П.Сайнзориг: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд тараавал инфляцыг л өдөөнө

Х.Есү
1 цаг 36 минутын өмнө

Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар нээлттэй санал асуулгыг https://e-zasag.mn/ сайтад байршуулжээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн байр суурийг хүргэе. 

Тэрбээр, "Бид ногдол ашгаа яг аваагүй л байна. Авахаар яриа хэлэлцээр явж байна гэж ойлгож байгаа. Оюу толгойн ордыг ашиглаж олборлосон хэмжээ буураагүй. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр бараг 40 хувиар өссөн. Тэгэхээр тооцоогүй гэнэтийн орлого тухайн компани дээр байгаа учраас бид ногдол ашиг авах нь зүй ёсны асуудал. 

Ногдол ашиг иргэдийн баялгийн сангийн дансанд орсон ч үүнийг бэлэн мөнгөөр авах боломжгүй. Боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд зарцуулах боломжтой. Эргээд мөнгө олох дэд бүтцүүдээ хийх хэрэгтэй. 

Иргэд Оюу толгойн шууд хувьцаа эзэмшигч биш. Үүнийг Засгийн газар эзэмшиж байгаа. Тэгэхээр иргэдэд бодитой мэдээлэл өгөхгүй бол хүлээлт үүсгэчихэж байгаа юм. Иргэд бэлэн мөнгө авах юм шиг л ойлгоод байна шүү дээ. Гэтэл гурван зүйлд л зарцуулах боломжтой. Үүнийг албаны хүнээс тодруулах нь зөв байх. 

Шууд бэлэн мөнгө тараавал инфляцыг л өдөөнө. Тиймээс залуучууддаа зориулсан ажлын байр бий болгох, Монголд эргээд мөнгө олж ирэх төслүүдэд л өгмөөр байгаа юм. Нэг удаагийн мөнгийг тараагаад үр дүнгүй явчихаар юунд хүрэх вэ? 

Бодит суурь дэд бүтцүүдийг л дэмжиж ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж бодож байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна