Украины Ерөнхийлөгч В.Зелинський АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампд захидал илгээн зэр зэвсгийн тусламж хүсэхдээ Европын холбооны улсууд зэвсэг нийлүүлэхдээ хойрго мөртлөө ОХУ-тай харилцаагаа сайжруулах талаар анхаарахгүй байгаа, үүнийх нь гай манай дээр бууж байна гэсэн утгатай зүйл бичиж, энэ нь Европын холбоотой харилцах харилцаанд нь таагүйгээр нөлөөлж эхэлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. ЕХ-ны Аюулгүй байдал, гадаад харилцааны асуудал эрхэлсэд төлөөлөгч Кай Каллас энэ асуудлаар таагүй байр суурь илэрхийлсэн байдаг. Тэгвэл УАЦЭ-ийн гишүүн Европын улс орнууд Украинд зэвсэг илгээхээс татгалзаж эхэллээ.
Унгарын Ерөнхий сайд Петер Магяр өчигдөр УАЦЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзах үеэрээ Украиныг дэмжиж байгаа ч Орос-Украины дайнд ямар ч зэвсэг, цэргийн хэрэгсэл илгээхгүй гэж мэдэгдсэн байна.
Унгараас гадна Словак улс Украинтай холбоотой асуудлаас хөндийрнө гэдгээ илэрхийлсэн. Тодруулбал, Гадаад хэргийн сайд Юрай Бланар мөргөлдөөн дууссаны дараа Украин руу энхийг сахиулагч илгээхгүй гэсэн бол Ерөнхий сайд Роберт Фицо Украинд олгох Европын зээлд оролцохгүй гэжээ. Тус улсын Украинтай холбоотой асуудалд оролцох оролцоо хүмүүнлэгийн тусламжаар хязгаарлагдана гэсэн санааг дээрх хоёрын аль, аль нь илэрхийлсэн байна.
Түүгээр зогсохгүй ОХУ-ын Украин дахь үйл ажиллагаатай холбоотойгоор Европын холбооноос зохион байгуулж буй шүүх хурлуудын нэгд нь ч оролцохгүй гэж Европын парламентын гишүүн Лубош Блаха нь мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна