Өдөр бүр л бид боломжгүйн талаар ярилцдаг. Жишээлбэл: хичээлдээ хоцорч байгаа маань замын түгжрэлтэй холбоотой, сургалтын төлбөр өндөр байгаа тул суралцахад хэцүү байна, багш муу байгаа тул миний мэдлэг дутмаг байна, номын сан их хүнтэй байгаа учираас ном хүрэлцэхгүй байна гээд боломжгүйн тухай, бэрхшээлийн талаар бид үргэлж гомдоллодог.
Угтаа замын түгжрэл их байна гэдэг бол чи илүү эрт босох ёстой гэсэн үг, багш муу байна гэж өөрийгөө зөвтгөхийн оронд багшийн хэлснээс илүүг өөрөө олж мэдэх хэрэгтэй. Товчхондоо боломжгүйн цаана л шинэ боломж байдаг.
Бидний тоочдог бас нэг зовлон бол бэрхшээл. Бэрхшээлийг эрхшээлдээ оруулж, хэцүү зүйл амархан болох хүртэл чи боломжгүйн цаадах шинэ боломжийг олж харахгүй. Шувуудыг нисэхэд агаарын даралт бэрхшээл болдог. Шувуудыг бэрхшээлээс нь салгаж вакуум орчинд нисгэх гээд үзвэл, шувууд нисэх нь бүү хэл газраас ч үл хөндийрнө. Бэрхшээл бол чамайг амжилтанд хөтлөх алтан гадас мөн.
Бэрхшээл хаана байна - тэнд боломж буй.
Боломж гэж юу вэ? Ашиглаж чадсан боломж амжилтын эхлэл болдог бол ашиглаагүй алдсан боломж чамайг дэмий мөрөөдөгч болгодог. Боломжийг ирсэн цагт нь ашиглаж чадахгүй байх нь өнгөрсөн борооны араас цув нөмрөхтэй ижил инээдтэй зүйл мөн.
Зарим хүн надад боломж алга би азгүй хүн гэж ярьдаг. Үнэндээ боломж хэнийг ч тойрдоггүй. Гол нь боломжийг ирэх мөчид чи бэлэн байх ёстой. Боломжийг ирэх мөчийг хүлээгээд дэмий хэвтэх биш ирэн иртэл нь өөрийгөө бэлд.
Хичээл зүтгэл ямагт үнэлэгддэг.
Оюутан ахуй нас бол боломжид өөрийгөө бэлдэх хугацаа мөн. Монголчууд эртнээсээ нааш аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэх гэж ярьдаг. Оюутан ахуй насаа үр бүтээлгүй, дэмий сэлгүүцэн өнгөрүүлбэл аманд орсон шар тосыг шууд нулимаад хаяхтай л адил.
Өнөөдрийн оюутнуудад хэнээс ч илүү боломж байна. Хүссэн сургуульдаа дуртай мэргэжлээрээ суралцах боломж байна уу? байна. Бүр дэлхийн аль ч улсад суралцах боломж байна. Гол шалгуур нь чиний мэдлэг. Нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчидог хүн оюутан та нараас өөр байна уу? Сургалтын төлбөр өндөр байна уу? Чамайг сурсаны чиний төлөө урамшуулах олон янзын оюутны тэтгэлэг, төрөл бүрийн уралдаан тэмцээн гээд өөр хэнд ч байхгүй тийм олон боломж чамд л ганцхан байна. Гол чи үр дүнтэй суралцаж, чадварлаг мэргэжилтэн л болох хэрэгтэй.
Бусадтай ижил гараанаас, тэгш эрх, тэнцүү боломжтойгоор уралдсан уралдаанд чи түрүүлэхгүй бол өөр хэн нэг нь түрүүлж л таараа. Ардчилалд гарааны тэгш эрх байхаас биш барианд зэрэг орох боломж үгүй.
Эцэст нь хэлэхэд ихэнх хүн боломж хаалгыг балбаж нүдсээр байхад дүлий мэт унтсаар байдаг бол зарим хүн боломж ирэхийг хүлээж зүгээр л хэвтэж байдаг харин цөөхөн хэсэг нь боломж хэзээд ирнэ гэдгийг мэддэг бөгөөд боломжийг ирэх үед бэлэн байхын тулд сурч, боловсорч, бэрхшээлийг даван туулсаар амжилтанд хүрдэг.
Эх сурвалж: mlctraining.mn
202.55.188.89
Боломж
Хариулах