Эрт илрүүлбэл хавдар бүрэн эмчлэгдэх боломжтой: ХЭҮА Хөвсгөл аймагт хэрэгжиж эхэллээ

Т.Отгонсувд
1 цаг 29 минутын өмнө

Хөвсгөл аймагт 2025 онд шинээр оношлогдсон хорт хавдрын тохиолдлын 72.2 хувь нь III-IV буюу хожуу шатандаа оношлогдсон бол, хорт хавдрын шалтгаанаар нас барсан иргэдийн 51.9 хувь нь оношлогдоод нэг жилийн дотор нас барсан гэсэн харамсалтай статистик байна.

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хорт хавдрыг эрт үед нь илрүүлэн эмчлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ХААН Банкны санхүүжилтээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран хэрэгжүүлдэг "Хавдрын эсрэг үндэсний аян" энэ жил 16 дахь жилдээ үргэлжилж байна. 2026 онд тус аяныг Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнгөрсөн сард Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулж, энэ удаад Хөвсгөл аймагт албан ёсоор эхлүүллээ.

Хөвсгөл аймагт "Хавдрын эсрэг үндэсний аян" өмнө нь 2011, 2012, 2013, 2016, 2019 онуудад амжилттай хэрэгжсэн бөгөөд энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Өмнөх таван удаагийн аяны хүрээнд 9,088 иргэнийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулж, 56 хорт хавдар, 114 хорт хавдрын сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэн шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбон ажилласан билээ.


Харин энэ удаагийн аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар Хөвсгөл аймгийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, зөвлөгөө үзүүлж, хорт хавдар болон хавдрын урьтал эмгэгийг эрт үед нь илрүүлэхээр ажиллах юм. Мөн орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чиглэлээр мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

2011 оноос хойш тасралтгүй хэрэгжиж буй энэхүү аян Монгол орныг дөрвөн удаа бүтэн тойрон ажиллаж, өнөөдрийн байдлаар 140 мянга гаруй иргэнийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулжээ. Мөн 10 мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургалтад хамруулж, 700 гаруй хорт хавдрын тохиолдлыг эрт илрүүлэн, 550 гаруй өвчтөнд яаралтай мэс засал хийх боломжийг бүрдүүлсэн байна.

ХААН Банк нь банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ боловсрол, байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлээр урт хугацааны, тогтвортой үр нөлөө бүхий төсөл, хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд  "Хавдрын эсрэг үндэсний аян"-д өнөөдрийг хүртэл нийт 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна