Нийтлэлч Гомбосүрэнгийн Галбадрах бичиж байна
-Чи бусад айлуудын хүүхдүүдийг хар! Тэгээд чи өөрийнхөө байж байгааг хар!
-Айлын охин онц сураад байхад чи олигтой ч сурч чадахгүй
-Чи ер нь олигтой хүн болохгүй дээ, байж байгаа царай нь энэ.
Бидний багад олон эцэг эх хүүхдүүдээ ингэж зэмлэдэг байж билээ. Өөрийнхөө үр хүүхдийг үргэлж хэн нэгний хүүхэдтэй харьцуулан жишиж "доош" нь хийнэ. Хэдийгээр энэ харьцуулалтаар хүүхэд нь гэнэт ухаан сууж, тэр хүүхэд шиг болж чадна хэмээн сэтгэлдээ горьдох авч, үр хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нь урам зоригтой нь хамтад нугалж, бусдыг үзэн ядахад сургаж буйгаа анзаардаггүй.
Хамт тоглож байсан хүүхэд нь булхайцаж, муу аргаар залилж байгаад баригдахаараа хорсон уйлж аавдаа очин ховлож өөрийгөө зөвтгүүлэх, хамт сурч байсан охин нь өөрөө бодож чадахгүй тоогоо өрөөл бусдаас хуулж бичээд онц авах муу үйлдлүүдийг мэдрэх бүрдээ, энэ муу үйлдлүүд нь тэднийг жишин магтах шалтаг нь болж байгааг ойлгох бүрд аав ээжийгээ ч, тэр хүүхдүүдийг ч үзэн ядах шалтгаан нь болж байдаг байх.
Энэ ертөнцөд хүн болж төрчихөөд өөрийн бяцхан оюун ухаандаа амьдралын учрыг ойлгож ядаж байгаа, хүмүүсийг таних гэж хэрдээ будилж яваа хүүхдүүдийг томчууд бид л бусдыг үзэн ядах сэтгэлгээнд дасгаж байна бус уу? Тэд заавал өөр хоорондоо адилхан байх албагүй, өөр өөрийн гайхамшигт ертөнцтэй гэдгийг бид өөрсдөө ухаарч ойлгодоггүй. Өөрөө хүүхэд байгаагүй, яг л том чигээрээ төрчихсөн юм шиг аяглах.
Хүүхдүүдийг сургуулийн босгоор баяр хөөртэй, урам зоригтой алхаж орсон цагаас нь багш нар шууд л дүнгээр ялгаварлан гадуурхдаг. Түүнийгээ бүх хүүхдүүдийн өмнө баяр бахдалтайгаар албан ёсоор зарлана гээч. Хүүхдийн хувьд авсан анхны "муу" дүн амьдралын "хар толбо" болж үлддэг төдийгүй, бусад хүүхдүүдээсээ ичих хэрээрээ тэднийг үзэн ядах шалтгаан нь болж хувирна.
Хүүхдүүдийн оюун санааг дүнгээр үнэлж, нэг хэсгийг нь магтан дуулж, нөгөө хэсгийг нь муучлан гадуурхах нь ургаж буй сайхан цэцэгсийн гоёмсог дэлбээг хурц иртэй хайчаар хярган хаях адил гэмт үйлдэл юм. Шинэ жилээр "Хэн гацуур модоо олон онцоор чимэх вэ?" нэртэй уралдаан болж хүүхэд болгон дүнгийн хойноос улайран уралдан өрсөлдөцгөөнө. Өнөө хэр нь мэдлэг чадварт биш дипломд итгэдэг муу үзэгдлийн эхлэл нь энэ байлаа.
Тэр үед "Онц" сурлагатан байсан олон хүүхдүүд болон боловсролын муу тогтолцоог эсэргүүцэн сахилгагүйтдэг байсан зарим хүүхдүүдийн өнөөгийн амьдралын түвшинг харьцуулан харахдаа би заримдаа харамсдаг. Бараг 20 жил багш, захирлаар ажиллаж байсан миний хувьд энэ бүхнийг өнөөдөр сэтгэлдээ шаналан мэдэрдэг.
Хүүхэд болгоныг дандаа урамшуулж, харин авч буй дүнг нь бусдад огт мэдэгдэхгүйгээр дугтуйнд хийн эцэг эхэд нь хүргүүлэхдээ "яг юунд дээр хэрхэн анхаарах учиртай"-г зөвлөдөг байсан бол? Одоо ч хэрэгжүүлж чадвал олон хүүхдүүдийг өөрчилж чаднаа.
Сая цагаан сарын өмнө баахан "шагналын хур" буув даа. Шагналын хур буух болгонд араас нь ёс юм шиг шүүмжлэл дагана.
-Энэ бол ёстой нүдээ олсон шагнал байлаа
-Энэ юу хийсэндээ одон тэмдэг авдаг юм бэ? Ичмээр юм
-Хүүе нөгөө хэний аав нь одонгоор шагнуулсан байна шүү дээ, Дараа жил хөөцөлдөж байгаад аавыгаа шагнуулах юм байна шүү. Аав минь гомдох байх.
Зүгээр л хийх ёстой ажлаа сайн хийж байгаа хүмүүсийг шагнадаг одон тэмдгүүдийг их мөнгө дагалддаггүй болохоор Төрийнхэнд гарз үгүй бололтой. Хэрэв нэг одон тэмдгийг 1 сая төгрөг, "Гавьяат" цолыг 10 сая төгрөг, "Баатар" цолыг 100 сая төгрөг дагалддаг жишиг тогтвол ингэж тараах болов уу? Эзнээ олсон шагналаас гадна эзнээ олоогүй шагналууд бусдын дургүйцлийг хүргэж, бие биенээ дооглон доромжлох шалтгаан нь болж байна.
Эцэс сүүлдээ үүрэгт ажлаа ухамсартайгаар хийхийн оронд шагнал авахын төлөө хийдэг, ажлаа жаахан гайгүй хийчихвэл "Намайг шагнасангүй" гэж гомддог, олон нийт сошиал мэдээллээр хэн нэгэнд шагнал өгүүлэх гэж уриалах бүхэн нь бидний сэтгэлгээг маш ихээр бохирдуулж байна даа.
Утга учиргүй шагналууд хүмүүсийг хагаралдуулж, бас бухимдуулж, бие биенээ үзэн ядах олон шалтгааны нэг нь болж байна. Монголчууд бид дандаа л өөр хоорондоо уралдаж, бие биетэйгээ барьцаж, түрүүлэхийн тулд муу арга бүхнийг сүвэгчилдэг үйлтэй хүмүүс юмаа.
...Хүн болгон өөр хоорондоо адилгүй өвөрмөц ертөнцүүд. Заавал бусадтай уралдан түрүүлж, эсвэл хоцорч байх албагүй. Мэдлэггүй байж эрдэмтэдтэй барьцаад, авьяасгүй байж авьяастай хүнтэй барьцаад, дуулж чадахгүй байж дуучинтай барьцаад , барилдаж чадахгүй байж бөхчүүдтэй барьцаад л байж болохгүй шүү дээ.
Тэдний энд хүрэхгүй байж, хорссондоо тэднийг үзэн ядаад, алдааг нь отоод, олсон алдаанд нь баярлан бусдад муучлаад, өөрөө чадахгүй байж байнга шүүмжлээд байх хэрэггүй дээ. Хүн болгонд ӨГӨГДӨЛ байгаа. Өөрийгөө таньж, өөрийн өгөгдлөө хөгжүүлж байж л амжилтад хүрдэг.
Тэгж чадахгүй бол ядаж ХҮН шиг амьдрах хэрэгтэй юм шүү дээ. Өөрийгөө хөгжүүлж чадахгүй бол ядаж тайвшраад, өрөөлийг үзэн ядахын оронд өөрийнхөөрөө ойлгон дэмжээд, шуналаа дарж амьдралаа аятайхан авч яваад, боломж тань хүрвэл бусдад туслаад боломж тань болохгүй бол бусдад гай бололгүй мөрөөрөө амьдраад явахад хичнээн амар гээч.
Энэ ертөнцөд таныг заавал баян, эсвэл алдартан, суут ухаантан бол гэж заяагаагүй юм шүү дээ. Тийм үүрэг хариуцлага ч үгүй. Харин амар амгалан тайван амьдарч, бусдад тусалж, бусдыг хайрлаж бай гэж л ирүүлсэн. Тийм ч хэцүү биш шүү дээ.
Хүн болгон хувь тавилангаа өөрөө л бүтээдэг. Бас бусдын хувь тавиланг бүтээдэггүй, тийм боломж ч үгүй. Харин бид хамтдаа нэгэн дэлхий дээр адил хугацаанд аж төрж буй. Цуварч энэ дэлхий дээр ирээд цуваад л буцаад явна. Бид энэ дэлхийгээс амьд буцахгүйн адил юу авч явж чадахгүй.
Бидний энэ дэлхий дээр аж төрж байхдаа бүтээсэн сайн муу бүхэн үлдэнэ. Цагийн урсгал дунд ихэнхи нь мартагдана. Тэгэхээр амьдарч буй энэ богино хугацаанд бид юугаа булаалдаж, юуны төлөө муудалцаж, яах гэж бие биенээ үзэн яднам билээ? Тэр тусмаа аугаа түүхтэй цөөхөн монголчууд бид.
Зүгээр л бие биенээ байгаагаар нь ойлгоод, байгаагаар нь хайрлаад, байгаагаараа дэмжээд амьдрахад л болно шүү дээ. Монголчууд биднийг ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ гэж зүгээр нэг хэлээгүй байх аа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна