Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын санаачилсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг уржигдар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд болсон.
Өнөөдөр Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Уг хуулийн төслийн зорилго нь нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийн эрхийг хамгаалж, урамшуулал, дэмжлэгийн тогтолцоонд хамруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлахгүй байж, хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд урамшуулал олгох шалгуурыг багасгах буюу хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн үйлчлэх хүрээ буюу 3.1.1-д заасан “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд, гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхэд хамаарна гэж заасан. Хуулийн уг зохицуулалтын дагуу зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгодог. Дээрх зохицуулалтаар урамшуулал авах болзолд “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх”, “нас барсан хүүхэд нь нэг ба түүнээс дээш настай байх” зэрэг нөхцөл тавигдаж байгаа нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийг зөрчиж, хүүхдийг насаар нь ялгаварлан гадуурхах нөхцөл бүрдүүлсэн гэж хууль санаачлагчид үзжээ.
Зураг: Хууль өргөн барих үе /2025.06.24/

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна