Н.Учралын айдас

Х.Батсайхан
1 цаг 39 минутын өмнө

Эрх баригч МАН-ын хуваагдлаас болоод Монголын төр дахин гацаанд ороод байна. 30, 38-аараа талцсан эрх баригчид дотооддоо хэрүүл тэмцлээ өрнүүлэх зуураа гадна талд чуулган хуралдах боломжгүй байгаагийн бурууг Ардчилсан нам руу чиглүүлэхийг оролдсон байдалтай өдөр хоногийг өнгөрөөсөөр хоёр дахь долоо хоногтойгоо золголоо.

Уг нь Чуулганыг яг одоо ч хуралдуулах боломж МАН-д бий. Боломж нь МАН-д байна гэхээр хуралдахгүй байгаа буруутан нь ч тэд гэдэг нь тодорхой харагдах биз.

Эхний арга нь, МАН Чуулганы ирц бүрдүүлэх. Тодруулбал, намын дарга Н.Учрал, УИХ дахь бүлгийн дарга Ж.Батжаргал нар гишүүдийнхээ ирцийг хангуулах. Гэвч тийм чадамж гарч ирээгүй байна.

Уг нь Н.Учрал МАН-ын дарга болохдоо 95 хувийн дэмжлэг авсан. Энэ бол МАН доторх фракцууд хүний өөрийнгүй түүнд итгэж дэмжсэний шинж. Гэвч харамсалтай нь, тэрбээр эв нэгдэл хангах /жишээ нь томилгоо/ чиглэлд хангалтгүй ажилласан бололтой. Яагаад ч юм түүнд үзүүлсэн 95 хувийн дэмжлэг алга болжээ.

Дээр нь, МАН УИХ-д 68 суудалтай, эвсэлд нэгдсэн Үндэсний эвсэл, ХҮН намтай нийлээд 80 суудалтай. Тиймээс яг одоогийн байдлаар л лав түүнээс намаа базаж чадахгүй төдийгүй засагт хамтарсан намууддаа нөлөөлж чадахгүй байгаагийн зэмийг асуухад ч буруудахааргүй байна.

Хоёр дахь арга нь, Ардчилсан нам Чуулганы ирцийг бүрдүүлэх. Энэ нь бас л Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой, тэрбээр АН-ын тавьсан “Итгэл үзүүлэх эсэх” асуудлыг УИХ-д оруулж ирэхэд л болно.

Парламентын засаглалтай улсад бодлогын том шийдэл дээр Ерөнхий сайд нь Парламентдаа Итгэл үзүүлэх эсэх асуудлыг өөрөө оруулж ирдэг, дэмжлэг авбал бодлогоо үргэлжлүүлдэг, үгүй бол огцорч, өөр бодлого дэвшүүлэх нэгэнд байраа тавьж өгдөг жишиг бий.

Улсын төсөв бол яах аргагүй том бодлого, улс орны ирээдүйтэй холбоотой асуудал. Н.Учрал төсвийн зарлагыг огцом нэмж, нэмэгдсэн зарлагын ихэнх нь урсгал зардал буюу цалин тэтгэврийн нэмэгдэл байхаар тооцсон төсөв оруулж ирсэн.

Суурь асуудал шийдэх боломжтой их хэмжээний орлого нэг дор орж ирж буй алтан боломжийг урсгал зардал болгох нь алсдаа улс орныг эрсдэлд оруулна, бодлого чинь биш байна гэдэг асуудлыг АН тавьсан. Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2027 оны төсвийн талаар гаргасан дүгнэлт зөвлөмжид ч энэ талаар бичсэн байгаа.

Цаашдын олон, олон Засгийн газрын хийх ажлг тодорхойлох ийм чухал асуудлыг ганц Н.Учрал том толгойлж шийдэхгүй гэдэг АН-ын байр суурь үнэний хувьтай.

Тиймээс Н.Учрал үнэхээр бодлогодоо итгэлтэй байгаа бол Итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирээд, асуудлаа шийдүүлээд явах боломжтой. Харамсалтай нь, тэр тохиолдолд итгэл үзүүлэхгүй байх магадлал байгааг өнгөрсөн хэд хоногт зарлагдсан ч хуралдах хэмжээнд хүрээгүй УИХ-ын Чуулганы ирцээс харж болж байна. Өөрөөр хэлбэл, Н.Учралд огцрох вий гэсэн айдас байна. Гэхдээ АН-аас биш, өөрийнхөө намынхнаас айх айдас байна. Төсвийн тухайд, засаж болно. Засах ч ёстой.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.19.18
    25 минутын өмнө

    Шударга ёс зөв зүйлийнхээ төлөө тэмцээд зүтгээд байгаарай Учрал сайд аа.Та залуу хүн бүү шантраарай тууштай байна шүү

    Хариулах