Х.Баасанжаргал: Л.Энх-Амгалан сайд 50 тэрбумын задаргааг залруулж оруулж ирэх ёстой

Г.Анар-Эрдэнэ
2 цаг 12 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал цаг үеийн  асуудлаар өнөөдөр /2026.09.22/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газрын төсөв батлах процесс олон жил ийм муухай байгаа. Та бүхэн харсан байх. Өнгөрсөн жил ч тойргийн гишүүдэд хэдэн төгрөг амласан, тойргийн гишүүд нь ч өөр өөрсдийнхөө тойрогт төсөв тавиулахын тулд Засгийн газартай хуйвалдаанд хийдэг. Үүнийг нь илчилсэн гээд жагсаалтын гишүүдийг ад үзэж, жагсаалтын гишүүд хурал хийлгэхгүй байна, ажил хийлгэдэггүй гэж дайрч байна. Энэ асуудлыг өнгийж харах ёстой гэж харж байна.

Жагсаалтынх ч бай, тойргийнх ч бай бүгдээрээ л УИХ-ыг гишүүд, бүрэн эрхтэй байх ёстой. Тэр дундаа жагсаалтын гишүүд тойргийн эрх ашиг дээр анхаарахаас илүү Монгол улсын нийтлэг эрх ашгийн асуудал дээр илүү анхаарч, эрэмбэлдэг учраас асуудлыг арай өөр өнцгөөс нь гаргаж ирээд асуудаг. Асуудал дээр ерөөсөө бодлогын мэтгэлцээн өрнүүлэхгүй, субъектив мэтгэлцээн өрнүүлээд хэдэн эмэгтэй гишүүдийгээ хуйвалдаан хийсэн мэт нөхцөл байдалд оруулж байна.

Зарим хэвлэл мэдээллийн байгууллага цахим сүлжээнд уучлалт гуйлгах гээд хуралдаа орохгүй байна хэмээн сэдэв хазайлгасан байсан. Үүний цаана ямар агуулга байна вэ гэвэл нам төлөвших, парламентын засаглал тогтох зэрэг гол мөн чанар руугаа халдаад байгаа нь болохгүй зүйл гэдгийг илэрхийлсэн эсэргүүцлийн нэг хэлбэр. Түүнээс уучлалт гуйх үгүйдээ биш.  

Л.Энх-Амгалан сайд биднийг хэвлэлээр шунал нь дийлддэггүй жагсаалтын гишүүд гэж өчнөөн олон янзаар хэлсэн. Энэ хэвийн үзэгдэл байх ёстой гэж үү. Шуналтай гээд байгаа бол хэнийг, юу хийсэн гэдгийг маш тодорхой байлгах ёстой. Нийт жагсаалтын гишүүд болохоо байсан юм шиг хандаж байгаад харамсаж байна.

Үе үеийн тойргийн гишүүдэд бидний тавьж байгаа асуудал эмзэг тусаж байгааг ойлгож байна. Тойрогтоо зам тавиулаад 2028 оны сонгуулиар нэр дэвшмээр байдаг. Тэгтэл замын мөнгийг нь болиулаад боловсролын салбарт өгөх хэрэгтэй гэдэг санал гаргасан болохоор зөрөлдөөн үүссэн. Гэхдээ энэ зөрөлдөөн нь улсын эрх ашгийнх уу, тойргийнх уу, хувь улс төрчийн нэр хүндийн асуудал уу гээд олон асуудал байгаа учраас үүнийг бид том дүр зургаар нь харах ёстой гэж бодож байна.

Би хувьдаа Л.Энх-Амгалан сайд болон сангийн яам боловсролтой холбоотой 50 тэрбум төгрөгийн задаргааг залруулаад ирүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Хэзээ, ямар мөнгийг юунд зарцуулах гэж байгааг тодорхой болгох хэрэгтэй. 

Өргөдлийн байнгын хороонд ирсэн материал ямар шугамаар хэнд яаж очсон нь ил тодорхой болчихсон байгаа. Сангийн яамнаас ирсэн материал гээд байршуулчихсан. Үүний төлөө яагаад бусад жагсаалтад байгаа гишүүд буруутаад байгаад тайлбар хийх ёстой. Хууль хяналт тогтооно гээд энэ асуудлаас зайлсхийж болохгүй" гэлээ. 

  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна