​С.Жавхлан, Т.Баясгалангаас хойш Бөхийн өргөөг дүүргэсэн дуучнаар Х.Мөнгөнцэцэг нэрлэгдэв

2017/01/24
Залуу дуучин Хүрэлбаатарын Мөнгөнцэцэг өнгөрсөн долоо хоногт Монгол бөхийн өргөөнд анхны бие даасан “Уулзахын хүслэн” нэртэй бүрэн хэмжээний тайлан тоглолтоо танилцууллаа. 

Тоглолтоо “Уулзахын хүслэн” хэмээн нэрийдсэний учир нь Х.Мөнгөнцэцэг анхны дуугаа дуулснаас хойш найман жилийн дараа анхны бие даасан тоглолтоо хийж байгаа нь энэ бөгөөд үзэгч түмэнтэйгээ уран бүтээлээрээ уулзахыг маш их хүссэн тэрхүү сэтгэлээ ийнхүү илэрхийлсэн бололтой. 

Залуу уран бүтээлчийн анхны тоглолт бүү хэл олонд танигдсан од дуучдын тоглолт ч бөхийн өргөөг тэр бүр дүүргэж дийлэх нь ховор. Магадгүй С.Жавхлан, Т.Баясгалан хоёроос хойш Бөхийн өргөөг пиг дүүргэж чадсан нь дуучин Х.Мөнгөнцэцэг болов уу.

Тоглолт эхлэхээс 20 минутын өмнө Бөхийн өргөөний дугуй заал дүүрч, ялимгүй хоцорч ирсэн хүмүүс суух сандалгүй үлдэж хоцорсон нь багагүй бухимдал дагуулах шиг болсон.  

Ямар ч тоглолт дээр Бөхийн өргөөний тайзны хоёр талын суудал ихэвчлэн хоосон үлддэг атал Х.Мөнгөнцэцэгийн тоглолтын үеэр энэ хэсэг дүүрсэн төдийгүй нэмэлт суудал гаргаад ч өргөөнд хөл гишгэх зай хомсхон үлдсэн байв. Х.Мөнгөнцэцэгийн тоглолтыг үзсэн хүмүүс энэ тухай сошиалд, “Юун цагаан сарын барилдаан, Юун Далай ламын ном айлтгал” хэмээн хошигноод амжсан байна билээ. Эндээс харахад ард түмэн Х.Мөнгөнцэцэг дуучныг бие даасан тоглолтоо хийхийг хүсэн хүлээж, уулзахын хүслэнд автаж байсан мэт. 



Бөхийн өргөөг ийнхүү гишгэх газаргүй болтол нь үзэгчдээр дүүргэж чадсан дуучин маань хэрхэн дуулах бол гэдэг асуулт хамгийн ихээр анхаарал татаж байсныг нуух юун. 

Гэтэл энэ шатыг дуучин Х.Мөнгөнцэцэг тун төвөггүйхэн буюу онц сайн давж гарав.  Учир нь “Аргагүй амраг”, “Дүүриймаа” гэхчлэн нугалаа ихтэй ардын дуунаас авхуулаад дуурийн ари, "Лауретын ари" дууг чадварлаг дуулсан нь үүнийг илтгэнэ. Үүн дээр нэмээд үзэгчдийн нижигнэсэн алга ташилт, нулимс, хөөр бахдалыг ч бас мартаж болохгүй.  



“Уулзахын хүслэн” тоглолтын оргил хэсэг нь алдарт “Аав ээж хоёр минь” дууг дуулсан явдал байв.  Мөн тэрбээр багш, МУГЖ М.Найдалмаатайгаа хамтарч “Ээж минь” гэх том дууг дуулсан нь бүхэлдээ сонгодог хэсэг байлаа. Энэ хэсэгт дуучин жинхэнэ цээл тунгалаг хоолой, дуурийн дуучны хоолойны дээд өнгийг гаргаж хэр хэмжээний дуучин болохоо харуулж чадсан гэж болно. 



Х.Мөнгөнцэцэг дуучин 1990 онд Говь-Алтай аймагт төрсөн аж. Тэрбээр анхны уран бүтээл болох “Гэгээн хайр” дуугаа нэгдүгээр курсийн оюутан байхдаа дуулж байсан бол 2013 онд анхны “Чин үнэнч” цомгоо гаргажээ. Харин саяхан буюу оны өмнөхөн “Уулзахын хүслэн” нэртэй хоёр дахь цомгоо гаргасан нь HIFI дэлгүүрт хамгийн их борлуулттай байгаа гэх. 

Урын сандаа 30 гаруй дуутай Х.Мөнгөнцэцэгт МУГЖ С.Ганзоригтой хамтарсан уран бүтээл олон бий. Хоёр дуучин 2014 онд “Тавилан заяа” нэртэй хамтарсан кино концерт хүртэл хийж байсан нь үүнийг илтгэнэ.



Энэ утгаараа түүний анхны тоглолтод нутгийн ах МУГЖ С.Ганзориг нь хүрэлцэн ирж Х.Мөнгөнцэцэгтэй хамтарсан дуэт дуугаараа үзэгчдийн мэдрэмжийг мялааж, ая дуугаа өргөсөн юм. С.Ганзориг гавьяатын тухайд хэр баргийн дуучидтай хоршиж дуулдаггүй ч Х.Мөнгөнцэцэгтэй хамтарч олон уран бүтээл дээр ажилласан тухай дээр өгүүлсэн. Энэ бүхнээс харвал тэрбээр нутгийн дүүгээ ёстой л гараас нь хөтөлж, их урлагт хүлээн зөвшөөрөгдтөл нь өөрийн хувь нэмрээ оруулсан нэгэн гэлтэй. Магадгүй энэ нь нэг талаараа нутаг усаа гэх сэтгэл боловч нөгөө талаараа дуучных нь хувьд Х.Мөнгөнцэцэгт тавьсан нэг дүн, үнэлэмж гэлтэй. 

Тоглолтын өөр нэг сонирхолтой, хүлээлт үүсгэсэн хэсэг бол Х.Мөнгөнцэцэг, Т.Дэлгэрмөрөн нарын  дуэт - хоршил. Тэдний хамтран дуулсан “Хайран дээд хань минь” дуу тоглолтын төгсгөлд үзэгчдийг жинхэнэ утгаар нь уярааж бас уйлуулж чадсан. 



Рок, попын ертөнцөд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн, ард түмний хайртай дуучин Т.Дэлгэрмөрөн нийтийн дуучдаас анх удаагаа дуэт сонгосон нь Х.Мөнгөнцэцэг аж.

“Хайрын дээд хань” минь дууны клип цацагдсан даруйдаа сошиал сүлжээнд зарим нэг шүүмжлэлийг дагуулсан хэдий ч энэ өвлийн хит дууны жагсаалтыг өнөөг хүртэл тэргүүлсээр байна.

Гэвч энэ бүхэн бол зөвхөн эхлэл. Тэр залуу байна. Дөнгөж анхны алхмаа хийж байна. Анхны алхмыг нь харин ард түмэн алгаа тосож, халуун дулаанаар хүлээж авлаа. Тиймээс дуучныхаа цаашдын уран бүтээлд улам их амжилт хүсье.

Дашрамд дуулгахад, Х.Мөнгөнцэцэг өчигдрөөс эхлэн тоглолтын ерөнхий зохион байгуулагч “B Sound” продакшны хамтаар эх орноо нар зөв тойрон аялан тоглолт хийхээр аяны жолоо залаад байгаа юм байна.

Р.Улам-Оргих


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна