З.Мэндсайхан: Засгийн газар Рио Тинтотой далд ямар нэгэн тохироо хийгээгүй

Т.Отгонсувд
2 цаг 1 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Хуралдаанаар Оюутолгойн хэлэлцээрийн үр дүнг хэлэлцсэн бөгөөд энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр  "Оюутолгойн зээлийн хүүг 7.9 хувьтай болгосон. Цаашдаа энэ хүүг буулгах боломж бий. Зээлийн хөрөнгө оруулалтын зээлийн хүүг долоон жил тутам эргэн хардаг байсан бол одоо гурван жил тутамд эргэн харах боломж бүрдлээ. 

Өдөрт 13.6 тэрбум төгрөгийг зээлийн хүүнд төлдөг байсан бол хэлцэл хийсний хүрээнд өдөрт төлөх өртөг 25 хувиар буурч өдөрт 10.2 тэрбумыг төлөх боллоо.

Хэлцлээр тохирсон бас нэг агуулга бол Оюу Толгойн санхүүгийн, зээлийн бүтцийг бүрэн шинэчлэх дээр хамтарч ажиллахаар хоёр тал тохирсон. Ногдол ашиг хүртэх хугацаа 2039 он болж хойшилсон байсан. Хэлцлийн шууд үр дүнгээр 2026 оноос авахаар болсон. Яг хэдийг авах вэ, ямар үндэслэлээр авах хэлцэл удахгүй явагдана. Рио Тинтогийн талаас үүнийг хүлээн зөвшөөрсөн.

Энэ хэлцэл хийгдэж байх үеэр Монгол Улсын Засгийн газар Рио Тинтогийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Далд ямар ч тохироо байхгүйг ил тод хэлье. 

ОНТРЭ-гийн хэлэлцээг эхлүүлнэ. Ингэхдээ хэлэлцээрийг батлахаас өмнө Монгол талын өгөөжийг 53 болгох ёстой. Мөн Дубайн гэрээ гэж яригддаг агуулга дээр нэг л зүйлийг бичсэн байдаг. 53 хувийн өгөөжийг Монгол Улсад оногдох АМНАТ, татвар болон бусад хураамж, ногдол ашгаар өгнө гэж. Бид одоо ногдол ашгаа авах ёстой. Өгөөжийг 53 хувь хүргэхэд ажлын хэсэг ажиллана" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна