Wеlcome to КАЗИНО

2017/02/02
Монголд казино байгуулах санаачлага 20 жилийн өмнөөс гурвантаа гарсан ч замхарч алга болсоор өдий хүрэв. Магадгүй казино байгуулна гэхээр “сансар”-ын  бодол төрсөн байж мэдэх. Тиймдээ ч төрөл бүрийн шалтаг, шалтгаан тоочиж, хойшлуулсаар өнөөг хүрсэн биз. Гэтэл бусад улс орнууд аль хэдийнэ байгуулчихаад ашиг орлогыг нь хүртэж сууна. Харин бид хэдий болтол хар бараанаар бодож хааж хавчих вэ. Угаасаа одоо биш байлаа гэхэд хэзээ нэг цагт казино байгуулж л таарна. Тэгвэл саяхнаас Казиногийн хуулийг дэмжиж, хугацаа алдалгүй ажил хэрэг болгох хэрэгтэй гэсэн саналууд гарах болов. Эндээс орж ирэх эдийн засгийн үр өгөөж асар их. Казино байгуулах ганц тусгай зөвшөөрөл олгоход 35 тэрбум төгрөг улсын төсөвт орно. 2-3 гээд нэмэгдвэл 100 тэрбум давна. Дээр нь зөвхөн татвараас жилд 74-134 тэрбум төгрөг төсөвт төвлөрөх тооцоо бий. Мөн казинод монгол хүн тоглуулахгүй гэдгийг хуулиар хатуу хориглож байгаа. Энэ мэтчилэн ирээдүйгээ харж урагшлахгүй бол хэсэг нөхөд нэгнээ хардаж сэрдэж асуудлыг хойш чангаасаар байвал боломжоо боомилохоос өөр “амжилт” олохгүй. Дундаа тавьчихаад хэн нь ч гар хүрч чадахгүй, нэгэн рүүгээ хялалзаж суухаа болиод казиногоо л нээе.

Уг нь манайхан нэг зүтгэх юм бол ажлыг “машиндана”. Хамгийн ойрын жишээ татвал Тавантолгойн гэрээ. Казиногоос хэд дахин чухал ордыг ард түмнээс асуухгүй айж, ичихгүйгээр хурдлуулж эхэлсэн байтлаа казиног ингэж дуншуулаад яах юм бэ. Тавантолгойн гэрээн дээр “Цагаан сар акц” эхлүүлсэн шигээ Монголын казино гээд нээлтийг хийе. Чуулган завсарлахаас өмнө хуулиудаа бөөндөхөөр цаг наргүй ажиллаж байгаа шигээ Цагаан сараас өмнө хуулийг нь урагшлуулцгаая, гишүүдээ. Казиногийн хуулиа нэн даруй оруулж ирээд сайн мууг нь хэлэлцүүлж, шүүн тунгаахад тийм ч олон хоног, сар зарцуулахгүй. Гагцхүү гарц, шийдлээ яаралтай гаргаж, зоригтой эхлүүлсэн цагт л хожно. Юуны тулд хоёр том хөрштэй билээ. Дамжин орж ирэх жуулчдын урсгал аялал жуулчлал, агаарын тээвэр гээд унаж буй үйлчилгээний салбарыг дор нь хөл дээр нь босгоно. Хуулиа батлаад казино байгуулах зөвшөөрлийг нь олгочихвол чадаж байгаа нь ажлаа эхлүүлэг. Хэн ч ашиггүй бизнес хийхгүй учраас хардаад байгаа,  сонирхолтой хүмүүст нь ч хуулиар эрхийг нь нээгээд өгчихье. Ядарсан улс, сульдсан эдийн засгаа сэргээж байвал 20-30-уулаа хамтраад ажил хэрэг болгог хамаа алга. Ер нь казиногийн хуулийг гацаах хэрэг юу байна. Тэртээ тэргүй нууц далд замаар мөрийтэй тоглож байгаа нөхдүүд байж л байна. Тэднийг ил болгоод хуулийн хүрээнд амьдруулъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, С.Уянга


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна