редакциуд жишээ нь, хандивын ажил зохион байгуулахдаа хүнээ ерөөсөө боддоггүй. Нэг хүүхдэд хандив босгож өглөө гэхэд "Манайх ийм юм хийчихлээ" гээд зураг, хөрөгтэй нь зарлачихдаг. Гэтэл тэр хүүхдийн таньж мэддэг, ангийнх нь хүүхдүүд "Чи муу хандив авч байсан л гар ш дээ" гээд байвал, тэр нь насан туршийнх нь тодотгол болчихвол яах вэ. Нэг юм хийчихээд тэрийгээ заавал түмэнд зарлаад байлгүй сэтгэл дотроо гоё нандигнаад байх юм бол улам илүү үнэ цэн орох юм байна гэж боддог. Түүнчлэн бичсэн баримтын мөрөөр хэчнээн албан тушаалтан, төрийн эрх мэдэлтнийг шалгаж, бурууг нь залруулж байгааг бид тоолохоо больсон. Хуулийнхан манай сэтгүүлийг барьж байгаад баримтыг нь дэлгэсэн албан тушаалтнуудыг дарааллаар нь шалгаж эхэлсэн гэх мэт яриа дуулддаг л юм. Нийгмийн сэдэвтэй сурвалжилга, хүний эрхийн зөрчлийг хамгаалуулах гээд үр дүнд хүрсэн ажлууд бий бий.

-Эх сурвалж бол сэтгүүлчийн хамгийн том баялаг. Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах үүрэгтэй, эрхтэй. Сүүлийн үед манай сэтгүүлчид баримт их дэлгэдэг болсон. Намайг сонинд ажиллаж байхад "Баримт байгаа бол итгэлтэй бич, гэхдээ баримтаа шүүх дээр л дэлгэ” гэдэг байсан. Эндээс харахад эх сурвалжаа хайрлаж, үнэлж мэдэхгүй байна уу гэх мэдрэмж төрөх юм. Энэ тухайд танай редакц ямар байр суурьтай байдаг вэ?

Эргэлт.мн мэдээллийн сайтын "Ковид-19" төсөл "Балдорж" шагнал хүртэх үеэр, 2020 он. 

            -Сэтгүүлчийн гол үнэ цэнтэй тулгуурын нэг нь эх сурвалж мөн. Өөр дээрээ ярихад би эх сурвалжуудынхаа итгэлийг алдах, тэдний нэр төрд халдах, халдуулах юм хийж байгаагүй. Энэ нь дараагийн эх сурвалж надад итгэх баталгаа болж өгдөг. Энэ л зарчмыг манай редакц баримталдаг. Ийм ч учраас Эргэлтийг тойрсон олон зуун эх сурвалж сэтгэл тайван байдаг гэдэгт итгэлтэй байна.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.110
    2026/05/03

    Гоё ярилцлага байна аа. Амжилт

    Хариулах