УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Ардчилсан сэргэлт холбооноос нам дотор Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшүүлэхээ зарласан. Энэ талаар түүнээс тодруулахад "Манай Ардчилсан сэргэлт (АС) холбоо УИХ-ын 10 гаруй, Үндэсний бодлогын хороонд 100 гаруй гишүүнтэй. Уламжлал, шинэчлэлийн хослол болоод ардчиллыг дээдэлсэн холбоо байгаа. Манай холбооны гишүүд намайг нам дотроо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь зүйтэй гэх шийдвэр гаргасан. Энэ саналыг би хүндэтгэлтэйгээр хүлээж авч байгаа” гэлээ.
Мөн тэрбээр чуулганы ирц бүрдэхгүй байгаа асуудалд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "УИХ-ын гишүүн ард түмэндээ амлалт өгч сонгогддог. Ард түмний элч төлөөлөгч болж тангараг өргөдөг. Намууд ч гэсэн Монголын ард түмний амьдрал ахуйг сайжруулна гэсэн мөрийн хөтөлбөртэй ордог. Өнөөдрийн хувьд дэлхий нийтээрээ хямралтай, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орсон байна. Хоёр гурван ч газар нефтийн гацаатай, дайн байлдаантай нөхцөл байдалд байна. Ийм хүнд үед Монголын ард түмэн болоод гишүүд эвтэй, эв нэгдэлтэйгээр даван туулах ёстой" гэв.
Түүнчлэн “Эрх баригч намын Ерөнхий сайд нь авлига гэмт хэрэгтэй тэмцье, хариуцлага тооцъё гэж байна. Үүнийг дэмжинэ. Манай нам ч гэсэн авлига, хулгай, гэмт хэрэг хийдэг хариуцлагагүй байдлаасаа салах цаг болсон гэж үзэж байна. Алийн болгон ингэж явах вэ дээ, улс орноо бодоцгооё” хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна