Н.Учрал: Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж чадлаа

Х.Есү
2 цаг 0 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал сайд нарын хамт "Рио тинто" компанитай хийсэн Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийн үр дүнг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж чадлаа. Бид Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулж чадлаа. Зээлийн хүүг бууруулснаар Оюутолгойн баялгаас өр зээлэнд төлөх байсан 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 8 их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна.

Мөн Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 7 жил тутам бууруулах цонх нээгддэг байсныг гурван жил тутамд эргэн харж хэлэлцдэг болгож чадлаа. Энэ жил бид Оюутолгойгоос ногдол ашиг авна. Энэ асуудлаар "Рио Тинто"-той ажиллахаар тохиролцож чадлаа. 

Хэлэлцээрийн үр дүнд Оюутолгойн баялагаас төлөгдөх 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр бид цаашдаа хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт итгэл дүүрэн байна. Монгол төрийн наадмын өмнөхөн Монголчууд эрх ашгаа хаанахын хэний ч өмнө хамгаалж чаддаг юм шүү гэдгийг нотлон харууллаа. Монголын баялаг Монгол хүндээ өгөөжтэй байх ёстой.

Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг болох Онтрэгийн хэлэлцээрийг өнөөдөр албан ёсоор эхлүүлж, Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуулинд нийцүүлсэн санал боловсруулж УИХ-д танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өглөө.

Сангийн сайд З.Мэндсайхан: Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 7 жил тутам бууруулахаар ярилцдаг байсан. Энэхүү гэрээ 2025 онд дууссан. Аравдугаар сараас эхлээд Засгийн газар тасралтгүй ажиллалаа. Хэлэлцээр маш хүнд нөхцөлд болсон гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Хэлэлцээрийн шатанд өнөөдөр эцэслэн шийдвэрлэлээ. Зээлийн хүү 10,5 хувьтай байгаа. Үүнийг бид 7,9 хувь дээр авчирлаа. Оюутолгойн зээлийн хүүг эргэн хэлэлцэх хугацааг 3 жил байхаар тогтлоо.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Менежментийн зардлыг бууруулах чиглэлээр хэлэлцээр хийгээд амжилтад хүрсэн. Одоо хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж шинэ гэрээг хийх ёстой. Засаглалыг тодорхой болгоно. Үр дүнд суурилсан үзүүлэлтүүдийг суулгана.

Манай талд ногдох зардлыг бууруулж 1,5 тэрбум ам.долларын өгөөжийг Монголын талд нэмэгдүүлсэн ашгийг гаргаж чадлаа" гэв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.