А.Одончимэг: Тархины саажилттай хүүхдийг үнэгүй хүлээж авах сувиллын барилгыг босгох “Халуун сэтгэл-1000 төгрөг” хандивын аяныг санаачиллаа

2017/03/25
"Халуун сэтгэл-1000" төгрөгийн аяныг санаачлан тархины саажилттай хүүхдүүдэд тусалж яваа эмэгтэй бол А.Одончимэг. Тэрбээр Шаргалжуутын рашаан сувиллын хажууд 6 монгол гэр барин түүндээ тархины саажилттай хүүхдүүдийг хүлээн авч, өдрийн гурав хооллож, тэдэнд тусалж, асран хамгаалагчдад нь дэмжлэг үзүүлдэг билээ. Ийнхүү 20 жил “Халуун болор” төвийн үйл ажиллагааг явуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үнэгүй туслах ажлыг явуулсаар ирсэн “Халуун болор” төвийн үүсгэн байгуулагч А.Одончимэгтэй ярилцлаа.

-Халуун сэтгэл аяныг яагаад санаачлах болов гэдгээс яриагаа эхэлье?

-Хүүхдийн төлөө “Халуун болор” төв үйл ажиллагаагаа явуулж эхлээд 20 дахь жилтэйгээ золгож байна. 20 жилийнхээ ойн хүрээнд 20 буянтай үйл хийх санаачилгыг гаргалаа. Мөн “Халуун болор” төвийн Удирдах зөвлөлийн дарга асан Л.Одончимэд гуайнхаа дурсгалыг хүндэтгэж сайн үйлсийн ажлаа үргэлжлүүлж байгаа юм. Ойн ажлынхаа хүрээнд төвийнхөө ашиглаж байсан зургаан монгол гэрийг орон гэргүй болсон өрхөд бэлэглэсэн. Ийнхүү төвийнхөө үйл ажиллагааг явуулж байсан гэрээ бусдад өгч, тусламжийн гаргаа сунгасны дараагаар бид төвөө байшин барилгатай болгоё гэдэг том зорилго тавин ажиллаж байна даа. Талийгаач Л.Одончимэд маань 2015 онд н.Дорж захиралтай барилгын зураг төслийн хамт олны хамт “Халуун болор” төвийн барилгын зураг төслийг хүлээлгэж өгсөн юм. Төвийнхөө барилгыг барихын тулд нийт 285 сая төгрөг хэрэгтэй. Би олон жилийн өмнө тархины саажилт өвчний улмаас өөд болсон анхны хүүгийнхээ, харин Л.Одончимэд гуай маань зээ хүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж тархины саажилттай хүүхдүүдэд туслах энэ төвийг байгуулж байсан.

Баянхонгорын Шаргалжуутын рашаан сувилалд жилд 2000 орчим тархины саажилттай хүүхдүүд ирж, эмчилгээ хийлгэдэг. Рашаанд гурван жил дараалан явсаны дараа 60-70 хувийн эдгэрэлт өгдөг учир ээж аавууд энэ рашааныг зорих нь их. Саажилттай хүүхдүүдийн ээжүүдийн олонхи нь өрх толгойлсон байдаг. Хүүхэд өөрөө 24 цагийн асаргаа сувилгаа шаардлагатай байдаг учраас гэр бүл салах явдал гарах нь их бий л дээ. Үр хүүхдээ гэсэн ядарсан эцэг эхчүүд рашаанд ирэх үед нь би үнэгүй хоол хийж өгч, тэдэнд чадах чинээгээр туслахыг хичээсээр ирсэн. Иргэд, аж ахуйн нэгжийн сайн санааны хандиваар тэдгээр хүүхдүүдэд хувцас, тоглоом, тэрэг өгч, хоол ундаар үнэгүй хангадаг. Энэ ажлыг би 20 жил хийж ирлээ. Иймээс л халуун сэтгэл аяныг өрнүүлж, барилгатай болох зорилгыг тавиад явж байна. Халуун сэтгэл аяныг өрнүүлэхдээ нэг хүн 1000 төгрөг хандивлахыг уриалж, тархины саажилттай хүүхдүүд Шаргалжуут рашаанд ирж эмчлүүлэхдээ бидний босгосон барилгад үнэгүй хоол ундаар хангагдаж, үнэгүй байрлах боломжоор нь хангах бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм. 285 мянган хүн 1000 төгрөг хандивлахад л тархины саажилттай хүүхдүүдэд тусалж, тэднийг барилгатай болгож чадах нь гэж харж энэ аяныг санаачилсан.

-“Халуун болор” төв Шаргалжуутад 20 жил үйл ажиллагаа явуулж, тархины саажилт өвчнөөр шаналж яваа бяцхан хүүхдүүдэд тусалжээ. Энэ хугацаанд танай төвд хэчнээн хүүхдүүд хандаж байв?

-Эрүүл мэндийн яам, Статистикийн ерөнхий газартай хамтраад манай төв 2007 онд судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаагаар жилд манай улсад 68 мянган эх төрдөг. 1000 төрөлт тутамд 1-2 тархины саажилттай хүүхэд мэндэлдэг гэсэн судалгаа бий. 2007 оны байдлаар гэхэд тархины саажилттай 6712 хүүхэд байсан. Саяхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Тэгш дүүрэн” төв Монгол Улсын хэмжээнд 150 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас тархины саажилтын эмгэгтэй хүүхэд 15 мянга орчим байна гэсэн судалгаа хийсэн юм билээ. Өнгөрсөн хугацаанд “Халуун болор” төв давхардсан тоогоор 2570 орчим хүүхдийг Шаргалжуутын рашаан сувилалд очиход нь өдрийн 3 удаагийн хоол, гэр, тоглоомоор үйлчилсэн байдаг. -Тархины саажилттай хүүхдүүдтэй хамгийн ойр ажилладаг хүний хувьд энэ өвчний уг шалтгаан нь юунаас болж байна гэж хардаг вэ? -Харилцан адилгүй шалтгаан бий л дээ. Тархины саажилт өвчнөөр хүүгээ алдсан эх хүний хувьд би төрөх эмнэлгийн үйлчилгээ муу байгаагаас болж байна гэж хардаг. Харин яамны зүгээс бол цус ойртсоных, архи, тамхины хэрэглээ өндөртэй байгаагаас тархины саажилттай хүүхэд төрж байна гэж тайлбарладаг. Иймээс л харилцан адилгүй шалтгаантай гэж хэлээд байгаа юм. Миний хувьд эмчийн алдаанаас болж хүүхдээ тархины саажилттай болгож байсан юм шүү дээ. Манай Шаргалжуутад 5 мэдрэхүй сэргээх рашаан, оюун ухаан, мэдрэл сэргээх рашаан бий. Энэ рашааныг л саажилттай хүүхдүүд зорьж очдог доо. -“Халуун болор” төвөөр дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэргэнцэртэй болдог гэж дуулсан юм байна? -Үүнийг хийж эхлүүлснээрээ би бахархаж явдаг юм. Саажилттай хүүхдүүдэд тэргэнцэр маш их хэрэгтэй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүд манай төвөөр дамжуулан тэргэнцэрээ өөр хоорондоо солих, нэг нэгэндээ өгөх, хандивлах, том тэргэнцэрийг жижгээр сольж авах гээд олон ажлыг явуулдаг. Улаанзагалмайн нийгэмлэг, Зориг сан, Хүмүүнлэгийн тэргэнцэр байгууллагын тусламжтайгаар нийт 700 гаруй хүүхдийг тэргэнцэртэй болгож өгсөн.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг байлгаж, тэдэнд үнэгүй хоол өгөхийн цаана санхүүжилт зайлшгүй хэрэг болох нь мэдээж. Энэ бүгдийг хэрхэн зохицуулдаг вэ?

-
Тэгэлгүй яах вэ. Өдөрт 2 хонины мах байвал бидний хоолны норм болчихож байгаа юм. Үүнийг олохын тулд талх, нарийн боовны худалдаа хийнэ, хоолны захиалга авна, амрагчдад зориулж өдөрт 500 төгрөгийн үнэтэй нийтийн бүжгийг явуулах гэх мэт ажлыг зохион байгуулдаг. Мөн жижиг хүнсний дэлгүүр ажиллуулж, олсон орлогоороо санхүүжиж, хүүхдүүдэд тусална гэсэн зорилготой байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалдаг олон сайн хүмүүс бий. “Жаст” группийн Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэрийн” захирал асан Х.Наранхүү, Улаанзагалмайн нийгэмлэгийн дарга асан Л.Одончимэд гуай, миний гэр бүл, найз нөхөд гээд олон сайхан хүмүүс санхүүжилт өгч, хүүхдүүдэд тусалдаг. “Халуун болор” төвийнхөө барилгын санхүүжилтийг босгохын тулд ард түмнээс 1000 төгрөгийн хандив өгөхийг уриалж байгаа. Үүнээс гадна би хайлмаг, боорцог хийж зарахаар бодолтой байна. Би хоол сайн хийдэг учир өөрийн хийж чадах ажлаа эхлүүлж, хүмүүсээс зүгээр хандив гуйх бус хийснээ зарж, түүгээрээ санхүүжилтээ босгоё гэж бодож сууна. ​

 -Төвийн шинэ барилгын зураг төсөл ямар байгаа вэ, хэдий хэр хэмжээний хүүхэд хүлээж авах боломжтой болох бол?

-Хоёр давхар барилга байх юм. 1 давхар нь хоолны танхим, хүүхдийн тоглоомын талбай байна. Харин хоёр давхар нь 10 өрөөтэй, нэг өрөө нь хоёр ортой байхаар зураг төсөл гарсан. Нэг ээлжиндээ 20 хүүхэд хүлээж авна. Жилд дунджаар 500-750 орчим хүүхдийг өдрийн гурван удаагийн хоол, тав тухтай байраар хангахын төлөө л зорьж байгаа юм. Ингэхдээ хүүхдээс нэг ч төгрөг авахгүй. Харин байрны ашиглалтын зардал гэж гарна. Тиймээс хүүхдийн асран хамгаалагчаас ор хоногийн мөнгө авахаар төлөвлөсөн. Мэдээж тус рашаан сувиллын үнэ өртгөөс хямд байх юм. Манай улсад тархины саажилттай хүүхдийн ганц л сувилал байдаг. Бөхийн өргөөний ард байрладаг 10 дугаар цэцэрлэг гэж бий. Манайх нийслэлээс хол байдаг болохоор биднийг олон нийт мэдэх нь бага. Зөвхөн саажилттай хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн хүрээнд л танигдсан байдаг. Энэ хүрээнд л үйл ажиллагаагаа явуулж байна.

-Тархины саажилттай хүүхдүүдэд монголчууд тусламжийн гараа сунгана гэдэгт итгэлтэй байна. Та бүхний санаачилсан халуун сэтгэл-1000 төгрөгийн аяныг олон хүн дэмжиж туслах байх аа?

-
Хүүхдийн төлөө “Халуун болор” төвийн 20 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд бид Шаргалжуут рашаан сувиллын дэргэд тархины саажилттай хүүхдүүдэд зориулсан асрамжийн төв барилгатай болох зорилгыг тавиад ажиллаж байна. Иймд халуун сэтгэл-1000 төгрөгийн аянд нэгдэхийг нийт монголчуудаасаа хүсэж, уриалж байгаа юм. Таны, бидний хандивласан 1000 төгрөг тархины саажилттай олон мянган хүүхдүүдэд зориулсан тав тухтай сувилал болох юм. Хүчирхэгээр нэгдэж, хүүхдийн төлөө давалгаалаарай гэж уриалмаар байна. Бидэнд барилгаа босгоход 285 сая төгрөг хэрэгтэй. 285 мянган хүн 1000 төгрөг хандивлахад сувиллын бяцхан байраа босгох боломжтой болох юм шүү гэж сайхан сэтгэлт монголчууддаа уриалъя.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна