Нарантуул захаас бизнесээ эхлүүлж, ажлынхаа хажуугаар контент бүтээж, өөрийн хүсэл зорилгын төлөө сэтгэл шулуудан хичээж яваа залуу үеийн төлөөлөл А.Батбаясгалантай танилцлаа.
Сайн байна уу? Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?
Сайн байна уу? Намайг А.Батбаясгалан гэдэг. Нарантуул ОУ-ын зах худалдааны төвд өөрийн бизнесээ эхлүүлээд мөрөөдлөө биелүүлэхээр хөдөлмөрлөж байгаа Gen Z залуу байна. Жаахан овортой харагддаг болохоор насаа хэлмээргүй байна. Хорь гаран настай гэхдээ гуч руу дөхөөгүй.
Нарантуул дээр бараа зараад хэр удаж байгаа вэ?
Нарантуул дээр бараа зараад долоон сарын хугацаа өнгөрсөн байна. Би хуучны машинд их сонирхолтой хүн. Үүнийг босгохын тулд нэлээд мөнгө хэрэг болсон. Нарантуулаас олон хүмүүс амьдралаа босгосон болохоор нэг машины хөрөнгийг босгож чадна байх гэж бодсон.
Өмнө нь өөр ажил хийдэг байсан уу?
Өмнө нь би мөрөөдлийнхөө газар ажилладаг байсан. Тухайн үед Монголын ажил эрхлэх тогтолцоо надад хэцүү санагдаад аргагүйн эрхэнд ажлаасаа гарч байсан. Бүх зүйл нурж байгаа мэт мэдрэмж авсан даа. Тэндээс гарсныхаа дараа "Өөрт байгаа бүх нөөц бололцоогоо гаргаад, хичээгээд үзье" гэж шийдсэн.
Тухайн үед мөрөөдлийнхөө ажлыг болиод зах дээр худалдаа эрхэлдэг болоход ямар санагдаж байсан бэ?
Мөрөөдлийнхөө ажлыг хийж байгаад зах дээр гарахад эхэндээ хэдхэн төгрөг олох гэж ийм хэцүү байдаг юм байх даа гэж бодогддог л байсан. Мэдээж хотын А цэгт ажиллах, зах дээр бараа зарах хоёр асар ялгаатай. Нарантуул дээр бараа зарна гэдэг бусад худалдааны төвүүд шиг товчлуур дараад гэрэл асах, хаалга хаагдах, түгжигдэх гэсэн зүйл байхгүй бүгдийг нь өглөө оройдоо нэг бүрчлэн гинжнээс нь салгаад авдартаа хийгээд, буцаж гаргах гэх мэт хүндрэлтэй зүйлүүд олон тулгарна.
Зах дээр худалдаа эрхлэхийн хамгийн хэцүү зүйл нь юу гэж бодож байна вэ?
Идэр есийн хүйтэнд гадаа бараагаа борлуулна гэдэг аймшигтай юм байна лээ. "Хөөх ийм байдаг байх нь ээ" гэх бодол өөрийн эрхгүй төрсөн. Гэхдээ нохой гутлаа өмсчихсөн, халуун цай уугаад хүмүүстэй ярилцаад суухаар зарим талаараа бас хөгжилтэй үеүд ч байдаг. Би одоо ч энд гарахаас жаахан халширдаг. Миний бичлэгүүдийг үздэг хүмүүс урмын үг хайрладаг болохоор одоог хүртэл эндээ байгаа байх гэж боддог доо.
Зах дээр байдаг хоолны газруудыг хүмүүс муугаар хэлээд л байдаг. Муу газрууд байдаг ч сайн амт чанартай хоолны газар, хувь хүмүүс ч гэсэн байгаа. Тэднээс л аваад идчихдэг. Гэхдээ захын голоор явж хоол зарж байгаа хүмүүсийн сэтгэл нь сайхан хүмүүс байдаг. Бага мөнгөөр амьдралаа болгоод сурчихсан.
Хөдөлмөрийн үр шим амттай байдаг уу?
Мэдээж тэгэлгүй яахав. Хамгийн гоё мэдрэмж нь хүмүүс таниад, хүрч ирээд урмын үгс хайрлаад явах байдаг. Хүмүүст бичлэгүүд маань хүрнэ гэж бодоогүй. Энгийн, өдөр тутмын, хүний амьдралд ойр бичлэгүүд хийдэг болохоор хүмүүс эергээр хүлээж авах нь их байдаг. Намайг үздэг бүх хүмүүстэй үнэхээр их баярлалаа. Цаашдаа ч мөн олон контентуудаар уулзах болно.
Цаашдын зорилгоосоо бидэнтэй хуваалцаач?
Одоогоор хамгийн том зорилго маань арав дугаар сарын арван гэхэд дэлгүүртэй болохыг хүсэж байгаа. Энгийн хувцас зардаг газар биш дотроо төрөлжсөн дэлгүүр байлгахыг хичээнэ дээ.
Залуу үеийнхэндээ хандаж юу гэж хэлмээр байна?
Хүмүүс хийе гэж ярьдаг ч зориг нь дутдаг юм шиг санагддаг. Тиймээс зоригтойгоор дуртай зүйлээ хийж хөдөлмөрлөж амьдарцгаая залуусаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна