С.Бямбацогт, Ж.Батжаргал нар гишүүдээ "базаж", зангидаж чадахгүй байна

С.Батзаяа
2 цаг 21 минутын өмнө

Эрх баригч намын хэрүүл “зодоон” хэрээс хэтэрлээ. Сүүлдээ УИХ хуралдаж чадахгүйд хүрч байна. МАН 2016 оноос хойш гурав дахь парламентад үнэмлэхүй олонх болж, засгийн эрх барьж буй. 2016-2020 онд 65 суудал авч эрх барьж байх үедээ 32:33 гэж хоёр талцаж, УИХ бүтэн сар ирц бүрдэхгүй, хуралдаж чадахгүй болж байв. Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд чуулганы ирц хүрэхгүй байх, гишүүд фракцад нь ашиггүй бол ирцээр “бойкотлох” хэвийн үзэгдэл болтлоо МАН вакуумжжээ. Ард түмний амьдрал гэж улстөрчид хамгийн их ярьдаг хэр нь өнөөдөр тэдний “эсрэг” ажиллаж байна уу гэлтэй. Яг бодит байдалд иргэдийн амьдрал амжиргаа, худалдан авах чадвар, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гээд нийгмийн амьдрал олон асуудал, учиг зангилааг эрх баригчид мэдрэхгүй байна.

Албан тушаалын томилгоо, сандал суудлын хэрүүл болохоор хууль тогтоож, бодлого боловсруулах үүрэгтэй УИХ хуралдаж чадахгүйд хүрчихнэ. 2025 оны намар мөн л УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй, шөнө дөл хүргэж байсан юм. Энэ удаа ч байдал давтагдлаа. Уг нь УИХ-ын дарга С.Бямбацогтыг хоёр талцаад буй бүлгийнхээ гишүүдийг эвлэрүүлэх дундын хувилбар гэж спикерээр томилоод хагас жилийн нүүр үзэх гэж буй ч парламентын эв нэгдлийг хангалттай хангаж чадахгүй байна.

Тэрбээр “Иргэдийн амьжиргаагаар наадаж, хүмүүсийн амьдралыг хөл доороо дэвсэлж улс төр хийхгүй. Иргэд цалин, тэтгэврийн нэмэгдлээ хүлээж үнийн өсөлтөд дарлуулж байна. Энэ бүгдийг УИХ шийдэх ёстой” хэмээн чуулганы индэр дээрээс хэлж, гишүүдийг хуралдаа суухыг гуйж шаардсан ч үгэнд нь орохгүй байгаа юм. Өнгөрсөн пүрэв гарагт чуулганы ирц бүрдээгүй учир даваа гараг болтол хойшлуулсан ч мөн л ирц бүрдэхгүй байв. Арга ядсандаа хуралдаа суухгүй гишүүдийг зарлаж, иргэдийн амьдралтай уясан ч гишүүд фракц хоорондын болон амин хувийн эрх ашгаа эн тэргүүнд тавьлаа.  

МАН парламентад 68 суудалтай. УИХ дахь бүлгийн дарга Ж.Батжаргал бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангах тал дээр туйлын хангалтгүй ажиллаж байна. Байсхийгээд МАН-ын бүлгийн гишүүд чуулгандаа суухгүй байх, хурлаа таслах энүүхэнд болсон. Гэсэн ч бүлгийн дарга Ж.Батжаргал “Манай намын бүлэг эв нэгдэлтэй байгаа” гэхээс өөр дорвитой хариулт өгөөгүй. Сул гишүүнээс суга дэвшиж бүлгийн дарга болсон түүнд эрх баригч намын 68-ын бүлгийг “базах” зангараг, хүч дутаж байна.

УИХ-ын ирц бүрдэхгүй байгаад АН буруугүй. Учир нь, МАН дангаараа ирцээ бүрдүүлэх бүрэн боломжтой. Бүр Засгийн газарт хамтарсан бусад нам, эвслийн бүлгийн гишүүдтэйгээ нийлээд 80 “кноп” бий. Ирц хангалттай бүрдэх нөхцөл, боломж дунд ажиллаж байгаа ч УИХ-ын дарга гишүүдтэйгээ эв зүйгээ ололцохгүйгээс төрийн ажил нэг талдаа гацаж байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн “УИХ-ын дарга зангарагтай бай. Хоёр талцсан бүлгийн гишүүдийнхээ олонх талд нь гарч ажиллаад, “гүлдийгээд” сууж болохгүй. Эв нэгдлийг хангах ёстой” хэмээсэн нь “бай”-гаа оносон эрүүл шүүмжлэл байв.

УИХ дахь сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл “Олонхи болсноор бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн эрх баригч хүчин өөрийнхөө дотоод зөрчлөөс болж УИХ-ын үйл ажиллагааг гацааж, зогсоочихоод бусад руу нялзааж байгаа нь өрөвдмөөр улс төр шүү, увайгүй үйлдлээ зогсоох шаардлагатай. Ардчилсан нам төрийг тогтворгүй болгож байна гэдэг мэдээллийг зориудаар түгээж байна. Ер нь  УИХ дахь МАН-ын бүлгийн 68 суудал дээр Засгийн газарт нэгдсэн улс төрийн хүчин нэмэгдээд 80 суудалтай. Ийм  улс төрийн хүчин дотооддоо үйл ажиллагаагаа зохион байгуулаад явахад Засгийн газрыг огцруулах асуудал яригдахгүй” хэмээсэн билээ.

Монгол Улс парламентын засаглалтай улс. Энэ удаагийн парламент холимог систем буюу тойрог, жагсаалтаас бүрдсэн. Анх удаа 126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүрдсэн ч олонхийн бүлэг дангаараа ирцээ бүрдүүлэх хангалттай суудал авсан.  

Эрх баригчдын дотоод зөрчил, хагарал эвлэрэх орой зайгүй болтлоо хүндэрснийг Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох тухай Ерөнхий сайдын саналыг сонсох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирцээ бүрдүүлж чадалгүй хоёр удаа хойшилсноос харж болохоор байна.

Товчдоо, УИХ-ын дарга С.Бямбацогт парламентаа , УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал олонхын бүлгээ зангидаж чадахгүй болсон нь эндээс тод томруун харагдаж буй юм. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна