УИХ-ын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Х.Есү
2 цаг 1 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2026.05.13-нд  УИХ-ын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өргөн барьсан.

Энэ багц хуулийн төслийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл, Ж.Батжаргал, Б.Бейсен С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Р.Сэддорж, Г.Тэмүүлэн нарын 12 гишүүнээс уг хуулийн төслүүдийг боловсруулан өргөн мэдүүлсэн.

Эдгээр хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг боловсруулсан бөгөөд уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, 12 гишүүн оролцжээ.

Хуулийн төслийн зорилго

Хуулийн төслүүд нь:

  • Парламентын үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх
  • Гишүүдийн хариуцлага, сахилга батыг сайжруулах
  • Ил тод, хүртээмжтэй, иргэдтэй эргэх холбоотой парламент бий болгох
  • “Хариуцлага–итгэлийн” тогтолцоо төлөвшүүлэхэд чиглэж байна

1. УИХ-ын тухай хуулийн өөрчлөлт 

Энэхүү төсөлд:

  • УИХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалтыг оновчтой болгох
  • Гишүүдийн ирц, санал хураалтын оролцоог нэмэгдүүлэх
  • Ил тод мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх
  • Байнгын болон дэд хорооны удирдлагыг гишүүний идэвх, гүйцэтгэлтэй уялдуулах
  • Парламентын ёс зүй, хариуцлагын механизмыг сайжруулах

Мөн гишүүдийн:

  • Ирц
  • Санал хураалтад оролцсон байдал
  • Хуулийн төсөл санаачилсан болон оролцсон мэдээлэл
  • Хариуцлагын байдал

зэргийг бодит цагийн горимоор олон нийтэд нээлттэй мэдээлэх тогтолцоо бүрдүүлэхээр тусгажээ.

2. Чуулганы дэгийн хуулийн өөрчлөлт 

Чуулганы хуралдааны чанар, үр нөлөөг сайжруулах зорилгоор:

  • Хэлэлцүүлгийн дэгийг тодорхой болгох
  • Мэтгэлцээний хэлбэрийг өргөн хэрэглэх
  • Асуулт, хариултын үр ашигтай зохион байгуулалтыг бий болгох
  • Хуулийн төслийг хугацаанд нь хэлэлцэх зохицуулалт оруулах

Мөн гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаж:

  • Санал хураалтад биечлэн оролцохыг заавал болгох
  • Санал хураалт, хуралдаанд оролцоогүй гишүүдэд санхүүгийн хариуцлага тооцох
  • Хуралдаан тасалсан тохиолдолд ажлын хэсэг, дэд хорооноос хасах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

 3. Хяналт шалгалтын хуулийн өөрчлөлт

УИХ-ын хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор:

  • Хяналт шалгалтын 6 төрлийн хэрэгсэл (асуулга, сонсгол, тайлан хэлэлцэх гэх мэт)-ийг илүү тодорхой болгох
  • Хяналтын ажлын төлөвлөлт, цаглаврыг сайжруулах
  • Түр хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг нарийвчлах

Мөн хяналтын үр дүнд:

  • Хууль тогтоомжийг сайжруулах
  • Зөрчил дутагдлыг арилгуулах
  • Албан тушаалтанд хариуцлага тооцох
  • Шаардлагатай тохиолдолд Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох зэрэг бодит үр дүнд хүрэх нөхцөлийг бүрдүүлэхээр тусгажээ.

Хуулийн төслүүд батлагдсанаар:

  • Парламентын үйл ажиллагаа илүү оновчтой, үр ашигтай болно
  • Гишүүдийн хариуцлага, сахилга бат дээшилнэ
  • Хяналт, шалгалтын чанар сайжирна
  • Иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэнэ гэж үзэж байна. Эдгээр өөрчлөлт нь Монгол Улсын парламентын засаглалыг бэхжүүлж, иргэдэд илүү нээлттэй, хариуцлагатай, үр нөлөөтэй “сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд чухал алхам болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна