ТОДРУУЛГА: Хотод хоёр баавгай үзэгдсэн гэх дуудлага ирсэн. Дроноор хайж, Гачуурт оруулаад алдсан

Г.Долгорсүрэн
2 цаг 10 минутын өмнө

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншсанаар Улиастайн гүүрний ойролцоо баавгай үзэгдсэн тухай мэдээллийг өчигдөр /2026.09.22/ хүргэсэн.

Хотод орж ирсэн баавгайг олсон эсэхийг Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтэн Х.Наранбатаас тодрууллаа.

-Хотод орж ирсэн баавгайг олоогүй, хотоос гарсан гэх ул мөр үзэгдээгүй тухай мэдээлэл гарч байна. Баавгайг эрэн хайж буй ажиллагаа юу болж байна вэ?

-Өчигдөр өдрийн 05:40 цагийн үед Улиастай голын гүүр Адам, Евагийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай явж байгаа талаарх мэдээлэл бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газар, Онцгой байдлын байгууллага болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран эрлийн ажлыг зохион байгуулсан. Хоёр дрон нисгэж, мөрөөр нь хайсан.

Улмаар Баавгайг Гачуурт оруулаад алдсан. Голоо дагаад мод руу орсон байж болзошгүй гэж үзэж байгаа. Одоо ч тухайн бүсийн хоёр байгаль хамгаалагч хайж байна.

Мөн Цонжинболдогийн ойролцоо баавгай үзэгдсэн гэх дуудлага ирсэн. Хайж байгаа.

-Хотод болон хотын ойролцоо үзэгдсэн хоёр баавгай хаанаас орж ирснийг нь тогтоосон уу. Баавгайг олбол ямар арга хэмжээ авах вэ?

-Хаанаас орж ирснийг нь мэдэхгүй. Олбол зэлүүд зэрлэг байгальд нь аваачиж тавина. Эсвэл ичээнд орох хүртэл нь байлгаж байгаад шилжүүлнэ.

-Баавгай суурьшлын бүс рүү орж ирээд байгаа шалтгааныг та юу харж байгаа вэ?

-Идэш тэжээл хайж орж ирж байна. Самар, мөөг их хэмжээгээр түүх, ан хийх зэрэг нөлөөлж байна. 

Ойн бүсэд агаар салхинд гарах, алхах, аялал зугаалгаар явах иргэд та бүхнийг аюулгүй байдлаа хангаж, нөхцөл байдал тогтворжих хүртэл ой, уулын бүсэд зорчихгүй байхыг анхааруулж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна