Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 44 хүн амь насаа алджээ

Г.Анар-Эрдэнэ
Өчигдөр 16 цаг 29 минут

Наадмын амралтын өдрүүдэд автомашины осол ихээр гардаг. Энэ сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт авто ослын улмаас гэр бүлээ алдсан Н.Энх-Амгалан манай сайтад хандаж, бид мэдээлсэн. 

Энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодрууллаа. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн С.Баярбилэг "Энэ сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд хоёр автомашин мөргөлдсөний улмаас насанд хүрсэн нэг иргэн, хоёр хүүхэд амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан.

 Энэ хэрэгт цагдаагийн байгууллагаас хэргийн газарт шуурхай очиж, мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд зохион байгуулан ажилласан.

Урьдчилсан байдлаар шалгалтын явцад тухайн мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдээс гурван иргэн амь үрэгдэж, наймаас 52 насны зургаан иргэн бэртэж гэмтсэн. Нөгөөтэйгүүр зам тээврийн осолтой холбоотойгоор цагдаагийн байгууллагаас аливаа нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой нотлох ажиллагааг хуулийн хүрээнд хойшлуулашгүй байдлаар зохион байгуулан ажилласан.

Урьдчилсан байдлаар Хариер маркын тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэд жолоочид нөлөөлсний улмаас урсгал сөрж, жолоодлого алдсан гэх нөхцөл байдал тогтоогдоод явж байна.
Өнөөдрийн байдлаар зарим дүгнэлтүүд болон шаардлагатай нотлох баримтууд эцэслэн тогтоогдоогүй байгаа учраас урьдчилсан байдлаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргье. Холбогдох дүгнэлтүүд гараад ирэхээр асуудал тодорхой болох байх гэж бодож байна. 

Ямар ч зам тээврийн осол гарсан хамгийн түрүүнд хийгдэх ажиллагаа бол тухайн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийн нөхцөл байдлыг тогтоох, тэр дундаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох нь хамгийн эхэнд явагдана. Согтуугийн зэргийг зөвхөн нэг багажаар үлээлгээд шийдчихгүй. Тийм учраас лавшруулах нотлох баримтыг бүрэн бодитой нотлох үүднээс давхар цуснаас шинжилгээ авдаг. Энэ ажиллагаанууд бүгд хийгдсэн. 

Буруу ташаа мэдээлэл яваад байгаа учраас бодит нөхцөл байдал дээр цагдаагийн байгууллагаас согтуугийн зэргийг шалгах бүхий л төрлийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийсэн гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. 

Энэ ажиллагаа нь яг одоо хийгдээд явж байгаа. эхний ээлжинд багаж үлээлгэсэн. Одоо цусны шинжилгээ аваад биологийн шинжилгээнд мэргэжлийн байгуулагын дүгнэлт гаргуулах ажиллагаа давхар хийгдээд явж байна. 

Хэргийн нөхцөл байдал мөн аливаа асуудалтай холбоотой холбогдох дүгнэлтүүд тодорхой хугацааны дараа гарна. Тухай бүрт нь цагдаагийн байгууллагаас мэдээлэл авах боломжтой.

Долоодугаар сарын 9-18-ны өдрүүдэд зам тээврийн ослоос болж 44 хүн амь насаа алдсан гэх мэдээлэл ЦЕГ-т байна. 

Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт энэ сарын 18-ны өдөр харамсалтай хэрэг гарсан. Найман настай хүүхэд машин хөдөлгөж 10 сартай дүүгийнхээ амь насыг хохироосон харамсалтай үйл явдал боллоо.

 Хүүхэд аливаа зүлйийг насанд хүрсэн хүн шиг үнэлэн дүгнэх боломжгүй. Хүүхдэд тавих хараа хяналт ямар байсан, мөн цаашлаад бусад нөхцөл байдлыг үнэн тодруулах үйл ажиллагаа хийгдэнэ. 

Цагдаагийн байгууллага холбогдох шалгалтын ажиллагааг хийж, ийм хэрэг гарсан, бүртгэгдсэн учраас сэрэмжлүүлэг болон анхааруулах, зөвлөгөө өгөх үүднээс иргэд олон нийтэд хүргэж байгаа гэдгийг та бүхэн мэдээсэй гэж хүсэж байна" гэв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.102
    6 цагийн өмнө

    Morinoos unasan Huuhdee arai we olon yum bish uu? Deed tulshind zuvhen uyaachidtai ltemtseed baidag

    Хариулах