Үзэсгэлэнт Тегел нуурын эрэг дээрх Вилла Борсиг цогцолбор. Эргэн тойронд битүү ногоон, мод, зүлэг, цэцэгсийн урд хоёр улсын Төрийн далбааг мандуулжээ. ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Вилла Борсиг цогцолборын өмнө угтлаа. Энэ үеэр Монгол Улс, ХБНГУ-ын төрийн дуулал үлээвэр найрал хөгжим эгшиглэж, хүндэт харуул жагсаж байв.
Өнө эртний түүхтэй энэ цогцолборт хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчлан уулзаж, албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улс 2024 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш анх удаа тус улсад төрийн айлчлал хийж байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 14 жилийн дараа тус улсад хийж буй өндөр дээд түвшний айлчлал юм. Монгол, Герман улсын худалдааны эргэлт 2020 онд 196.4 сая ам.доллар байсан бол 2025 онд 293 сая ам.доллар болон нэмэгджээ.
Монгол-Герман ингэж хамтарна
Монгол Улс, Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 52 жил болж байна. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс Герман Улсыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш, анд нөхөр хэмээн үздэг бөгөөд Европын орнуудаас нэн тэргүүнд Герман Улстай байгуулсан “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Герман Улсад 14 жилийн дараа хэрэгжүүлж буй энэхүү төрийн айлчлал нь манай хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.
Та бидний яриа хэлэлцээний үр дүнд “Монгол, Германы Хамтарсан тунхаглал”-ыг гаргаж, стратегийн түншлэлээ өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэтийн төлвөө хамтран тодорхойллоо.
Түүнчлэн хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагаа, банк санхүү, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг энэ айлчлалын үеэр байгуулж байгааг цохон тэмдэглэж байна” гэлээ.
Айлчлалаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бататган бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий консулын газрыг Герман Улсын Франкфурт ам Майн хотноо нээхээр болсон юм. Цаашид Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэхэд Монгол Улс анхаарал хандуулна. Мөн хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч компаниуд Берлин хот руу нислэг үйлдэх, зорчигч тээврийн татварыг бууруулах зэрэг асуудлаар манай холбогдох яамд яриа хэлэлцээ хийж байгаа аж.
Мөн хоёр улсын Төрийн Тэргүүн нар манай улсад 2011 онд байгуулсан Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцжээ.
Айлчлалын хүрээнд Берлин хотноо зохион байгуулагдаж буй “Монгол-Германы бизнес форум”-д нийт 250 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна. Уулзалт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой. Ач холбогдол нь ч энэ юм.
Мөн манай хоёр улсын хөгжлийн бодлогын хамтын ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулж ирсэн Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк Монгол Улсын “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-тэй тогтвортой хөгжил, ашигт малтмалын нөөц, аж үйлдвэр, технологи, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилт болон хариуцлагатай хөрөнгийн удирдлагын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалын самбарыг Германд мөнхжүүлнэ
Одоогоос нэгэн зууны тэртээ буюу 1926 онд манай их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэргүүтэй анхны 30 гаруй монгол залуус эрдэм сурахаар Герман Улсыг зорьж, манай шинэ үеийн сэхээтнүүд болон бэлтгэгдэж, орчин цагийн Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд өнгөрсөн тавдугаар сард Монгол, Германы соёл, боловсролын долоо хоногийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
Тэгвэл энэхүү төрийн айлчлалын үеэр Германы нэрт монгол судлаач, профессор Э.Хэниш болон их зохиолч Д.Нацагдорж нарын монгол судлалын хөгжилд оруулсан түүхэн гавьяаг нь алдаршуулсан дурсгалын самбарыг Лайпциг хотноо хүндэтгэн нээхээр болжээ.
Монгол, Германы боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны баялаг түүхийг өнөө цагт өртөөлөн үргэлжлүүлж, улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой “Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөг”-ийг энэ өдрүүдэд анх удаа хамтран зохион байгуулж байгаа нь нэн ач холбогдолтой юм.
Мөн “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, их зохиолч Д.Нацагдорж мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Европт, тэр дундаа Германд Их эзэн Чингис хаанаа “сурталчилна”
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор толилуулж буй “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюденбендер нар Берлин хотын Музейн арал дахь “Жеймс Симон” галерейд угтан авч, Берлиний Улсын музейн Өвөг болон эртний түүхийн музейн захирал Маттиас Вемхофф хүндэт зочдод үзэсгэлэнгийн үзмэрүүдийг тайлбарлан танилцууллаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн нь Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил хийгдсэн археологийн судалгааны үр дүн, шинэ олдворууд, нүүдэлчдийн хийгээд Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох цогц дурсгалуудаас бүрдсэн болохыг онцоллоо.
Энэ дурсгалууд Монголын эзэнт гүрний улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шашин, ертөнцийг үзэх үзэл, хаад язгууртны сүр хүч, гадаад харилцаа, дипломат ёсыг бүрэн илэрхийлж, дэлхийг үндсээр нь өөрчилсөн “Монголын зуун” хэмээн нэрлэгддэг Их эзэнт улсын түүхийг тод харуулна гэдэгт итгэл төгс байгаагаа хэлэв.
Хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор хэрэгжиж буй Орхоны хөндий, Монголын эртний нийслэл Хархорум хотын Монгол, Германы хамтарсан археологийн судалгаа нь хоёр орны шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны томоохон бэлгэ тэмдэг, бодит үр дүн болж ирсэн.
“Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн нь ХБНГУ төдийгүй Европ тивд Их эзэн Чингис хаан, түүний залгамжлагчдын түүхийг үнэн зөвөөр ойлгуулж, монголчуудын өв соёлын гайхамшгийг бишрүүлэн хоёр орны соёл, шинжлэх ухааны салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудсыг нээх ач холбогдолтой онцолж байсан юм.
Үзэсгэлэнг зохион байгуулах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэсэн Берлин хотын захиргаа, Өвөг болон эртний түүхийн музей, Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей, эрдэм шинжилгээний байгууллагууд, археологич, түүхч, сэргээн засварлагч, куратор, мэргэжилтнүүд болон нийт хамтран ажилласан хүмүүст Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр хэлсэн үгэндээ "Өнөөдөр Монгол Улсын хүн амын нэг хувь нь герман хэлээр ярьдаг болжээ. Тэр ч бүү хэл Монголын нэрт зохиолч Чинагийн Галсан уран бүтээлээ герман хэлээр туурвиж байна.
Хоёр орны энэхүү түүхэн солилцоо, харилцааны уламжлалыг өнөөдөр ч бид үргэлжлүүлэн хөгжүүлж байна. Үүний нэгэн тод жишээ нь Берлин хотноо бидний хамтран нээж буй “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэн Германы олон мянган иргэдэд Монголын түүх, соёлыг сонирхох сонирхлыг төрүүлж, илүү гүнзгий танин мэдэх боломж олгоно гэдэгт итгэлтэй байна.
Бид боловсролын салбар дахь хамтын ажиллагааны баялаг уламжлалаа бусад олон чиглэлээр мөн үргэлжлүүлэн хөгжүүлж байна. Тухайлбал, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль болон хосолмол мэргэжлийн боловсролын тогтолцооны хүрээнд амжилттай хамтран ажиллаж байна.
Би өнгөрсөн удаа Монгол Улсад айлчлах үеэрээ нэгэн сайхан сургамжит үгийг мэдэж авсан. Энэ бол “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэсэн үг. Миний айлчлалын үеэр надад үзүүлсэн тэр зочломтгой зан, төрийн өндөр хүндэтгэлийг Берлин хотноо үргэлжлүүлж, эдийн засаг, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа зэрэг өргөн олон сэдвээр санал солилцох боломжтой гэж үзэж байна" гэлээ.
Германд манай улсын 35 мянган иргэн боловсрол эзэмшжээ
Герман Улсад өнөөг хүртэл 35 мянга орчим монгол иргэн герман хэл, соёлд суралцаж, боловсрол, мэргэжил эзэмшин, Монгол, Германы найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гүүр болсоор ирсэн билээ. Энэ уламжлал үргэлжилж, манай хоёр орны иргэд хоорондын харилцаа улам бүр идэвхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлж байв.
Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд тээвэр логистикийн хэлхээ холбоо чухал байр суурь эзэлдэг. Таны 2024 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Автозамын хэлэлцээрийг байгуулсан. Герман Улсаас Монгол Улс руу импортолж байгаа нийт барааны 40 гаруй хувийг авто замаар тээвэрлэдэг байна.
Үргэлжлэл бий.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна