Н.Батсүмбэрэл: Өв соёлоо хадгалахдаа хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалсан эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал

С.Гандэлгэр
2 цаг 4 минутын өмнө

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, О.Алтангэрэл, Н.Батсүмбэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Бямбасүрэн, М.Ганхүлэг, Ц.Даваасүрэн, Х.Жангабыл нарын гишүүд хаврын морин уралдааныг аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулах хуулийн төсөл санаачилсан талаар бид өмнө мэдээлсэн. 

Тэгвэл хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Монгол түмний төрт ёс, өв соёлын нэг хэсэг болсон хурдан морины уламжлалыг хадгалан хамгаалахын зэрэгцээ хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох шаардлага бий. Иймээс УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт хаврын морин уралдааныг аймаг, нийслэлд зохион байгуулахтай холбоотой хуулийн төсөл санаачлан ажиллаж байна. 

Хуулийн төсөлд хаврын уралдааны товыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан Засгийн газрын шийдвэрээр тогтоох, мөн морийг 14 болон түүнээс дээш насны уралдаанч хүн унах зохицуулалтыг тусгасан. Үндэсний өв соёлоо хадгалахдаа хүүхдийн эрх, аюулгүй байдлыг давхар хамгаалсан, хариуцлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна. Цаашид олон нийтийн санал, мэргэжлийн байгууллагуудын байр суурийг сонсон хэлэлцүүлгийг нээлттэй үргэлжлүүлнэ" хэмээжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна