Н.Учрал: Бизнесийн орчныг чөдөрлөж тушсан энэ мэт олон саад тотгорыг цаг алдалгүй арилгахад шамдсан

Т.Отгонсувд
1 цаг 22 минутын өмнө

Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын 100 дахь өдөр тохиож байна. 

Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал "Засгийн газар ажиллаад 100 хоносон өдрүүд энэ долоо хоногт тохиож байна.

Энэ хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудын үндэслэл, шалтгаан, зорилт, зорилгыг “Чөлөөлье” үндэсний санаачилгын үзэл санаанд зангидан явуулсаар байна. Нийслэл, 9 дүүргийн удирдлага, иргэддээ "Чөлөөлье" үндэсний санаачилгын хүрээнд хийсэн ажлаа танилцууллаа.

No photo description available.

Монгол орны эдийн засгийн дэвжих суурь хөрс нь гагцхүү хувийн хэвшил, бизнесийн салбар билээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд урган гарах ёстой энэ хөрс нь ямар ч үржил шимгүй болсон байв. Зөвшөөрөл гэдэг нэртэй ч хориглолтын цааснууд, тохирол, гэрчилгээ, баталгаа гэх мэт зүсээ хувиргасан үй түмэн “чөдөр тушаа” бизнесийн орчныг хөдөлгөлгүй сааруулж байлаа.

Миний, манай Засгийн газрын эн тэргүүнд авах ёстой арга хэмжээ бол энэ саатлыг арилгах, агаар оруулах, чөлөөлөх юм. Төр ба хувийн хэвшлийн харилцаан дахь хүний оролцоо үгүй болох ёстой. Хүний оролцоог цахим талбар, хиймэл оюун ухаан орлоно.

Хайнга хандвал хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой нөлөөлж болох бизнесийн олон төрөл байдаг. Иргэн хялбархан аваад явах энгийн бизнесүүд ч маш их. Гэтэл яагаад заавал бүгд хэдэн арван бичиг баримт бүрдүүлж, хэдэн сар, жилээр ажил эхлэх зөвшөөрлөө хүлээх ёстой гэж. Энэ нугалааны нурууг тэнийлгэх шаардлагатай.

Энгийн байдлаар бүрдүүлээд л болж байдаг ажлын байрны орчинд заавал 100 шахам шаардлагын жагсаалт гаргаад тэрийг даган мөрдөж байгаа эсэхийг шалгах нь зүгээр л дарамт шүү дээ. Бидний сайн мэдэх, маш өндөр түвшинд хөгжиж дэлхийг байлдан дагуулаад буй Зүүн Өмнөд Азийн орнуудын гудамжны гал тогоо, ажиллах орчныг харвал манай хянан шалгах мэргэжилтнүүд шууд л “үйл ажиллагааг нь хаах” биз.

Бид нийтээрээ хэлбэр бус агуулга ойлгох хэрэгтэй. Бичил, гарааны бизнес эрхлэхэд үзүүлдэг тодорхой хөнгөлөлт гэж яг байна уу? Иргэдэд учирдаг (үүнийг “учруулдаг” гэж хэлбэл зохилтой) олон зовлон бий. Тэдгээрийн нэг нь орон сууц зарахад улсад төлдөг 2%-ийн татвар. Мэдээж орон сууц худалдан борлуулдаг бизнес бол өөр хэрэг л дээ. Харин өөрийн ганц байраа зарахын тулд яагаад хэн нэгэнд зүгээр ийм татвар төлөх ёстой гэж? Энэ гажуудлыг засахын тулд юуг хүлээх гэж...

Органикаар төлжин хөгжиж байх ёстой бизнесийн орчныг чөдөрлөж тушсан энэ мэт олон саад тотгорыг цаг алдалгүй арилгахад шамдсан нь манай аяны нэг шугам болсон юм. Гэх мэтээр эдийн засгийн хүрээний, хүүхэд, ахмадын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн, Монголчуудын мөнхийн мөрөөдөл болсон хүнд үйлдвэрлэлийн хөгжил, газрыг баялгийн зохист хуваарилалт, Оюу толгой ордын өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн үйл ажиллагаа ил тод болох зэрэг олон арга хэмжээ, өөрчлөлт, шинэчлэлүүд бидний “судалж, хуралдаж, дахин судалж” суухыг хүлээх боломжгүйгээр хуралдаж байсан.

Манай Засгийн газрын зорилт энэ мэтээр бүрэлдэж, бид ч нэг өдрийн өмнө болов хийж амжуулахаар хичээгээд 100 хоножээ.

May be an image of one or more people and text

Энэ долоо хоногт Ерөнхий сайдын хувьд өнгөрсөн 100 өдөрт юу эхлүүлсэн, юуг хийж дууссан, юуг амжуулж чадсанаа та бүхэндээ тайлагнана.

“Чөлөөлье” үндэсний санаачилга бол зөвхөн ажлын даалгавар биш. Төр иргэндээ үйлчлэх ёстойг, бичил бизнес бүхэн улсын эдийн засагт ямар чухлыг, төрийн оролцоо үргэлж багасаж байх ёстойг, төрийн албан хаагчийн оролцоо бүр тэг рүү тэмүүлэх учиртайг, эцэст нь эрх чөлөө ямар үнэтэйг эрхэмлэн санах шалтгааныг сануулах зорилго юм.

Эрх чөлөөний нар Монгол хүн бүрийг ивээх болтугай. МОНГОЛЫН ЗАЯА ИХ" гэжээ. 

May be an image of one or more people, crowd and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна