Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарын нэрийг дэвшүүлсэн талаарх саналаа УИХ-ын дарга С.Бямбацогт танилцуулсан. Цэц есөн гишүүнтэй, Ерөнхийлөгч, УИХ, Улсын Дээд шүүхээс тус бүр гурван нэр дэвшигч санал болгосноор УИХ-аар хэлэлцэж, томилдог.
Одоогоор Цэц найман гишүүнтэй, дарга Г.Баясгалангийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад жил гаруй болж буй. Тэгвэл УИХ өөрийн хоёр мандатдаа Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг санал болгож, өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, томилгоог хийх юм.
Үндсэн хуулийн цэцийг улстөржсөн шийдвэр гаргадаг гэх шүүмжлэл байсхийгээд гардаг. Тэгэхдээ Үндсэн хуулийн эрх зүйн маргаан төрийн дээд байгууллага, төрийн дээд албан тушаалтны асуудлыг шийдвэрлэдэг учраас гаргаж байгаа шийдвэр улс төрийн үр дагавар үүсгэдэг. Үндсэн хуулийн түвшний маргаан шийддэг учраас улс төрөөс огт хамааралгүй гэж хэлэх аргагүйг хуульчид тайлбарладаг. Нэр дэвшигчид Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт ороогүй бараг 30-аад жил болсон байх. Энэ хуульд тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай. Хамгийн гол Үндсэн хуулийн үзэл баримтлал, амин сүнс болсон агуулгынх нь хүрээнд байх ёстой. Цаашдаа ч гэсэн Үндсэн хуулийн цэцийн гаргаж байгаа шийдвэрүүд олон нийтийн анхаарал татаж, шүүмжлэх зүйлс гарах байх. Гэхдээ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх үйл явцыг сайжруулвал тэрхүү механизмдаа захирагдаад явах болно гэж байв.
Нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг танилцуулъя.
Нэр дэвшигч Ж.Сүхбаатар 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. АНУ, Швед Казахстан зэрэг улсад мэргэжлийн болон бусад сургалтад хамрагдсан. Нийтийн эрх зүй буюу захиргааны эрх зүй, сонгуулийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн судалгаа хийдэг, докторант.
Ажилласан байдал:
1997-2005 онд “Улаанбаатар” эрдэм дээд сургуульд Захиргааны эрх зүйн багш, ахлах багш
1997-1999 онд УИХ-ын гишүүний орон тооны ажилтан
1999-2001 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд Хуулийн бодлогын зөвлөх
2001-2006 онд СЕХ-ны гишүүн, нарийн бичгийн дарга
2006-2008 онд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга
2008-2012 онд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга
2016 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх
2020-2024 онд УИХ-ын гишүүн
2020-2022 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга
2022-2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга
2025-2026 УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, Ерөнхий сайдын Хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.
Нэр дэвшигч Г.Эрдэнэбат 1994 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1997 онд Батлан хамгаалахын их сургуулийг Хууль зүйн магистрын зэрэгтэй төгссөн
Ажилласан байдал:
1994-1995 онд Хилийн цэргийн ангид офицер
1996-1998 онд БХИС-д багш
1998-2000 онд Хил хамгаалах ерөнхий газарт хуулийн зөвлөх
2000-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш
2005-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга
2009-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт хуулийн асуудал хариуцсан туслах
2010-2013 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга
2013-2019 онд Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч
2019-2022 онд Монголын криминалогичдын холбооны ерөнхийлөгч
2021-2023 онд УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны ахлах референт
2024-2025 онд УИХ-ын Тамгын газарт ажилтан
2026 оноос УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна