328 тооны бог мал хулгайлж нийт 180 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлжээ

Х.Есү
1 цаг 10 минутын өмнө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 589  удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 242 нэгжээр буюу 69.7 хувиар өссөн байна. Нийт бүртгэгдсэн мал хулгайлах гэмт хэргээс 300 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаар илрүүлэлт 51.5 өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд үүний хүрээнд гарал үүсэл тодорхойгүй мал, махны тээвэрлэлтийг шалгах, хяналтын цэгүүдийг шинээр байгуулах болон зах, худалдааны төвүүдэд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж эхлээд байна.

Энэ онд илрүүлсэн онцлох хэргээс дурдвал Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт нэр бүхий 3 иргэн үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан нийт 50 удаагийн үйлдлээр бусдын 66 тооны бод, 328 тооны бог малыг хулгайлж нийт 180,530,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлсэн.

Мөн Төв аймгийн нутаг дэвсгэрт 29 тооны эр ямааг хулгайлан өөрийн өвөлжөөндөө нууж байгаад porter маркийн машинаар ачиж явсныг илрүүлэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд нь  гол төлөв 18–55 насны, ажилгүй эсвэл туслах малчид бөгөөд амар хялбар аргаар ашиг олох зорилгоор уг гэмт хэргийг бүлэглэн үйлддэг байна. Тэд иргэдийн малыг бэлчээрээс нь тууж, тээврийн хэрэгсэлд ачих эсвэл бэлчээрт нь нядлах аргыг дийлэнхдээ ашигладаг.

Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд малаа байнгын хариулгатай байлгаж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх, мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр завдсан, эсхүл үйлдсэн тухай мэдээ, мэдээллийг мэдсэн даруйдаа цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд болон өөрт хамгийн ойр цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна