Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, 104 жилийн яруу алдрын түүхт Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.
Тус сургууль нь Зэвсэгт хүчний шинэ үеийн чиг хандлагад нийцүүлэн офицер бэлтгэхээс гадна, энхийг сахиулах ажиллагаанд оролцох олон улсын сургалтуудыг зохион байгуулж, кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаан зэрэг орчин үеийн нэн хэрэгцээт хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлж, ирээдүйн цэргийн ажиллагааны шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд анхааран, удирдлага, офицер, ахлагч, сонсогч, оюутан сурагчдын нийт 3000 орчим бие бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба нарын удирдлагууд, ҮБХИС-ийн эрдэмтэн багш, генерал, офицер, алба хаагч, сонсогчид оролцлоо.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ:
“Миний бие Батлан хамгаалахын сайдын хувьд салбарын гол хүч болох хүнээ дэмжиж, хүний нөөцөө чанартай бэлтгэхэд онцгой анхаарч, боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх асуудлыг бодлого, үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна.
Энэ хүрээнд Батлан хамгаалахын сайдын анхны хуралдаанаар эрдэмтэн бэлтгэх бодлогын баримт бичигт тусгагдсан насны хязгаарын асуудлыг хэлэлцэж, эрдмийн сургуульд элсэхэд насны хязгаарлалтгүй болгосон ба цаашид Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологи, инновац, туршилт-үйлдвэрлэлийн нэгдсэн төв” байгуулах асуудлыг судлан шийдвэрлэхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Түүнчлэн Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт заасанчлан ЕБС-д суралцагч хүүхэд, залуучуудад үндэсний өв соёл, цэрэг эх оронч үзэл хүмүүжлийг олгох сургалтын хөтөлбөрийн заавал суралцах хичээл болгож хуульчилж өгөхөөр ажиллаж байна. Ингэснээрээ Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх хамгийн том суурь тавигдана гэж харж байна.
Батлан хамгаалах салбарын эрдмийн уурхай, хүний хөгжлийг дэмжих, хөгжлийн үндэс суурь болсон Их сургуулийн цэргийн алба хаагчдын цол, багш, ажилтан алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар их сургуулийн удирдлагыг, яамны албан тушаалтнуудтай хамтран санал боловсруулж танилцуулах талаар чиглэл өгсөн бөгөөд шийдвэрлэх арга зам, шийдэл гарган ажиллах болно.
“Тэмүүжин өрлөг” сургуулийг Гадаад хэл, Байгалийн ухаан, Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгох асуудалд холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ажиллахад онцгой анхаарна.
Цэргийн сургуулийн сонсогчдын тоо, цэргийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, ялангуяа ҮБХИС-д бэлтгэх боломжгүй, салбарт нэн хэрэгцээтэй мэргэжлээр хосолсон хөтөлбөр хэрэгжүүлэх талаар дотоодын их сургуулиудтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Мөн их сургуулиас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй барилга, инженерийн цэргийн тэнхимийг шинээр байгуулж, барилга, зам гүүрийн инженерүүдийг бэлтгэх, цэргийн авто, хуягт танк, холбоо, радио электроникийн тэнхимүүдэд орчин үеийн лабораториудыг байгуулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, чанартай цэргийн инженерийг бэлтгэх, ахисан түвшний сургалт, судалгаа, туршилт явуулах чадавхыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, орчин үеийн хэрэгцээ шаардлагад үндэслэн илүү боловсронгуй системийг нэвтрүүлэх, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг чухлыг дарааллаар эрэмбэлэн, үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллах болно. Та бүхнийг Монгол Цэргийн сүлд хийморь үргэлж, ивээж явах болтугай” гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна