Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн суудалд насаараа суух ч боломжтой Ц.Цогт гэж хэн бэ

Zuv.mn
2 цаг 29 минутын өмнө

Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн уржигдар болж, Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг сонгон Ерөнхийлөгчид уламжлахаар болсон билээ. Түүнтэй Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан юм.  

Ц.Цогтын онцлог гэвэл, тэрбээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн суудалд хэдэн удаа ч улиран суух боломжтой. Түүнийг сонгогдохын өмнө Үндсэн хуулийн цэц Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, ЗӨВХӨН НЭГ УДАА ТОМИЛНО” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх" асуудлыг хэлэлцээд "Зөрчсөн" гэж дүгнэсэн. 

Энэхүү мэдээллийг гаргасан иргэн Г.Нацагдорж "Монгол Улсын Үндсэн хуульд хэрэв тухайн албан тушаал болон тухайлсан зохицуулалтад "зөвхөн нэг удаа" эсхүл "нэг удаа" гэх агуулгаар тодотгон зохицуулах хэлбэрээр бүрэн эрхийн хугацаа, хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.", Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.", Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. ...", Жаран тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэцийн даргаар есөн гишүүний аль нэгийг гурван жилийн хугацаагаар гишүүдийн олонхийн саналаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно." зэргээр тусгайлан зохицуулсан байна.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно." гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтээр тогтоож, Улсын Их Хурлаас хүлээн авч хүчингүй болгосон заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээсэн байх тул дээрх маргаан бүхий заалтыг хянан үзэж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн зохицуулалтыг хүчингүй болгож өгөхийг хүсье" хэмээн мэдээллээ танилцуулсан. 

Харин Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2-т шүүгчийг тэд, эдэн удаа томилно гэсэн үг өгүүлбэр үгүй.  

Энэ нь, хэрвээ Ерөнхийлөгч батламжилж, Ц.Цогт Ерөнхий шүүгч болж гэмээ нь, хэдэн ч удаа улиран сонгогдох боломжтой гэсэн үг юм. Дахин тодруулахад Үндсэн хуульд УДШ-ийн Ерөнхий шүүгчийг “Зургаан жилээр томилно” гэсэн л болохоос тоо заагаагүй. Тэгэхээр, 12 жил ч биш, хэдэн ч удаа дахиж болох тааламжтай нөхцөл байдал түүний хувьд бүрэлдээд байна.

Эцэст нь, төр бол ард түмэн өөрсдөдөө үйлчлүүлж, асуудлаа шийдэхээр бий болгосон бүтэц. Энэ бүтэц гагцхүү ард түмний сайн, сайхны төлөө ажиллах ёстой бөгөөд үүнийгээ Үндсэн хуулиар баталгаажуулдаг. Үндсэн хууль буюу ард түмэн, төрийн хооронд байгуулсан нийгмийн гэрээг манагч нь Үндсэн хуулийн цэц. Тийм ч учраас ҮХЦ нь үргэлж ард түмний талд, нийгмийн баримжаатай шийдвэр гаргаж байх учиртай байдаг. Хэрвээ УДШ-ийн Ерөнхий шүүгч улиран сонгогдож ажиллах нь ялзрах, ашиг сонирхлын зөрчил үүсэх, энэ нь ард түмний эрх ашигт харшилж байна гэж үзээд улиран сонгогдох боломжийг хуулиар хаасан бол ҮХЦ ч тэр талд байх ёстой бөгөөд шаардлагатай бол Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2-ыг  өөрчлөх асуудлыг ч хөндөх л ёстой юм.   

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгогдсон Ц.Цогтын ажилласан байдал

Хууль зүйн ухааны доктор (LL.D)

Мэргэшсэн салбар: Захиргааны эрх зүй, Захиргааны процессын эрх зүй, Шүүхийн эрх зүй

Боловсрол:  -Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, бүрэн дунд боловсрол (1993) -МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, эрх зүйч (1998)

Зэрэг:  -АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллеж, хууль зүйн магистр (2007) -Япон Улсын Нагояагийн их сургууль, хууль зүйн доктор (2017)

Ажлын байдал: -Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга (1998) -Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах (1998-2004) -Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч (2004-2011) -Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч (2011-2013) -Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч (2013-2021) -Улсын дээд шүүхийн шүүгч (2021-)



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна