УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэнгийн жилийн орлого 7.7 дахин өсөж 714 сая төгрөг болжээ

С.Батзаяа
2 цаг 1 минутын өмнө

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар таван жил ажиллаж буй Х.Хэрлэнгийн хөрөнгө орлогын мэдүүлэг өсчээ. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Австралиас буцаж ирээд Ерөнхий сайд болсны дараа Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсон юм. Улсын төсвийн бараг ихэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын гол агентлагийн даргаар 2017-2021 он хүртэл ажиллаж байгаад “суга” дэвшиж УБТЗ ХНН-ийн даргаар томилогдсон билээ. Хаана төсөв мөнгө өндөр байна тэр газар руу томилогдсон гэсэн үг. Үүнийг “крандуулах” ч гэж ярьдаг болоод буй юм.

Түүнийг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн найз гэх яриа бий. Тэрбээр Хэнтий аймагт 1967 онд төрсөн. Төрийн Тэргүүнтэй үе тэнгийн “үхэр, хонь” жилтнүүд аж. УБТЗ ХНН-ийн даргаар томилогдох үед жилийн орлого нь 92 сая байсан бол дөрвөн жилийн дараа буюу 2025 оны эцэс гэхэд жилийн орлого нь 7.7 дахин өсөн 714 сая төгрөгт хүрсэн байна.

Энэ хугацаанд машин тэргээ ч сайжруулж туулах чадвар өндөр Mercedes Benz G 500 машинтай болж, түүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 600 саяар үнэлж, мэдүүлжээ. Ашигт матмалт, газрын тосны газрын даргаас буухдаа 1.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан бол 2025 оны сүүлээр 1.7 тэрбум болж нэмэгдсэн байна.

Барилгын инженер мэргэжилтэй сүүлд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн түүний хувьд салбарын бус хүн ч уул уурхай, зам тээврийн салбарын удирдах албан тушаалд 10 дахь жилдээ ажиллаж байна.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна