Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос шатахууны үнэ нэмсэнтэй холбогдуулж мэдээлэл хийлээ. Монгол улсын Засгийн газраас онцгой албан татварын хөнгөлөлтөөр дамжуулан шатахууны үнийг зохистой түвшинд байлгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа боловч нэр бүхий зарим компаниуд /Петровис, Шунхлай/ шатахууны үнийг 50-100 төгрөгөөр нэмсэн байна. Хэрэв үнэ нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн бол асуудлаа холбогдох эрх бүхий байгууллагад тавин шийдвэрлүүлэх үүрэгтэй. Үүний улмаас МҮЭХ-оос шүүмжлэлтэй хандаж дараах арга хэмжээг авахыг шаардлаа.
Шатахууны үнэ нэмэгдүүлсэн шалтгаанаа бодитой судалж, хууль бусаар нэмэгдүүлсэн тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулиар холбогдох компанийн эздэд хариуцлага тооцож, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах
Цаашид шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр үзүүлж буй татварын хөнгөлөлтийн үр дүн, борлуулалтыг оновчтой болгох
Шалгалтын үр дүнг үндэслэн үнийг зохистой түвшин буюу хуучин үнээр нь хэрэглэгчдэд хүргэх
Энэ талаар МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Бараа бүтээгдэхүүний үнийг амралт, баяр ёслолын үеэр нэмэгдүүлдэг гаж тогтолцоо сүүлийн хэдэн жил бий боллоо. Энэ удаагийн шатахууны үнийг нэмэх бодит шалгаан харагдахгүй байгаа. Үнийг нэмэхдээ зөвшөөрлөө Ашигт малтмалын газар , Уул уурхайн яам болон үнэ тогтоох тодорхой зөвлөлтэй ярилцсаны дараа авах ёстой. Харамсалтай нь нэр бүхий компаниуд ажлын бус цагаар буюу өнгөрсөн баасан гаригийн орой ямар нэгэн урьдчилсан санал хүргүүлэхгүйгээр үнээ нэмсэн нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна” гэлээ.
Дээрх чиглэлээр Монгол улсын Засгийн газар, Ерөнхий сайдад санал, шаардлага хүргүүлэхээр болно гээд мөн ШӨХТГ-т хандахаа МҮЭХ-оос мэдэгдлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна