Дэлхийн улс орнууд утаатай хэрхэн тэмцдэг вэ?

2017/01/12
-Лондончууд утaa гаргаж байгаагаа боломжийн амьдарч байгаагийн илэрхийлэл гэж бахархдаг байжээ-

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхий дахинд ходоод, уушги, элэг, нойр булчирхайн хорт хавдраар нас барагсдын тоо эрчимтэй нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан нь экологийн байдал гамшгийн хэмжээнд хүртлээ муудсантай холбоотой гэнэ. Их хотод хүмүүс амьсгалахдаа агаартай хамт хэдэн мянган хатуу тоосонцрыг залгидаг байна.

Эдгээрээс хамгийн нарийн ширхэглэгт хэсгүүд нь хүний биед сөргөөр нөлөөлдөг аж. Учир нь уушгиар шүүгдэж чадаагүй нарийн ширхэглэгт тоосонцор цусанд орж, хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг гэжээ. Улаанбаатар хотын агаарын чанар ч гамшгийн хэмжээнд хүрээд буй энэ үед дэлхийн улс орнуудын агаарын бохирдолтой тэмцээд амжилт олсон аргуудыг түүвэрлэснээ хүргэж байна.

Хятад
 

Хятадын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж, дэлхийд хоёрдугаарт бичигдэх хэмжээнд хүрчээ. Харамсалтай нь үүнтэй зэрэгцээд тус улс экологийн хувьд тун хүнд улс орны тоонд бичигдэж байна. Тус улсад аж үйлдвэр асар хурдацтай хөгжихөд агаарын бохирдол ч дагаад нэмэгджээ. Өдгөө тус улсад үе үе агаарын бохирдлын улмаас аюулын улаан, шар түвшнийг зарладаг,

Хятадын засаг захиргаа 2015 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2,100 үйлдвэрийг хаах тогтоол гаргаж, хотын иргэдээ шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг уриалж, үе үе хичээл сургуулийг хаадаг болжээ. 2012 онд тус улсын барилга байгууламжийн 25 хувийг нүүрсээр дулаацуулдаг байсан бөгөөд 22 хувь нь агаар бохирдуулдаг байлаа.

Тэгвэл тус улс 2020 он гэхэд нүүрсний хэрэглээнээс бүрмөсөн татгалзаж, зургаан муждаа нүүрс худалдах, түгээхийг хориглохоор төлөвлөж байна. Бээжинд цахилгаан болон байгалийн хийг түлхүү ашиглахыг уриалж эхэлжээ. Мөн 15 мянган үйлдвэрт агаарт цацаж буй хаягдлын мониторингийн систем суурилуулна. Энэ мэтчилэн экологийн гамшгийг бууруулахад тус улсын засаг захиргаанаас 300 тэрбум ам.доллараар зарцуулахаар болжээ.

Их Британи

Лондончууд будан манан татсан хотоороо нууцхан бахархдаг байсан гэвэл итгэх үү. Тэдний энэ нь эдийн засгийн цэцэглэлт, хөгжлийг бэлгэддэг байсан гэнэ. Байшин бүрийн зуухнаас утаа гарна гэдэг нь тэдний хувьд бүгд ажил эрхэлдэг, нүүрсээ авах, гал голомтоо дулаан байлгах чадвартайг илтгэдэг байлаа.

XX зууны эхээр тэдэнд үүнийг манан биш, утаа гэхэд хэн ч итгэхийг хүсдэггүй байв. Харин 1952 оны арванхоёрдугаар сард эрс хүйтэрсний улмаас Лондон хотын иргэд нүүрсийг их хэмжээгээр түлж эхэлжээ. Хүйтэн хэр нь салхигүй цаг агаарт хүйтэн агаар дулаан агаарын давхаргад үлдэж, зуухнаас гарах нүүрс, хийн утаа нийслэлийг тэр чигт нь бүрхжээ.

Лондонд манан гэдэг энгийн нэгэн үзэгдэл болохоор хэн ч уг асуудалд онцгой ач холбогдол өгсөнгүй. Гэтэл хэдхэн долоо хоногийн дараа амьсгалын замын өвчлөл эрс нэмэгдэж, 4,000 гаруй хүн нас барсан байна. Хожим нь судалгаагаар утаанаас болж амиа алдсан хүмүүсийн тоо 12,000-д хүрсэн гэсэн баримт гарчээ. Түүхэнд энэ тохиолдлыг Агуу их утаа гэж нэрлэдэг.

Утааны зовлонг гашуун туршлагаараа мэдэрсэн лондончууд ч нэлээд хэдэн арга хэмжээ авчээ. Тортог үүсгэгч хийг хориглож, бохир түлшийг хязгаарлаж, нүүрсний оронд хийн зуух хэрэглэхэд хүн амаа санхүүгээр дэмжсэний хүчинд утаанаасаа салжээ.

Франц

2015 оны хавар Парис хотын иргэд нийслэлийнхээ агаарын чанарыг муудсан тухай гомдол тавьж эхэлжээ. Эйфелийн цамхаг зэрэг дурсгалт газрууд утаанд харагдахаа больжээ. 2014 онд гаргасан судалгаагаар Парисын иргэд, гаднаас ирсэн зочид, жуулчдыг амьсгалах бүрд уушгинд нь зургаан сая хатуу тоосонцор ордог гэжээ. Энэ нь нэгэн зэрэг найман тамхичны гаргасан утаагаар амьсгалж байгаатай ижил юм. Хотын захиргаанаас ч нэн даруй арга хэмжээ авсан аж.

Хотын төвөөр болон ойролцоох хотуудаар гурваас дээш зорчигчтой автомашинуудыг тэгш, сондгой дугаараар нь явуулж, 20 км/цагаас илүү хурдтай явахыг хориглосон байна. Энэ журмыг зөрчсөн хүмүүсийг газар дээр нь торгож, хүмүүсийг машинаа гэртээ үлдээхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийтийн тээврээр үнэгүй зорчуулж, гэрийнх нь ойролцоо үнэгүй зогсоол барьж өгчээ.

Эдгээр арга хэмжээний үр дүнд замын түгжрэл 40 хувиар буурсан байна. Нийтийн тээвэрт чихцэлдээн үүсгэхээс сэргийлж, тээврийн компаниудыг нэмэлт суудал гаргах үүрэг өгчээ. Парис хотын дарга Анн Идалыо 2020 он хүртэл дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглох санал тавьсан бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ил зуухны хэрэглээг хоригложээ.

Грек

Афин хот гурван талаараа уулсаар хүрээлүүлсэн бөгөөд үе үе салхигүй, тогтонги цаг агаартай байдаг. Грекийн нийслэлийн иргэд ч ил зуух, халаагуур зуух хэрэглэдэг болохоор хууль бусаар мод огтолж, агаарын чанарт нөлөөлдөг байна.

Тиймээс агаар дахь тоосонцрын агууламж нэг шоо метрт 150 микрограммаас хэтэрч (дашрамд дурдахад өчигдөр 100 айл орчимд 14 цагийн байдлаар 815 мкг байлаа), хэт мэдрэг хүмүүс гадаа гарах боломжгүй болох үед сургууль, цэцэрлэгүүдийг хааж, иргэдийг галлагаагаа зогсоохыг зөвлөдөг.

Хүн амын ядуу давхаргынхан утааны улиралд цахилгааныхаа төлбөрийг төлж чадахгүй гэдгийг төр засгаас ойлгож, зуух, ил зуухны оронд цахилгаан халаагуур хэрэглэсэн нөхцөлд тарифыг 70 хувиар хөнгөлдөг аж. Афинд тэгш тоотой дугаартай автомашинууд тэгш тоотой өдөр, сондгой тоотой нь сондгой өдрүүдэд хотын төв рүү орох эрхтэй.

Герман

Европын холбооноос 1999 онд агаар дахь нүүрсхүчлийн хий (С02), тортгийн дээд хэмжээг тогтоосон баримт гаргаж байжээ. Нүүрсхүчлийн хий нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлдэг бол дизель автомашинаас гарсан хөө тортог нь хорт хавдрын өвчин үүсэхэд нөлөөлдөг байна. Тиймээс автомашинуудыг заагдсан хэм хэмжээнд нийцэж байгааг шалгаж, шилэн дээр нь экологид хэр хор хохирол учруулахаас хамааран ногоон, шар, улаан өнгийн наалт наадаг аж.

Хотын бүсэд мөн өнгийн тэмдэг байршуулжээ. Тухайлбал, Мюнхений төвийн хэсэг нь ногоон бүс учраас үүгээр зөвхөн ногоон наалт бүхий машин л зорчино. Дүрэм зөрчсөн жолооч нарт хатуу торгууль ногдуулдаг.

Эх сурвалж:Өглөөний сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна