Д.Батбаяр: Иргэдээ хохирсон хойно нь биш урдчилан сэргийлэх хуулийн орчинг бий болгохоор ажиллана

Х.Есү
2 цаг 8 минутын өмнө

УИХ-ын Д.Батбаатар цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Сүүлийн 3 жилд 3,600 гаруй иргэн орон сууцны залиланд өртөж, 118 тэрбум төгрөгийн хохирол амссан нь манай хууль эрх зүйн орчин хэр сул байгааг харуулж байгаа юм. Нөгөө яриад байгаа ипотекийн зээлийн олдоц байхгүй, зээлийн шаардлага, нөхцөл хатуу, дээрээс нь танил талгүй бол олддоггүй гэсэн шалтгаануудыг ашиглаж цөөвөр чоно шиг орж ирсэн луйварчид ихэссэн.

Олон гэр бүлийн амьдралынхаа турш хөлс хүчээ шавхан цуглуулсан хэдэн төгрөгийг хээв нэг хулхидаад аваад явчихдаг нөхдүүдийг хатуу шийтгэж, иргэдийг хохиролгүй болгомоор байна.

Иргэд хохирсныхоо дараа цагдаа, шүүхийн үүд сахидаг. Энэ бол үр дүн муутай, буруу тогтолцоо. Гэмт хэрэг гарсны дараа ажиллах биш, гарахаас нь өмнө хаадаг систем, тогтолцоог хиймээр байна.

- ШӨХТГ болон холбогдох байгууллагууд барилгын төслүүдийг иргэд мөнгөө өгөхөөс өмнө хянадаг байх ёстой. Компаниудын санхүүгийн чадамж, барилгын зөвшөөрлийг олон нийтэд нээлттэй, ил тод болгох нь ТӨРИЙН ҮҮРЭГ,

- Иргэдийн мөнгийг барилгын компани дураараа захиран зарцуулдаг байдлыг эцэслэх ёстой. Барилга ашиглалтад орох хүртэл мөнгийг хөндлөнгийн хяналттай "эскроу" дансанд байршуулдаг тогтолцоог ЗААВАЛ хуульчлах шаардлагатай. Энэ бол хамгийн түрүүнд хийх зөв шийдэл.

- Иргэн бүр захиалга өгөхөөсөө өмнө тухайн компанийн "эрсдэлийн үнэлгээ"-г хардаг байх нь зүй ёсны шаардлага. Эргэлзээтэй төслүүдийг эхнээс нь "АНХААРУУЛГА" тэмдэгтэй болгож, иргэдийг эрсдэлд орохоос сэргийлэх хэрэгтэй.

Иргэдийг залилангийн эрсдэлээс хамгаалах нь төрийн үндсэн үүрэг. Хяналтгүй дураараа аашилсан луйварчдад хариуцлага тооцож, хэрэглэгчийн эрхийг төрийн хамгаалалтад авдаг хуулийн хатуу тогтолцоог хэрэгжүүлье" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна