АЛДАГДСАН ОРДУУД: “Баруун хязгаарын Тавантолгой” хэмээх, Ухаа худагаас 10 дахин их нөөцтэй байж мэдэх Хөшөөтийн бүлэг орд

Zuv.mn
1 цаг 40 минутын өмнө

МАН-ын 2024 оны сонгуулиар ард түмэнд танилцуулж дэмжлэг авсан мөрийн хөтөлбөрт Байгалийн баялгаас ард түмэнд хувь хүртээх амлалт бий. Эрх баригчид сонгуулиас хэдхэн сарын өмнө Баялгийн сангийн тухай хуулийг шинээр баталж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр иргэд байгалийн баялгаасаа Ирээдүйн өв сан, Хуримтлалын, хөгжлийн гэсэн гурван сангаар дамжуулан хувь хүртэх боломж бий болсон юм.

Харамсалтай нь, иргэдийн нэрийн дансан дахь мөнгө төдийлэн арвижсангүй. Бүр тодорхой хэлбэл, иргэд МАН-д итгэж саналаа өгөх болсон шалтгаан болох Баялгийн сан, нэрийн дансанд бичигдсэн мөнгөнийхөө үр шимийг үзээгүй хэвээр байна.

Баялгийн санг арвижуулахад Стратегийн ордууд чухал үүрэгтэй бөгөөд эдгээр ордын үр ашгийг нэмэгдүүлэх, хувьд шилжсэн, Стратегийн орд түшиглэж бий болсон үүсмэл орд эзэмшигчидтэй хийх хэлэлцээр маш удаашралтай үргэлжилж буй.

Тиймээс “АЛДАГДСАН ОРДУУД” цувралаа эрчимтэйгээр үргэлжлүүлэхээр боллоо. Энэ нь нэг талаар, Үндсэн хууль, Баялгийн сангийн тухай хуулийг амьдралд хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлж, эрх баригч МАН-ын зарим нэгэн өндөр албан тушаалтан, тодруулбал өдгөө УИХ-ын даргаар ажиллаж буй С.Бямбацогт ЗГХЭГ-ын дарга байхдаа мэдэгдсэн "2030 он гэхэд иргэн бүрийн дансанд 10 сая төгрөг хуримтлуулах" зорилтыг хэрэгжүүлэхэд дэм болох болов уу.

Баялгийн сангийн хөрөнгийг нэн даруй арвижуулахын тулд мэдээж, эргэлтэд ороогүй орд биш, ашигтай ажиллаж байгаа уурхай хэрэгтэй. Тэгвэл энэ шаардлагад хамгийн ихээр нийцэх орд бол Ховд аймагт оршдог Хөшөөтийн нүүрсний бүлэг орд юм.

Бид “Алдагдсан ордууд” цувралыг эхлүүлэхдээ Стратегийн жагсаалтад багтсан ордуудаас гадна Стратегийн ордын жагсаалтаас хуулийн дагуу буюу УИХ-ын тогтоолын дагуу хасагдсан ч төрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон, яах аргагүй Стратегийн орд болох Хөшөөт, Цагаан суваргыг хөндөнө гэж амалж байсан билээ.

“Баруун хязгаарын Тавантолгой”

Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний бүлэг ордыг 1970-аад онд Зөвлөлт, Монголын геологичид улсын төсвийн хөрөнгөөр олж илрүүлсэн бөгөөд 1980 онд Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар эртний насжилтай, илчлэг өндөртэй 24 сая тонн коксжих нүүрсийн нөөцтэй хэмээн тогтоосон байдаг.

Хожим /2007 онд/ Хонконгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй “Монголиа Энержи Корпорэйшн”-ий (МЕК) 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мон-Эн-Ко” ХХК хайгуул хийж, 87.5 сая тонн нөөцтэй хэмээн тайлан гаргасныг “Эрдэс баялгийн зөвлөл” дэмжиж, АМХЭГ-ын дарга тушаалаараа баталсан.

Гэвч энэ нь дутуу тоо бөгөөд анхнаасаа ордыг Стратегийн жагсаалтаас хасахын тулд жижиглэн хуваасны үр дүн нь энэ юм.


Тавантолгойн ордын талаар “Монголыг 200 жил тэжээнэ” гэсэн яриа байдаг. Тэгвэл Хөшөөтийн бүлэг ордод Монголыг лавтайяа 100 жил тэжээх нөөц бий. Тодруулбал, бүлэг ордын нийт нөөцийг 4.5 тэрбум тонн гэж үздэг бөгөөд өдгөө 12 лиценз болгон жижиглэсний есийг нь “МоЭнКо” ХХК, гурвыг нь “Тефис майнинг” ХХК эзэмшиж буй.


“МоЭнКо” ХХК Ховдыг хөгжүүлэх амлалтаасаа буцсан баримтууд

 “МоЭнКо” ХХК Хөшөөтийн ордыг ашиглах зөвшөөрлийг Ховд аймгийн захиргаанаас авахдаа тодорхой үүрэг, амлалт авч, гэрээ хийжээ. Хачирхалтай нь, 2010 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр байгуулсан 01/01 тоот уг гэрээ, гэрээний биелэлт, тайлан орон нутгийн архивт байдаггүй.

Өөрөөр хэлбэл, 36 МВт хүртэлх хүчин чадалтай цахилгаан станц барих, коксжуулах үйлдвэр байгуулах, уурхайг шууд хилийн боомттой холбосон 311 км авто замаа Монгол Улсын авто замын сүлжээнд холбох зэрэг одоо ч биелэгдээгүй байгаа олон амлалтуудыг тусгасан гэрээ ямар нэг байдлаар алга болсон гэсэн үг. Гэхдээ тухайн гэрээ нь аймгийн хувьд маш том үйл явдал байсан учир өдөр тутмын хэвлэлд дэлгэрэнгүй мэдээлэгдсэн нь өнөөдөр эх сурвалж болж байна.

“Ховдын мэдээ” сонинд бичсэнээс үзвэл, хэрвээ “МоЭнКо” амлалтаа биелүүлсэн бол Баруун бүсийн аймгууд эрчим хүчний хараат байдлаасаа бага ч гэсэн салчихсан, Улаанбаатар хотын гэр хороолол коксжсон түлшид шилжиж утааны асуудал шийдэгдсэн байх боломж байсан. Гэвч хийгээгүй.

Одоогоос гурван жилийн өмнө Хөшөөтийн нүүрсний ордын талаарх иргэдийн хэлэлцүүлэг Ховд хотноо болоход “МоЭнКо” ХХК ордын тадлаар сонин хэвлүүлж, сонсгол болох танхимын суудлуудын түшлэгт тохож тавьсан байсан бөгөөд уг сониндоо 2010 оны анхны гэрээгээ ор тас үгүйсгэж, “Ховд аймгийн захиргаатай анхны гэрээгээ 2014 онд байгуулсан” гэж бичсэнийг хараад жигшиж билээ.

Ховд аймгийн Захиргаа, ард иргэд гэрээ байгуулахгүйгээр бүтээн байгуулалт эхлүүлэх зөвшөөрөл яавч өгөхгүй байсан нь тодорхой байхад ингэж гүтгэсэн байсан бөгөөд шалтгаан нь ойлгомжтой, гэрээнд тусгасан ажлуудаа хийгээгүйтэй нь холбоотой юм.

Гэхдээ хийх боломж бий. “МоЭнКо” монголчуудыг, дарга нарыг хэсэг хугацаанд хуурсан байж болох ч гэрээ бол гэрээ, хэрэгжилтийг нь хангуулах боломжтой.

"МоЭнКо" ХХК одоо Монголын топ 10 аж ахуйн нэгжийн тоонд ордог том ААН болсон. Гэсэн ч гэрээ бол гэрээ. Гэрээнээс харахад, тус компани дараах ажлуудыг дутуу хийсэн байна.

“МоЭнКо” Ховд аймагтай байгуулсан гэрээндээ тусгасан ч хийгээгүй ажлууд

-340 км зам барина гэсэн ч 29 км-ээр дутуу, 311 км-ийг барьсан.

-36 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц бариагүй /Барилгүй эс үйлдэл гаргасаар аймаг орон нутаг хүчин чадал багатай станц барьж өгөөч гэж хүсэхэд хүргэсэн байдаг/

-Коксын үйлдвэр бариагүй

Бид "МоЭнКо" ХХК болон Хөшөөтийн орд, бизнесийн хамтрагчдын улс тиөрийн хамаарал болон нүүрсний экспортын талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн хүргэх болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна