ОУВС:Монгол Улс өндөр долларжилттай

2017/02/09
Монгол Улсын хадгаламжийн нэрлэсэн долларжилтын түвшин өнгөрсөн онд 6.2 хувиар өсөж, 32.6 хувьд хүрсэн байна. Харин зээлийн долларжилтын түвшин 5.4 хувиар буурч, 19.1 хувь болтлоо доошилжээ.

Тодруулбал, зээлийн долларжилтын бууралт бий болоход гадаад валютын зээл олголт хумигдсан нь голлох нөлөө үзүүлсэн байна. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн найм дахь удаагийн “Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-д “Хадгаламжийн долларжилт нэмэгдэх, зээлийн долларжилт буурах үзэгдэл нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн үргэлжилсэн уналтын үед эрчимжих хандлагатай байдаг” хэмээн тайлбарлажээ.

Бүс нутгийн дунджаар манай улс хамгийн өндөрт тооцогдож байна

Учир нь төгрөгийн ханш суларснаар банкны хадгаламж эзэмшигчдийн төгрөгт итгэх итгэл буурах, улмаар валютын хадгаламжийг нэмэгдүүлдэг аж. Нөгөө талаас төгрөгийн ханшийн уналтаас үүдэн ирээдүйд төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдэх учир зээлдэгч нар валютын зээл сонирхохоо больж, уг зээлийн хэмжээ буурахад хүргэдэг байна. Тухайлбал, ам.долларын ханш эрчимтэй чангарч эхэлсэн буюу 2013 оны долдугаар сараас хойших хугацаанд манай улсын хадгаламжийн нэрлэсэн долларжилт өсөх, зээлийн долларжилт буурах хандлага давамгайлжээ. Тухайн орны долларжилтыг хадгаламжийн долларжилтын түвшнээр төлөөлүүлэн авч үзэх нь түгээмэл.

Энэхүү жишгээр Монгол Улсын хадгаламжийн долларжилтыг бүс нутгийн ижил төстэй орнуудтай харьцуулсан байна. Дэлхийн улс орнуудын долларжилтыг хадгаламжийн долларжилтын түвшингээр тодорхойлж, бага долларжилттай буюу 10 хувь хүртэл, дунд буюу 10-30, их долларжилттай буюу 30 хувиас дээш гэж гурав ангилжээ. Уг шалгуураар манай улс 32.6 хувьтай буюу өндөр долларжилттай орны тоонд орж байна. Мөн Зүүн өмнөд Ази, Номхон далайн орнуудын дундаж долларжилтын түвшинтэй харьцуулахад манайх 16.4 хувиар хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ.

 Монгол Улсын хадгаламжийн нэрлэсэн долларжилтын түвшин өнгөрсөн онд 6.2 хувиар өсөж, 32.6 хувьд хүрсэн байна.
 Зээлийн долларжилтын түвшин 5.4 хувиар буурч, 19.1 хувь болтлоо доошилжээ.
 Зүүн өмнөд Ази, Номхон далайн орнуудын дундаж долларжилтын түвшинтэй харьцуулахад манай улс 16.4 хувиар хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ.

Долларжилт нь санхүүгийн системийн тогтвортой байдал болон мөнгөний бодлогын үр ашигт сөрөг нөлөөллийг үзүүлдэг. Ялангуяа, долларжилт нь мөнгөний бодлогын үр дүнг сааруулж байдаг болохыг “Монгол Улсын хадгаламжийн долларжилт” судалгаанд дурджээ. Өндөр долларжилт нь мөнгөний бодлогын хүүгийн ач холбогдлыг бууруулдаг байна. Долларжилт нэмэгдэх нь төв банкны баримталж буй мөнгөний бодлогод халтайг “Санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-д тэмдэглэжээ.

Тухайн орны үндэсний мөнгөн тэмдэгттэй хамт, эсвэл үндэсний мөнгөн тэмдэгтийг орлуулан арилжаа солилцоо, хуримтлал, бүртгэл, тооцооны зорилгоор өөр улсын валютыг гүйлгээнд ашиглахыг долларжилт гэж нэрлэдэг.
Долларжилтын эсрэг санхүүгийн зах зээлээ түлхүү хөгжүүлжээ

Долларжилтыг ерөнхийд нь албан, албан бус гэж хоёр ангилдаг. Монгол Улсын хадгаламжийн долларжилтыг 2000-2013 он хүртэлх байдлаар авч үзвэл буурах хандлага түлхүү байсан бол 2014 оноос огцом нэмэгдэж байгааг эхэнд дурдсан тооноос харж болно. Долларжилт нь тухайн улсын валютад итгэх итгэлийг илэрхийлэх үзүүлэлт. Олон улсын валютын сан (ОУВС) манай улсыг өндөр долларжилттай гэж дүгнэлээ.

Дэлхийн ихэнх улс орнууд эдийн засаг дахь долларжилтын хэмжээгээ бууруулахыг зорьдог. Өндөр долларжилтын түвшнээ амжилттай бууруулсан цөөнгүй улс бий. Тухайлбал, Чили, Болив, Перу, Парагвай, Израиль зэрэг орны туршлага байдаг. Эдгээр улсын хувьд долларжилтын эсрэг авч хэрэгжүүлсэн нийтлэг арга хэмжээ нь санхүүгийн зах зээлийн хөгжлийг түлхүү дэмжсэнд оршдог. Мөн эдийн засаг дахь долларжилтыг хязгаарлахад чиглэсэн макро зохистой бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж байжээ. Монгол Улсын хадгаламжийн долларжилт бүс нутагтаа төдийгүй дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байна.

Эх сурвалж:Засгийн газрын мэдээ сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна