Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Элизабэт Барсактай тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар өнөөдөр уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Д.Ганбат Монгол Улс, БНФУ хооронд эртнээс уламжлалт найрсаг сайхан харилцаатай явж ирсэн бөгөөд өдгөө энэ харилцаа маш их өргөжиж улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, урлаг зэрэг бүх чиглэлээр амжилттай өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Хэдийгээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өндөр төвшинд хүрч, харилцан айлчлалууд тогтмолжсон хэдий ч эдийн засгийн тодорхой салбаруудад хамтын ажиллагаа, түүний дотор хөрөнгө оруулалт, техник технологийн солилцоо чиглэлийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх шаардлагатай байгааг тэрээр онцлов.
Мөн Монгол Улсын Засгийн газраас ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтууд, түүний дотор “Шинэ төмөр зам” төсөл, Олон улсын шинэ нисэх буудлын төслийн явц, цаашид хамтран ажиллах боломж, саналуудаа танилцуулжээ. Тухайлбал, Монгол Улсын алслагдсан газруудад эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх, гамшгийн үед аврах болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор нисдэг тэрэгний үйлчилгээ нэвтрүүлэх, Францын техник, технологийг Монгол Улсын тээврийн салбарт нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах, техникийн туслалцааны чиглэлээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг дадлагажуулах, туршлага судлах, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн Улаанбаатар хотын утааг бууруулах хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас автомашины хорт утааг шүүх шүүлтүүр байрлуулахаар судалж байгаа бөгөөд энэ чиглэлд хамтран ажиллах санал тавив.
Элчин сайд хатагтай Элизабэт Барсак “Миний бие тээврийн чиглэлээр ажиллаж байсны хувьд Монгол Улсын зам, тээврийн салбарын үйл ажиллагааг дэмжиж ажиллахдаа таатай байна” гэлээ. Монгол Улсад хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох боломжтой талаар Европын холбооны байгууллагуудад хүсэлт тавих боломжтойг тэрээр дуулгасан юм. Мөн Францын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яаманд шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагаа хариуцаж байсны хувьд Монголын Зам, харилцааны сургуулийг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа ч илэрхийллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна