Баабар: Зэрлэгүүдийн түрлэг

2017/01/25
ТҮМНИЙ НЭГ

Айл болгонд, булан болгонд хөлчүү хүмүүс завьжаараа хөөс сахруулан улс төр ярьж цаг нөхцөөх нь Монголын хамгийн түгээмэл дүр зураг болжээ. Тэтгэвэрийн жаал мөнгө нь аманд ч үгүй хамарт ч үгүй, хүү нь шоронд, охин нь Улаанбаатарын өмнө Лениний хөшөөний дор. Өвгөн хүнтэй ч зүгээр юм ярьчихгүй намчирхаад л улс төржөөд л, улс төрийн зарим луйварчдыг зүхнэ, огт ялгаагүй нөгөө заримыг нь амаа олохгүй магтана. Яриад байгаа хүмүүстэйгээ уулзаж байгаагүй, ярьсан юмыг нь хааяа зурагтаар сонссон боловч ойлгосон юм маруухан. Гэхдээ энэ нь угаасаа түүний өвчин. Хар багаас нь тэгээд сургачихсан юм. Хөрөгнөөс нь өөр юм хараагүй Цэдэнбалыг ерөөгөөд л, хаа хол Москвад Брежнев гээд нэг орос үхснийг сонсож мэлмэрүүлээд л, тэрбайтугай зургийг нь ч олж үзээгүй Лоохууз, Нямбууг хараагаад л, нэрийг нь зөв тогтоогоогүй далайн чанадын Никсон, Рейганыг зүхээд л. Магтах, зүхэх хүмүүсийнх нь нэр солигдсоор яваад хөөрхий өвгөн хадан гэртээ ойртох шив дээ. Гэхдээ өвгөн үй түмэн залгамжлагчтай, мөддөө дуусахгүй хамсаатантай. Тэр манай нийгэмд сондгойрох юмгүй, нийгмийн маань тун түгээмэл ердийн дүр зураг. Өөрөөр хэлбэл тэрээр “түмний нэг”.

СЭТГЭДЭГ ХҮН МАШ ЦӨӨН

Үнэндээ хүмүүсийн маш цөөнх нь л сэтгэх чадвартай байдаг. Чадвартай энэ цөөн хүний олонхи нь сэтгэхээс залхуурдаг. Яг сэтгэж байгаагийн ихэнхи нь буруу сэтгэдэг. Ингэхээр зөв сэтгэдэг хүн хүний нийгэмд тун ч өчүүхэн хувь эзэлж таарна. Энэ бол Робэрт Хэйнэйний үг шүү дээ. Фридрих Ницшэ мэтийнх нь бол үүнээс ч шулуухан, хүн гомдмоор нүцгэн юм хэлсэн байдаг. Ялгаагүй л дээ, манай нийгэмд эмчийн дипломтай хүн цөөн, үүн дотор анагаах ухааныг ойлгодог нь бүр цөөн, сайн эмч гэх юм бол хуруу дарам цөөн, бурхан эмч тав арваас хэтрэхгүй. Улс төр ч мөн адил өөрийн шалгууртай мэргэжлийн ажил. Энэхүү нийгмийн мэнэжмэнт хийх учиртай, гардагч нь үүндээ авъяастайгаас гадна мэргэшсэн туршлагатай байх ёстой. Эмчийг зохих шалгуураар мэргэжлийн үнэлэмжээр шалгаруулах ба дараа нь түүний практик ажиллагаа нь зах зээлд үнэлэгддэг. Харамсалтай нь улс төрчдийг ард түмэн нь сохор үзэмжээрээ шалгуурладаг. Дээр өгүүлсэн мань харанхуй хэнхэгтэй өвгөн ямар шалгуур тавьж хэнийгээ магнайдаа залах нь хэлэлтгүй ойлгомжтой.

ТҮМНИЙ ТҮРЛЭГ

Хүний аль ч нийгэм өөрийн ариун нандин гэсэн юмтай, түүнийхээ тогтсон үнэлэмжтэй, энэ бүхнийг нь тээж явдаг төлөөлөгчтэй байдаг. Түүх, шашин, гоо зүй, уламжлал, хүндэтгэл, соёл, мэдлэг, боловсрол, сургууль, утга зохиол, урлаг, эх орон, хамт олон, гэр бүл, нэр төр, ёс суртахуун гээд үүнд олон зүйл хамрагдана. Олон үеийн турш аль ч нийгэмд эдгээр ариун нандин болгоныг нь тээгч нь хаад ноёд, язгууртан сурвалжтанууд байжээ. Сүүлийн хоёр зуу гаруй жилийн турш дэлхийг хамран өрнөсөн хувьсгал, бүгд найрамдах үзэл, ардчилал, тэгш эрх зэрэг номлол үйлдлүүд нь энэ жишгийг ихээхэн эвдэж үндсэн өөрчлөлт оруулсан юм. Испаний аугаа сэтгэгч философич Хоссэ Ортэга и Гассэт үүнийг “түмний түрлэг” гэж нэрлэжээ. Хууль бүгдэд тэгш үйлчилдэг, мэдээлэл бүгдэд хүртээмжтэй, технологи ихэд хөгжсөн, нийгэм нээлттэй болсон зэрэг олон хүчин зүйлийн үйлчлэлээр нийгмийн элит давхрага хар аяндаа өөрөө бүрдэн бий болдог болсон байна. Гэхдээ зарим оронд ялангуяа Орос, Хятадыг оролцуулаад буурай орнуудад байнга хувьсгал үймээн гарах учир түрүүний арай гэж бүрдэж байсан элит давхрагыг үндсээр нь ховхлоод дахин шинэ үнэлэмж буй болгон шинэ давхрага гаргах гэж бужигнуулсаар нийгмийн тогтсон үнэлэмж түүнийг тогтвортой тээгч үгүй болсоор, солигдсоор байгаа юм.

САГАСАН ЗЭРЛЭГ ХУВЬСГАЛЧИД

Монголын нүүдлийн нийгэм ч өөрийн тогтсон үнэлэмж, түүнийг тээгч төлөөлөгчидтэй байв. 1930-аад оны улс орныг хамарсан их хядлага нь нийгмийн аль л элит гэсэн хэсэг дээр тусаж, тэднийг нийгмээс байтугай хорвоогоос ангижруулжээ. Насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 20 хувь буюу аль л бичиг үсэгтэй, соёл боловсролтойг нь хядсан юм. Тэдний оронд төрийн жолоон дээр нийгмийн адаг давхрагад нь харайлгаж явсан харанхуй бүдүүлгүүд гарч ирлээ. Хувьсгалч уриа орилсон, халимаг үсээ сэгсийлгэсэн, ташаандаа нагаантай, тархиндаа хуурстай тэдгээр бүдүүлэг зэрлэгүүд Монголын соёлын мянган жилийн өвийг галдан шатаагаад нүцгэн элсэн дээр хүй нэгдлийн нийгэм цоо шинээр байгуулж эхэлжээ. 
    
Хэдийгээр зэрлэг бүдүүлэг боловч христосын хүнлэг уламжлалаас гарал үүсэлтэй марксизм, хэдийгээр хоцрогдсон болхи боловч дотроо хүн төрлөхтний аугаа соёлын үр хөврөлийн сондрыг агуулсан Оросын соёл нүүдэлчдийн адгийн эгнээнийнхэн ноёрхсон энэ талбай дээр иргэншил нэвтрүүлж эхэлсэн юм. Жараад он гэхэд Монголд иргэншил нэвтэрч, технологи хөгжиж, хотжил үүсэхийн сацуу шинэ үеийн анхны элит давхрага буй болж эхэлсэн байна. 
    
Ерэн оны хувьсгал бол зайлшгүй зүйл байлаа. Гаднаас хүчээр барин тогтоож байсан, нүүдэлчдийн үе улиран хэвшсэн индвид сэтгэлгээг боймолсон, монголчуудын түүх соёл уламжлал байгаль эх орноороо бахархдаг бахдлыг гутаасан тэрхүү нийгмийн тогтоцыг халахын төлөө шинэ Монголын шинэ элит давхрага өөрөө тэргүүн шугамд нь оролцон зүтгэсэн юм. Гэвч аливаа хувьсгал болгон нэгэнт тунаж тогтсон цөөрмийг орвонгоор нь хутган сэгсчих шиг үйл явц болдог тул ёроолд нь байсан үй олон хог мандал дээр хөвөн гарч ирлээ. Ямар ч байгууламжтай байсан алив нийгэм өөрийн доод эгнээтэй, тэнд нь люмпэн гэж нэрлэгддэг нэлээдгүй зай эзэлсэн бүхэл бүтэн давхрага байдаг билээ. Тооны хувьд хавьгүй олон люмпэн давхрагынхан хувьсгалын бужигнаанаар мандал дээр ярзганан гарч ирлээ.

Эх сурвалж: Baabar.mn  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна