Л.Энх-Амгалан: Оюутолгойн ногдол ашгаас таван бүсэд кембрижийн хөтөлбөртэй, дотуур байртай төрөлжсөн ахлах сургууль байгуулна

Zuv.mn
1 цаг 14 минутын өмнө

Оюутолгойн ногдол ашгаас хоёр их наядыг ирэх оны төсөвт тусгаж, төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлэхээр болсон. Боловсролын салбарт ямар төсөл хөтөлбөр санхүүжүүлэх гэж буй талаар салбарын сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. Тэрбээр 

"Манай Засгийн газар Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авах маш сайн хэлэлцээр хийлээ. Энэ мөнгөний нэг их наядыг иргэдийн Хуримталын сан руу, хоёрыг нь эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулахаар УИХ-д бид өргөн барьсан. Ард иргэдээс санал авах ёстой, энэ ажил өнөөдрөөс эхэлж байна. Шууд ард иргэдийн дансанд авах ёстой мэтээр зарим гишүүн ярьж байна. Энэ бол хуулийн зохицуулалттай. Оюутолгой компанид бид “Эрдэнэс Тавантолгой” шиг 1072 хувьцаа байхгүй. Тэнд Монгол Улсын Засгийн газар 34 хувийг эзэмшдэг. Тийм учраас иргэдийн нэр дээр данс нээгдээгүй учраас 1072 хувьцаа шиг ногдол ашиг шилжинэ гэсэн ойлголт байхгүй. Харин иргэдийн хуримтлалын дансанд шилжинэ. Иргэн И-монголиагаар ороод шалгахад, харагдана гэсэн үг. Хуримтлалыг эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээлд ашиглаж болох хуулийн зохицуулалттай. Ипотекийн зээлд гэхэд 400 гаруй тэрбум төгрөг өнгөрсөн хугацаанд ашиглаад явж байна. Үүнтэй адил Хуримтлалын сангаар дамжаад боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалтыг шийдэх шийдлүүдийг ард иргэдээс асууж байгаа юм. Энэ зааг ялгааг иргэд сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг их наяд нь Хуримтлалын сан руу, хоёр их наядыг иргэдийн данс руу шилжүүл гэж болохгүй. Хуульд ийм зохицуулалт байхгүй гэдгийг л ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй гээд байна. Хоёр их наядаар боловсролын салбарт зургаан бүсэд кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулийг, 300 хүүхдийн дотуур байртай хамт барих юм. Өнгөрсөн бямба гарагт зүүн бүсэд “Бэрх” тосгонд хэрэгжсэн кембрижийн хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуультай очиж танилцлаа. Үлдсэн таван бүсэд яг ийм сургууль байгуулах гээд байгаа юм. 100 сургуулийг эрүүл, ногоон аюулгүй болгох зорилт тавьсан. Сэргээгдэх эрчим хүч, газрын гүний дулаан гэх мэтэд жил бүр 100 сургууль шилжүүье гэсэн бодлого баримталж байна” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна